Дайчилгаанд дургүйцсэн оросуудыг бухимдуулахгүйн тулд ОХУ хилээ бүрэн хаахаар яарахгүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-29 06:27:00

ОХУ-ын эрх баригчид Украины эзлэгдсэн нутгуудыг Оросын бүрэлдэхүүнд оруулахаар олон нийтийн санал асуулга явуулсан. Энэ санал асуулга есдүгээр сарын 27-ны өдөр дууссан бөгөөд өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улс, түүнчлэн Запорож, Херсон мужуудын эзлэгдсэн нутгуудын захиргааныхан "Орост нэгдэх олон нийтийн санал асуулга"-ын эцсийн дүнг тайлагнажээ. 

Луганск- олон нийтийн санал асуулгын ирц 92,6 хувьтай, оролцогчдын 98,42 хувь нь нэгдэхийг дэмжсэн

Донецк- олон нийтийн санал асуулгын ирц 97,51 хувьтай, оролцогчдын 99,92 хувь нь нэгдэхийг дэмжсэн

Запорож муж- олон нийтийн санал асуулгын ирц 85,4 хувьтай, оролцогчдын 93,11 хувь нь нэгдэхийг дэмжсэн

Херсон муж- олон нийтийн санал асуулгын ирц 76,6 хувьтай, оролцогчдын 87,05 хувь нь нэгдэхийг дэмжсэн  гэсэн мэдээг Оросын талыг баримтлагч захиргааныхан тайлагнажээ.

Ингээд, Оросын талыг баримтлагч захиргааны тэргүүнүүд бүс нутгуудыг Орост нэгтгэх хүсэлтийг Владимир Путинд хэдийнэ гарагсан гэнэ. Оросын хуулинд зааснаар эдгээр бүс нутгийг нэгтгэхэд дараах шатыг дамжина. Үүнд:

 Орос улс Херсон болон Запорож мужийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Өмнө нь энэ дайн эхлэхээс өмнө Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг ийнхүү тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч байв.

Оросын Ерөнхийлөгч болон "ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх" нутаг дэвсгэрийн захиргааны тэргүүнүүд холбогдох гэрээнд гарын үсэг зурна. Энэ гэрээний текстийг ОХУ-ын Үндсэн хуулийн дүн шинжилгээгээр оруулах ёстой.

Үүний дараа нэгтгэх асуудлыг Төрийн дум болон Холбооны зөвлөл дэмжих ёстой.

Эцэст нь Украины нутаг дэвсгэрийг өөрийн болгох шийдвэрийг Путин батална.

Энэ бүх үйл явц есдүгээр сарын 30 гэхэд дуусна гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. Харин Оросын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко эдгээр мэдээллийг үгүйсгэж, сенатчид ээлжит бус хурал зарлахгүй, харин нутаг дэвсгэрүүдийг нэгтгэх тухай асуудлыг 10 дугаар сарын дөрөвний өдөр болох ээлжит хуралдаан дээр авч хэлэлцэнэ хэмээн мэдэгджээ.

Гэхдээ Төрийн дум Украины нутгуудыг эзлэн түрэмгийлэх хуулийн төслийг яаравчлан хэлэлцэхээр бэлдэж байв, энэ талаар Оросын төрийн хэвлэл мэдээллийн агентлагууд ч мэдээлж байлаа. Харин дараа нь өөр мэдээлэл гарсан бөгөөд Думын дарга Вячеслав Володин дээрх асуудлыг хэлэлцэх хурал 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болно хэмээн мэдээлсэн юм.

 

Медуза сайтад нэрээ нууцалсан эх сурвалжуудын өгсөн мэдээллээр, Кремль "үйл явдлыг хурдасгах гэж яарахгүй" байгаа гэнэ. Учир нь Орон даяар хэсэгчилсэн дайчилгаа зарласан нөхцөлд Украины нутгуудыг нэгтгэхээс үүдэлтэй "пиар үр дүн" гарахгүй, энэ нутаг Орост үнэхээр хэрэгтэй гэж оросуудад итгүүлж хараахан чадаагүй байгаа гэдгээ Кремль ухаарч байгаа гэнэ. 

 Үүний зэрэгцээ, дээрх нутаг дэвсгэрүүдийг бүрэлдэхүүндээ нэгтгэх шийдвэрийг албан ёсоор гаргахаар яарахгүй байгаа нь Украины асуудлаар барууны орнуудтай хэлэлцээ хийх "завсар үлдээх" зорилготой гэж Кремльд ойр эх сурвалж Медуза сайтад мэдээлжээ.

