Монголд эрчим хүчний тусгаар тогтнол маш чухал

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-29 06:30:49

Нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээ хэт их, эх үүсвэр хангалтгүй байгаагаас шалтгаалж энэ өвөл хөлдөх эрсдэл өндөр байгааг салбарын сайд анхааруулж буй. Тиймээс эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх боломжтой гаргалгааны талаар Эрчим хүчний яамны төлөөлөл болон Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, инженерүүдийн байр суурийг хүргэж байна.

НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ ҮНЭ ЗАЙЛШГҮЙ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатар:


-Дэлхий нийтэд эрчим хүчний салбарт тулгарч байгаа гол асуудал бол дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах. Үүний тулд цэвэр эрчим хүчийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна. Дэлхий нийтээрээ өнөөдөр хатуу түлшийг эрчим хүч үйлдвэрлэхдээ хэрэглэдэг. Тэгэхлээр тодорхой хувийг цэвэр эрчим хүч рүү шилжүүлж, 2050 он гэхэд хатуу түлшнийхээ оронд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэдэг болоход зорьж байна. Энэ чуулга уулзалт цар тахлын дараа олон улсын төлөөллийг хамруулж зохиогдож байгаа гэдгээрээ онцлог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ч мөн ногоон эрчим хүч, ногоон хэрэглээ, технологи зэргийг хамарсан сэдвүүдээр чуулга уулзалтыг зохион байгуулсан.

Эрчим хүчний хангамж хүндрэлтэй байгаа. Хотжилтоос шалтгаалж цаашид эх үүсвэрийг нэмэхгүй бол бүр ч хүндэрнэ.

Энэ бол цаг үеийн асуудал. Гэхдээ цаашид яаж эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байх, бүтцийн хувьд ямар өөрчлөлт хийх шаардлагатайг шийдвэрлэхийг зорин ажиллахыг илүүд үзэж байна. Монгол Улсын эрчим хүчний үнэ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад маш хямд. Үнэ нэмж алдагдал нөхөх нь нэг талаар зөв хэдий ч нөгөө талаар нь авч үзвэл иргэдэд мэдээж хүнд тусна. Гэхдээ эрчим хүчний салбар сүүлийн 20-иод жил зах зээлд шилжилгүйгээр үнэ ханшаа хатуу бариад явсан.

Одоо нөхцөл байдал хүндэрч үнэ зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна.

Эрчим хүчний салбар мэдээж өөрөө бодлого зохицуулалт, системтэй. Систем нь нэгдсэн үйлдвэрлэлээрээ хэрэглэгчид рүүгээ эрчим хүчээ хангадаг. Тиймээс эх үүсвэрүүдийн хувьд тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авах боломжтой. Монгол Улсын хувьд суурилагдсан хүчин чадлын 17-18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Үйлдвэрлэлийн хувьд өнгөрсөн оны байдлаар 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлсэн. Цаашид сэргээгдэх эрчим хүч техник технологийн хувьд тогтвортой ажиллах боломж нь бүрдвэл хангамж өсөөд явна.

Гэхдээ сэргээгдэх эрчим хүч нь технологийн зардлын хувьд өндөр өртөгтэй. Харин нэг бий болгосон тохиолдолд үр өгөөж нь өндөр байдгаараа онцлог.

ХАМГИЙН ГОЛ НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛААС БОГИНО ХУГАЦААНД ГАРАХ

Эрчим хүчний инженер, профессор Н.Энэбиш:


Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь байгаль экологи, хүрээлэн буй орчин, эдийн засгийн хувьд үр ашиг ихтэй. 1970-аад онд дэлхий дахиныг хамарсан нефтийн хямрал болсноор дэлхийн улсууд, ялангуяа капиталист орнууд сэргээгдэх эрчим хүчийг судлан хэрэглэхэд анхаарч эхэлсэн. Тэдгээрийн өрсөлдөгч байсан социалист орнууд ч мөн энэ чиглэлээр хамтран ажиллах болсноор, хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн байсан Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрт оролцож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 1970-аад оны сүүлээр Монгол Улс энэ чиглэлийн анхны судалгааг хийж, зарим хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн дээ. Шинжлэх ухааны академийн Физик техникийн хүрээлэнд нарны зайн анхны лаборатори байгуулагдаж, судалгаа хийж,  малчин айл өрхүүдэд зориулсан жижиг оврын нарны зай хийх болсон.

Газарзүйн байршлын хувьд М онгол орон нарны эрчим хүчийг ашиглах хамгийн төгс таатай нөхцөл бүрдсэн орон.

Далай тэнгисээс хол, хуурай, эх газрын байршилд байдаг учраас нэгж талбайд тусах нарны цацрагийн хэмжээ маш өндөр. Ялангуяа говийн бүс нутаг нарны эрчим хүчний асар өндөр нөөцтэй. Африкийн Сахар гэх мэт дэлхийн бусад цөл газартай харьцуулахад Монголын говь их сэрүүн уур амьсгалтай. Гадаах агаарын температур сэрүүн байхад нарны зайн цахилгаан үйлдвэрлэл нь улам нэмэгддэг. Хүйтэн ч гэсэн цэлмэг нар тусч л байвал нарны зайн цахилгаан үйлдвэрлэл нь улам нэмэгддэг учир сэрүүн уур амьсгалтай байдаг нь Монгол Улсад нарны эрчим хүчийг ашиглах давуу тал болдог.

Бид эрчим хүчний хомсдолд орж байгааг их ярьдаг. Гэхдээ хамгийн гол нь энэ хямралаас яаж богино хугацаанд гарах вэ? гэдгийг чухалчилж авч үзэх нь ховор.

