Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ, эрх баригчид аа!
Эдийн ЗасагМонгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч өнөөдөр ам.долларын нөөц эрс буурч, эсрэгээрээ өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, ам.доллар 3500 төгрөг давав. Эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох хэдхэн тоон үзүүлэлт, найман шарга дээрх ам.долларын ханш, зах худалдааны төвийн үнийн өсөлтүүдийг анзаараад харвал бид ямархуу түвшинд явна вэ гэдгийг өлхөн тодорхойлж болно.
Ердөө хэдхэн хоногийн дотор ам.доллар 300 төгрөгөөр нэмэгдэж, өнөөдөр Найман шарга дээр ам.доллар 3540 төгрөгтэй тэнцэж байна. 2022 оны нэгдүгээр сард ам.доллар 2849 төгрөг байв. Үүнээс хойш тасралтгүй өссөн бөгөөд ялангуяа сүүлийн хоёр сарын хугацаанд огцом өсөв.
Монголбанкны нэрлэсэн ханш нь 3344 төгрөг. Ам.доллар өсөхийн хирээр төгрөгийн ханш суларч байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр буурч байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдсэнээр оны эхэнд буюу 2022 оны нэгдүгээр сард 4,4 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол одоо 2,4 тэрбум ам.доллар болж, огцом буурчээ. Үүнээс гадна зах, худалдааны төвүүдэд бүх барааны үнэ нэмэгдэж, иргэд бөөнөөр бус ширхэглэн худалдан авалт хийх нь нэмэгдсэн гэдгийг бидний хийсэн олон сурвалжлага харуулж буй. Гурилын үнэ нэмэгдсэнээс гурилан бүтээгдэхүүний үнийг нэмж байгаа талаараа гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, талх, боовны үнэ нэмэгдэнэ гэсэн үг.
Өмнө нь цалингаа буухаар гурил, будаагаа бөөний үнээр худалдан авдаг байсан иргэдийн тоо буурч киллограмаар нь авдаг болсныг захын худалдагч хэлж байна.
Иргэдийн орлого нэмэгдээгүй, цалин, тэтгэвэр өсөөгүй байхад үнийн өсөлтөд “дарлуулж” эхэлснийг захын иргэн хэлж байна.
Эдийн засагч Д.Ангар "Ам.доллар 3500 хүрэв, цемент 800 мянга, гурилын үнэ 50 хувь нэмэгдлээ, компаниуд дампуурч эхлэж байна, ажилгүйдэл маш хурдтай нэмэгдэж байна. Ажилгүйдлийн сан мөнгөгүй болж улайв. Энэ бүхэн дөнгөж трейлер. Жинхэнэ "кино" нь 2023 оны нэгдүгээр сард гарч эхлэнэ" гэж тодорхойлжээ.
Үүнтэй зэрэгцэн Олон улсын валютын сан /ОУВС/-аас Монгол Улсын эдийн засаг таваас дөрвөн хувь болж буурсан, цаашид эдийн засгийн нөхцөл байдал илүү их муудах төлөвтэй байгаа учраас маш сайн урьдчилан тооцоолох шаардлагатайг Засгийн газарт сануулав.
“Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэгчлэн Монгол Улсын төр засаг, бодлого зангидагчид буруу замаар будаа тээж, асуудлын голыг олж харж чадахгүй, хэрэгцээ шаардлагагүй төсөлд дэмий мөнгө зарлагадаж, иргэдийнхээ амьдралыг тэтгэх нь битгий хэл эдийн засгаа “сүйрүүлж” буйг хатуухан сануулаад амжив. ОУВС-ийн ажлын хэсгийнхэн Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх 2023 оны төсвөөс нэг их наяд төгрөг хэмнэх боломж бүрдсэн гэж мэдээлж буй. Гэвч ОУВС-гийн Ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа танилцуулсан төсвийн төсөл өчигдөр танилцуулсанаас бага дүнтэй, одоо өргөн барьж буй төсөл хэт "тэлсэн" байгааг онцлов.
Хамгийн том импортлогч, экспортлогч орон болох БНХАУ-ын “тэг-Сovid” арга хэмжээ хэзээ дуусч, цаашид хэрхэх нь тодорхойгүй энэ цагт эдийн засгийн оновчтой бодлого явуулж, ам.долларын ханшийн өсөлтийг барих гээд оновчтой бодлого хэрэгтэй байгааг эрх баригчдад, Засгийн газарт иргэд сануулж, хэлсээр байна.
Яг одоо намрын чуулган нээж, 2023 оны төсөв хэлэлцэх гэж буй. Эрх баригчдын хувьд энэ удаагийн төсөв бол сонгуулийн өмнөх жилийн төсөв учраас хүн бүр л тойрогтоо ямар нэг зүйл хийх санал, санаачлага гаргана. Төсвийн тухай хуулиар УИХ-ын гишүүд дур зоргоороо төсөвт өөрчлөлт оруулаад байхгүй ч эрх баригч нам сонгуулийн өмнөх жил хэмээн төсвөө боосон нь ойлгомжтой. Тиймээс иргэд төсөвт хяналт тавих, төсвийн хэлэлцүүлгийн үеэр хяналтаа сайжруулах ёстойг ч эдийн засагчид онцолж буй.
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр “2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан” гэдгийг онцлоод буй.
Засгийн газрын тооцоолж буйгаар эдийн засгийн өсөлт буураагүй, цаашид нэмэгдэнэ гэдгийг мэдэгдэж байна. Гэхдээ бодит байдал дээр ам.долларын өсөлт, иргэдийн худалдан авах чадвар, өргөн хэрэглээний барааны өсөлт гээд олон хүчин зүйл эдийн засагт гэрэл асах уу гэдэг эргэлзээг төрүүлж байна.
УИХ-ын хаврын чуулганаар 2023 төсөв хэлэлцэж эхэлнэ. Ингэхдээ сонгуульд зориулсан хөрөнгө оруулалтуудаа танаж, бодит эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, орлогоо зөв тодорхойлж, зардлуудаа хянах зайлшгүй шаардлагатай байгааг эдийн засагчид ч иргэдийн амьдрал ч харуулж буйг сануулъя!