Ж.Соронзон: БШУ-ны сайд халлаа гээд би гүйгээд явж чадахгүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-15 12:14:26

МОХС-ийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх БШУ-ны сайдын тушаал гарсан ч тус тушаалын дагуу ажлаа хүлээлгэж өгөх бодолгүй байгаа аж.  

Тэрбээр: “Сайдын тушаал гарсан ч миний ажлаа өгөх асуудал хуулийн дагуу явах ёстой. Нэгдүгээрт Оросын талтай зөвшилцөнө, хоёрдугаарт удирдах зөвлөлийн хурлаар орж асуудлыг шийднэ. Тэрний дараа ажлаа өгөх асуудал яригдах ёстой.

"Ажлаа өг" гэж бужигнуулаад тэрийг нь эцэг, эхчүүд эсэргүүцэж жагсаал хийж, янз бүрийн л юм болж байна. Зарим нь сайдын даалгаврыг биелүүлж явна гээд аргаа барсан л байх юм. 

Энэ бол тамга дамжуулж өгчхөөд алга болчих асуудал биш. Манай сургууль бол Оросын холбооны улсын өмч. Засгийн газрын хоорондын хэлэлцээрт нь ч байгаа, гурван яам хоорондын гэрээнд ч байгаа зүйл. Энэ сургуулийн өмч хөрөнгийг захиран зарцуулах бүх эрхийг надад хүлээлгэж өгсөн. БШУ-ны сайд халлаа гээд гүйгээд явж чадахгүй. Удирдах зөвлөлөөр бүх асуудал шийдэгдсэний дараа ажлаа хүлээлгэж өгөх эсэхээ шийднэ. Орос-Монголын хооронд яригдах том асуудал” гэжээ.


Холбоотой мэдээ