Ерөнхий сайд ОХУ-д ажиллахдаа Эгийн голын, төмөр зам, шатахууны асуудлыг ярилцана
Улс ТөрЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулга уулзалтад оролцох аж. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрээр “НҮБ-ийн Ерөнхий ассамблейн ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцох төлөвтэй байна. Ерөнхийлөгч Нью-Йорк хотноо ажиллаж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
Мөн ОХУ-ын Владивосток хотноо болох “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулга уулзалтад Ерөнхий сайд оролцоно. Энэхүү уулзалт нь жилд хоёр удаа тогтмол зохион байгуулагддаг. Манай улс Ерөнхийлөгчийн түвшинд байнга оролцсоор ирсэн. Ерөнхий сайдтай хамт Гадаад харилцааны дэд сайд дагалдаж явна. Бид эргэн тойрондоо болж буй эдийн засгийн үйл явцын гадуур үлдэхгүй, аль болох оролцоогоо нэмэгдүүлж, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, томоохон төслүүдээ үргэлжлүүлж байх нь манай улсын ашиг сонирхолд нийцдэг. Швейцарын Давост болдог Дэлхийн эдийн засгийн форум, БНХАУ-ын Боаод болдог Азийн чуулга уулзалтад ч мөн адил өндөр дээд түвшинд оролцдог. Ингэхдээ чуулга уулзалтуудын боломжийг дээд хэмжээгээр ашиглана гэсэн зорилтыг тавьж сайтар бэлтгэн оролцдог.
Энэхүү чуулга уулзалтаар Ерөнхий сайд улс төрийн оролцооноос гадна эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцахаар төлөвлөсөн. Хоёр талын яриа хэлцлийг олон улсын түвшинд урагшлуулах, оролцооны хүрээг өргөжүүлэхэд эдийн засгийн чуулга уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн форумд маш тодорхой зорилттой оролцоно.
Нэгд, Эгийн голын УЦС, баруун босоо, зүүн босоо төмөр замын тэнхлэг, төмөр замын төв коридорын асуудал, эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон Засгийн газрын гишүүд, томоохон компанийн удирдлагуудтай уулзана.
Хоёрт, манай улс гадаад бодлогоор хоёр хөршийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг гуравдагч хөршүүд маш сайн ойлгодог. Мөн манай хоёр хөрш манай улсыг гуравдагч хөршүүдтэй харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзлийг ойлгодог. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бүх бүс нутгийн санаачилга, эргэн тойронд болж буй үйл явдалд тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлолготой гэдгийг дэлхий нийтэд харуулах гол хүчин зүйл гэдгийг онцлон хэлье” гэлээ.
-Япон улс манайд үзүүлдэг тусламж, хөтөлбөрүүдээ зогсоосон гэж үнэн үү?
-Бодит байдалд нийцэхгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ийнхүү худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг үүсгэх гэсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж болно. Монгол Улс Япон улстай стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж байгаа. Энэ онд Монгол-Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши тавдугаар сард албан ёсны айлчлалыг хийж, ирэх 50 жилийн харилцаа хэтийн төлвийн талаар ярилцаж, харилцааны түвшинг ахиулах чиглэлд хамтран ажиллахаа тохирсон.
Амралтын өдрүүдэд БНСУ-ын транзит нислэг визтэй болсон гэдэг мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл. Ийм ташаа мэдээллийг сэтгүүлчид сайн ойлгож, гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөх ажилд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.
Зориудаар тараасан худал мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна.