ЖУУЛЧИД: Японд ихэнхдээ настай хүмүүстэй хамт алхдаг бол монгол алхагчид маш залуухан байгаа нь үнэхээр хүч өгч байна
НийгэмМонгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгууллаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус олон улсын явган аялалд БНСУ-ын 88 алхагч, Япон улсын таван алхагч, Монгол Улсын 200 орчим алхагч оролцсон юм.
Хонхор орчимд нэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хоёр зам тохижуулаад байна
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Жэжү Оллэ нийгэмлэгийн зүгээс 2016 онд Улаанбаатар хотод явган аяллын жим гарган тохижуулах саналыг манай байгууллагад тавьсан. Ийнхүү манай байгууллагаас тус санаачилгыг дэмжин гурван байршилд алхалтын жим тохижуулсан. Тодруулбал, Хонхор орчимд нэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хоёр зам тохижуулаад байна.
Цаашид хот орчмын ногоон бүсэд хоёр зам нэмж тохижуулахаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Уг жимийг тохижуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжсэнээр жуулчид, алхагчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Тус нийгэмлэгээс зөвхөн алхаад зогсохгүй тухайн нутагт амьдарч буй иргэдэд нэмэлт орлого оруулах үүднээс гар урлалын чиглэлээр сургалт ордог.
Мөн англи, солонгос хэлний сургалтуудыг ч зохион байгуулдаг. Иргэд сургалтаар олж авсан мэдлэгээрээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэн, бүтээгдэхүүнээ монголдоо болоод БНСУ-д худалдан борлуулах боломжтой болсон” хэмээв.
Энэ жилийн явган аяллын фестиваль долоодугаар сарын сүүлээс эхэлсэн бөгөөд долоо хоног бүр 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр алхжээ.
Харин энэ зуны тав дахь удаагийн групп аялалд гурван орны 300 орчим алхагчид оролцон, 12.8 км замыг тууллаа. Алхах явцдаа хоёр км орчим замын хогийг цэвэрлэн байгаль орчиндоо цэвэрхэн, соёлтой алхахыг уриалав.
Явган аяллын фестивальд найман настай балчраас 80 настай буурал хүртэл оролцон, хамтдаа нэг өдрийг мартагдахааргүй өнгөрүүлсэн юм. Монгол оллэгийн гуравдугаар маршрутаар алхсан аялагчид сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.
Есөн настай Пак Сэ Пёль:
-Намайг Пак Сэ Пёль буюу Шинэ-Од гэдэг. Би есөн настай. Монголд жаахан халуун байна. Өмнө нь ийм хол алхаж байсангүй. Зөвхөн ууланд л алхаж байсан. Маш их ядарч байгаа ч замаа дуустал нь алхах болно.
БНСУ-аас ирсэн жуулчин Ким Ён Ху:
-Би Монголд анх удаа ирж байна. Монгол орон миний төсөөлснөөс ч өргөн уудам тал нутагтай, сайхан байгальтай юм. Өмнө нь Жэжү оллэгийн замаар хоёр удаа бүтэн тойрсон. Одоо Монголд байгаа гурван замаар алхах зорилготой байна. Үүний дараа Япон улсад байгуулсан аяллын замаар алхах төлөвлөгөөтэй байгаа. Монголд дараа жил заавал ирж соёл, ёс заншилтай нь танилцах болно.
“Монгол Оллэ” ТББ-ын гишүүн М.Амартүвшин:
-2017 оноос эхлэн Монгол оллэгийн талаар мэдэж, явган алхалтад нь хамрагдан, гар урлалын бүтээгдэхүүний сургалтад суусан. Сургалтад сууснаар эсгий урлал, нэхмэл болоод саван зэргийг хийж сурлаа. Настай хүн гээд хойш суух биш өөрийн гараар бүтээгдэхүүн урлаад суухаар маш сонирхолтой байдаг. Бүтээлээ урлаж дууссаны дараа өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг дөө. Өнөөдрийн хувьд хийсэн бүтээгдэхүүнүүдээ аялагч нартаа борлуулахаар ирсэн. Явган алхах мэдээж эрүүл мэндэд тустай. Хөдөлгөөний дутагдлаас тодорхой хэмжээнд сэргийлнэ. Тиймээс аль болох алхаж байгаарай гэж хүмүүст зөвлөмөөр байна.
Япон Улсаас ирсэн жуулчид:
- Монголд анх удаа ирж байна. Маш үзэсгэлэнтэй орон юм. Япон улсын Кюушу арал дээрх Кюушу оллэ замаар маш олон удаа алхсан. Кюушу оллэ болон Монгол оллэ замын байгаль эрс тэс өөр байгаа болохоор сэтгэгдэл өндөр алхаж байна.
Японд ихэнхдээ настай хүмүүстэй хамт алхдаг бол өнөөдөр хамт алхаж буй монгол алхагчид маш залуухан байгаа нь үнэхээр хүч өгч, сайхан санагдаж байна. Монголд ирээд маш олон төрлийн хоол идсэн. Бүгд үнэхээр амттай байлаа. Дараа дахин ирж танай орноор заавал аялах болно.
Жэжү оллэ” нийгэмлэг Япон Улсын хоёр хотод аяллын зам тохижуулж байсан бөгөөд Монгол Улсыг гурав дахь орноор сонгон, гурван аяллын замыг тохижуулаад байгаа юм. Ийнхүү тохижуулахдаа том бүтээн байгуулалт хийх бус аялагч нарыг төөрөхөөс сэргийлж замын маршрут, чиглэл заасан тэмдэглэгээ болон амрах, суух цэгийг байгальд ээлтэй байдлаар шийдэн тохижуулсан аж.