Ж.Батзандан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ядарч явахад би олон удаа тусалж байсан

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-10-06 09:41:38


УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Монголын иргэдийн орон зайнаас сөрөг хүчнийг хайхаар шинэ хувьсгал хөдөлгөөнийг өнөөдрөөс байгуулж буйгаа зарлалаа. Тэрбээр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Том дарга нараас айж байна. Гэхдээ тэр том дарга нарт Монголын ард түмэн юу хүсэж байгааг сануулахын тулд шинэ хувьсгал хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор байгуулж байна. Өнөөдөр 100 мянган компани үүд хаалгаа барьж, 500 мянган хүн ажилгүй болохын ирмэг дээр байна. Ам.долларын ханш 3500 төгрөг хүрлээ. Залуучууд гадагшаа дүрвэж байна. Авлигачид Сингапур руу зугтаж байна.

Монгол Улс сөрөг хүчингүй болоод олон жил боллоо. Сөрөг хүчний дуу хоолой дутагдсаны улмаас эрх баригч нам асар омголон болсон байна. Хатуу шүүмжлэл хэлэх төдийд ална шүү гэж зурвас бичиж байна. Одоо сөрөг хүчний дуу хоолойг шинэ хувьсгал хөдөлгөөнөөр эхлүүлнэ. Бидний байр суурь нам, нутаг ус харгалзахгүйгээр эх орноо аврах. Бид улс орноо хагалан бутаргах зорилгогүй.

Хоёрдугаарт, өчигдөр би хэвлэлийн бага хурал зарласны дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн туслах, дэд сайд, дотны анд, миний ах АТГ-т баривчлагдсан гэж сонссон. Ж.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр үй зайгүй найзууд байсан. Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн МАН-ын дарга. У.Хүрэлсүхийг улсын хэмжээнд 93,2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга.

Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорихоо боль. Би таныг ядарч явахад олон удаа тусалж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд байхад би таныг өмөөрч байлаа. 2018 онд АН-ын гурван гишүүнтэй нийлж таны Засгийн газрыг авч үлдэж байлаа. Та өнөөдөр миний тусыг мартсан байж болно. Гэхдээ Монголоо өөрчлөхийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөөх эцсээ хүртэл явна гэсэн амлалтаа биелүүлэх үү. Бидэнтэй нэгдээч гэж танаас хүсэж байна. Ерөнхийлөгч сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг ханддаг болсон байна. Тийм учраас ядарч явахад түшиж явсан дүүгийн хувьд задарч явахад хатуухан шанаа өгье гэж бодоод өчигдөр хатуухан үг хэлсэн" гэв.

Холбоотой мэдээ