Мөн ийм шийдвэр гаргахаар яарахгүй байгаа нь олон шалтгаантай, тэр дундаа оросууд дайчилгаанд дургүйцэж байгаа нь Кремлийн хувьд толгойн өвчин болсон гэнэ. Оросын Ерөнхийлөгчийн захиргаанд ойр эх сурвалж Медуза сайтад мэдээлэл өгөхдөө, Кремлийн захиалгаар Орост дайчилгаатай холбоотой нууц, олон нийтийн санал бодлын судалгааг явуулсан бөгөөд үр дүн нь эрх баригчдад "таалагдаагүй" хэмээн онцолжээ.

Дайчилгаанд дургүйцэж байгаа хүмүүсийн бодлыг өөрчилнө гэж Кремль найдаж байгаа, тэр дундаа суртал ухуулагчдыг ашиглана гэж тооцоолж байгаа хэмээн эх сурвалж өгүүлжээ.

Оросуудын бодол санаанд нөлөөлөхийн тулд олон арга хэрэглэхээр зэхэж байгаагийн дотор "хууль бусаар дайчлагдсан иргэдтэй холбоотой асуудлыг олон нийтэд нээлттэйгээр шийдвэрлэх, тэднийг гэрт нь буцааж, алдаа гаргасан цэргийн комиссаруудыг шийтгэх" аргыг ч хэрэглэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ аргыг хэдийнэ хэрэглэж эхэлсэн гэж хэлэхэд болно. Учир нь есдүгээр сарын 21-ний өдөр дайчилгаа эхэлсний дараа Буриадад хууль бусаар дайчлагдсан иргэдийн талаарх мэдээлэл ихэээр гарч байсан бол сүүлийн өдрүүдэд "андуурал гарсан нөхцөлд тэр дор нь шалгаж, хүмүүсийг буцааж байна" гэх мэдээлэл төрийн хэвлэлүүдээр олноор гарах болсон юм.

Түүнчлэн дайчилгаа эхэлснээс хойш Оросын эрчүүд олноор хилийн чанадыг зорих болсон. Ийм нөхцөлд дайчилгааны насны эрчүүдийг Оросоос гарахыг бүрэн хориглох тал дээр Кремль нарийвчилсан төлөвлөгөө гаргаж байгаа аж.

 "Гадагш чиглэсэн урсгалыг дутуу үнэлсэн. Одоо хил хаана гэдэг тун хүнд. Хамгийн их эрэлттэй байгаа хилийн боомтууд дээр асар урт дараалал үүссэн. Хил хаахын тулд хүчний байгууллагын ажилтнууд хэрэгтэй. Учир нь хил хаасанд дургүйцсэн иргэд ямар ч үйлдэл гаргаж болзошгүй. Ийм нөхцөлд эмх журмыг сахиулах шаардлагатай тооны хүчний байгууллагынхан байхгүй" хэмээн Медуза сайтад мэдээлэл өгсөн эх сурвалж онцолжээ.

 

Хэдийгээр Оросын эрх баригчид хил хаах шийдвэр гаргаагүй ч дайчилгааны насныхныг цэргийн комиссарын газраас зөвшөөрлийн бичиг авсан нөхцөлд улс дотроо болон хилийн чанадыг зорьж болно гэж мэдэгдсэн юм. Цэргийн комиссарын газраас зөвшөөрлийн бичиг авч чадах нь ихээхэн эргэлзээтэй, түүнчлэн сүүлийн өдрүүдэд Гүрж, Финланд зэрэг улстай хиллэх боомт дээр явуулын цэргийн комиссарын газар байгуулагдсан гэх мэдээлэл байна. Харин Монголтой хиллэдэг Хиагтын боомт дээр ийм явуулын цэг нээгдээгүй. Гэхдээ Хиагт хот руу орох зам дээр шалган нэвтрүүлэх цэг байдаг, энэ цэг дээр дамжин өнгөрч буй машин болгоныг зогсоон паспорт, аяллын чиглэлийг асуудаг бөгөөд чухамхүү энэ шалганы цэг дээр Оросын иргэдийг зогсоон шалгаж, дайчилгааны насны эрчүүдийг буцааж байгаа гэх мэдээллийг Улаан-Үдээс Хиагтыг зорьсон Монголын иргэн бидэнд өгсөн юм. 

Холбоотой мэдээ