Энгийн арга бол хэрэглэгчид хэт хэрэглээгээ танаж, тодорхой хэмжээний хязгаарлалттай эрчим хүчээ ашигладаг болох. Ийнхүү ухаалаг, хэмнэлттэй зарцуулж чадвал эх үүсвэрүүдийн хүчин чадал тогтворжино. Тухайлбал 17:00-22:00 цагийн хооронд оргил ачааллын үе таарч бид Оросоос өндөр үнээр эрчим хүч авахаас өөр аргагүйд хүрч байна. Үүнийг иргэд ойлгож, хэт хэрэглээгээ тодорхой хэмжээнд бууруулах нь зөв.

ХУУЧИН ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН ХҮЧИН ЧАДЛЫГ ЦААШИД НЭМЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны захирал, зөвлөх инженер Р.Ганжуур:


Монгол Улс эрчим хүчний 20 хувийн дутагдалд орсон. Үүнээс гадна дулааны эрчим хүчний чадлын дутагдалд орсон. Цахилгаан станцуудын хүчин чадал хэрэглээгээ гүйцэхээ больсон гээд тулгамдаж байгаа асуудал их. Хоёрдугаарт, эрчим хүчний нийт тоноглолын 40 хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан. Гуравдугаарт, ОХУ-ын эрчим хүчний системийг найдвартай гэж үзэж болохооргүй байна. Эдгээрээс дүгнэж үзвэл эрчим хүчний салбарт гарцаагүй хүндрэл тулгарсан.

Хуучин буюу одоо ашиглагдаж байгаа цахилгаан станцуудын хувьд цаашид хүчин чадлыг нэмж ашиглах ямар ч боломжгүй. Шинээр баригдах цахилгаан станц ч гэж байхгүй. Одоогоор зөвхөн “ДЦС-3” ТӨХК-ийн 300 мегаваттын өргөтгөл яригдаж байна. Энэ бүтээн байгуулалт ашиглалтад ороход дөрвөн жил шаардлагатай. Түүнээс өмнө шинэ хүчин чадал, эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад оруулж чадахгүй гэсэн үг.

Тэгэхээр ирэх дөрвөн жилд нийслэлд нэг ч орон сууцны барилга барих боломжгүй, даац хэтэрсэн гэж ойлгож болно.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмсний дараа бол хотжилт яаж явагдах боломжтой. Гол нь хэрэглэгчдийн тоог нэмэхгүйгээр дөрвөн жилийг хэрхэн давах вэ? гэдэг чухал. Нэмэлт хэрэглээг хязгаарлахгүйгээр одоогийн байгаа хүчин чадлаар эрчим хүчийг бүрэн хангах боломжгүй.

Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнол өнөөдөр 100 хувь хангагдаагүй.

Тоон хувиар илэрхийлбэл 80 хүртэлх хувийг хангаж байна. Үлдсэн 20 хувийг Орос болон Хятадаас импортоор авч байгаа. Энэ бол тусгаар тогтнол хангагдаагүй байгаагийн илрэл. Шинэ цахилгаан станц бий болгож байж л дотоодын хэрэгцээг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнээс өнөөгийн нөөцөөр эрчим хүчний салбар тусгаар тогтноно гэвэл боломжгүй. Мөн шинэ, томоохон бүтээн байгуулалтуудыг иргэд зөв талаас нь хүлээж авах нь чухал.

Тавдугаар цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын жишээг одоо Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр давтах эрсдэл үүсээд байна. Тиймээс иргэд өргөн хүрээний мэдээллийг авах нь зөв.

Угтаа баруун бүсийн гурван аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчний тусгаар тогтносон байдал өнөөдөр 30 хувийн хангамжтай байгаа. 70-аас илүү хувь нь импортын эрчим хүчээс хамааралтай.

Тэгэхлээр энэ тохиолдолд иргэд төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвөөр танин мэдүүлж эрчим хүчний обьектуудыг яаралтай хугацаанд ашиглалтад оруулах тал дээр анхаарах хэрэгтэй.

ХҮЧИН ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРСОН НЬ ТАРИФЫГ ОЛОН ЖИЛ БОДИТ ӨРТГӨӨС БАГА ТОГТООЖ ИРСЭНТЭЙ ХОЛБООТОЙ

Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий:


Эрчим хүчний салбар нөөц тоноглолгүй болчихсон. Өвлийн өндөр ачаалалтай саруудад бүрэн хүчин чадлаараа ажиллана. Гэхдээ өмнөх жилүүдэд ямар нэг доголдол гарч, тоноглол саатах үед хэрэглээг хязгаарлаж байсан.

Тиймээс одоо бол аль болох хэрэглээг хязгаарлахгүйн тулд л ажиллаж байна.

Хүчин чадлын дутагдалд орж хэрэглээг хязгаарлаж буй суурь шалтгаан нь хэрэглэгчийн тарифыг олон жилийн турш бодит өртгөөс бага тогтоож ирсэнтэй холбоотой. Хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байсны улмаас эрчим хүчний компаниуд өргөтгөлийн ажлаа хийхэд хүндрэл учирсан. Эрчим хүчний үйл ажиллагааг найдваржуулах шаардлагатай. Өнөөдөр бүх зүйл дээр үнийн өсөлт явагдаж байна. Зардал нэмэгдэж байгаа учир дулааны үнэ нэмэгдэж л таарна. Үнээ өсгөхгүй гээд байгаа бол юугаар дараагийн засвар үйлчилгээгээ хийж, найдвартай байдлаа хангах билээ дээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бодит өртгөөр худалдах ёстой шүү дээ.

Холбоотой мэдээ