Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах уу?
Улс ТөрХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлсэн үгтэй холбоотой Ерөнхий сайдын гаргасан захирамж нь Монголын улстөрчдийн хариуцлагын хувьд нэгэн сайн жишээ боллоо. Үүний зэрэгцээ Ерөнхий сайдын энэхүү захирамж нь хууль зүйн үр дагаврын хувьд мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой “сонирхолтой” жишээ, үр дагавар үүсгэж болохоор байна.
Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд болсон "Халамжаас - хөдөлмөрт" гэх хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “... 1520 өрх, манай яамныхан энийгээ бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрхүүд гэсэн үг. ...” гэж хэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.
Иргэд ийнхүү олноор шүүмжилж байсны зэрэгцээ Ерөнхий сайдын зүгээс Д.Сарангэрэлийн тус үйлдлийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж үүрэгт ажлаас нь огцруулах захирамж гаргасан болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2022 оны есдүгээр сарын 27 – ны өдөр танилцуулсан.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын захирамжийг танилцуулахдаа “... Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлийг гаргасан ...” гэж тайлбарлаад, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйл болон Арван есдүгээр зүйлийн холбогдох заалтуудыг дурдсан. Мөн, эдгээр зөрчлийг Засгийн газрын гишүүний хувьд, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүнээс нь огцруулах тухай захирамж гаргасан гэдгийг мэдэгдсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар огцруулах эрх хэмжээтэй болсон. Тэгэхээр, Ерөнхий сайд ийнхүү огцруулах захирамж гаргаснаа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулснаар Д.Сарангэрэл нь Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас огцрох юм.
Харин, Д.Сарангэрэл нь Засгийн газрын гишүүн төдийгүй мөн УИХ-ын гишүүн билээ. Тодруулбал, Д.Сарангэрэл нь УИХ-ын гишүүн болохдоо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараах тангарагыг 2020 оны зургаадугаар сард өргөсөн байдаг.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль:
7.2.Гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайд, Засгийн газрын гишүүний ажлыг гүйцэтгэж байхдаа Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж Засгийн газрын гишүүнээс огцруулах захирамж гаргасан нь, мөн тус захирамжийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл хүлээн зөвшөөрсөн нь тэрээр өргөсөн тангаргаасаа няцсан буюу тангаргаа зөрчсөн болохыг харуулж байна.
Учир нь, Д.Сарангэрэл нь УИХ-ын гишүүний эрх хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан тул тэрээр Үндсэн хууль, өргөсөн тангаргийнхаа дагуу Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахих буюу үл зөрчих үүрэг хүлээсэн хэвээр байна. Иймд, түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжүүлж байх хугацааны дотор гаргасан аливаа хуулийн зөрчил нь Үндсэн хуулийн зөрчилд тооцогдох үндэслэлтэй юм.
Тэгвэл, УИХ-ын гишүүний үйлдэл, үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн нь түүнийг эгүүлэн татах үндэслэл болох эсэхийг Үндсэн хуулийн цэц хянах, дүгнэх эрх хэмжээтэй байдаг.
Тодруулбал, Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, тус хэсгийн 4 дэх заалтад тус тус заасныг үндэслэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу эсвэл тодорхой албан тушаалтнуудын хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэх зохицуулалттай.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйл:
1.Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.
4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.
Иймд, иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж эсвэл дээр дурдсан (тухайлбал, Улсын Их Хурал дахь цөөнх намын гишүүд гэх зэрэг) албан тушаалтнууд хүсэлт гаргаснаар Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл үүссэн эсэх талаарх дүгнэлт гаргуулах боломжтой байна.