ДУТУУГИЙН МЭДРЭМЖ, ДУТУУГИЙН КОМПЛЕКС

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-10-11 01:28:13

Бидний олонх нь өөрийнхөө аль нэг талыг үргэлж голж, түүнээсээ ичдэг. 

Тухайлбал – хөөрхөн бүсгүйг хараад “Би үүн шиг царайлаг биш”, – эрдэмтэй залууг хараад “Би түүн шиг ухаантай биш”, – амжилтад хүрсэн хүнийг хараад “Би энэ хүн шиг азтай биш”,

– Олимпын аваргыг хараад, би түүн шиг авьяас чадваргүй”, – өндөр гоолиг эрийг хараад “Би намхан нуруутай” гэх мэтээр өөрийгөө бусадтай харьцуулан голж, өөрөө өөрийгөө үнэ цэнгүй гэж үнэлдэг. 

Үнэндээ бид өөрийнхөө талаарх үнэ цэнийн үнэлэмждээ эргэлт хийх хэрэгтэй.


Хэн нэгний царай муутай, намхан, мөнгөгүй, сагс тоглож чаддаггүй байх нь дутуу шинж чанар биш юм. 

Бид бусадтай харьцуулсан харьцуулалтыг чухалчлан анхаардгаас дутуугийн мэдрэмжийг мэдэрдэг. 

Гэтэл үнэндээ энэ харьцуулалт, хэмжүүр, үнэлэмж бол бидний өөрсдөө зохиож, итгэж үнэмшсэн хийсвэр, хоосон ойлголт.

Бүх зүйлд давуу болон сул тал бий. 

Өндөр, нам, царайлаг, царай муутай, мөнгөтэй, мөнгөгүй аль аль нь сайн, муу талтай. 

Үнэндээ өөрийнхөө шинж, талыг давуу эсвэл сул тал болгон харах нь зөвхөн бидний сонголтоос шалтгаална.


Нэг ёсондоо бидний харах өнцгөөс шийдэгдэнэ гэсэн үг. 

Үнэ цэн, үнэлэмж гэдэг бол нийгмийн дадал дээр тогтдог, хүсвэл бид өөрчилж чадах зүйл. 

Гэхдээ маш чухал нэг зүйлийг онцлон хэлэхэд ДУТУУГИЙН МЭДРЭМЖ гэдэг муу зүйл биш, бас хүн бүрт байдаг, харин ч хүний хөгжиж дээшлэх, төгс болох эрмэлзлэлийг түлхэх хүчин зүйл. 

Дутуугийн мэдрэмж нь хэвийн мэдрэмж бөгөөд урагш ахих, өсөлтийг өдөөх, ашиглаж чадвал хүнд байдаг мэдрэмжүүдээс тун чухал нь билээ.


Тэгвэл ДУТУУГИЙН КОМПЛЕКС гэж юу вэ?: 

Хүмүүс ихэвчлэн дутуугийн мэдрэмжээ амжилтгүй, аз жаргалгүй байдлынхаа шалтаг болгодог. 

– Би ахиад хорьхон см өндөр байсан бол сагс сайн тоглох байсан юм,

– Би арай дээр царайтай, том нүдтэй, шулуун хамартай байсан бол залуус надад дурлах байсан юм,

– Миний эцэг, эх мөнгөтэй баян байсан бол би шилдэг сургуульд сурч, амжилтад хүрэх байсан юм гэж “А байхгүй болохоор Б-г чадахгүй” гэж дүгнэдэг.


Энэ нь ямар ч хамааралгүй юманд учиргүй том хамаарал байгаа мэтээр өөртөө итгүүлж, кодолж байгаа хэрэг. 

Үүнийг дутуугийн комплекс гэнэ. 

Аз жаргалтай амьдрах эсэх нь зөвхөн бидний сонголт, итгэл үнэмшлээс шалтгаална.

Аз жаргалгүй, амжилтгүй байгаагаа төрж өссөн орчин, эцэг, эх зэрэг гадаад нөхцөл байдлаас шууд хамаатуулан итгэж, тэр чигээрээ өөрийгөө азгүй амьтан болгодог. 

Бид өөрөө ч мэдэлгүйгээр амжилтад хүрэхээс зайлсхийх шалтгаа бодож олдог. 

Аз жаргалтай, амжилттай, сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй амьдрах нь бидний сонголт, зоригоос шууд хамаарна.


Дутуугийн комплексын бас нэг илрэл нь ДАВУУ ЧАНАРЫН КОМПЛЕКС буюу БИЕЭ МАГТАХ юм. 

Хүн дутуугийн мэдрэмжийг удаан тээж явж чадахгүй, энэ нь даамжрахаараа дутуугийн комплекс болно. 

Дутагдсан хэсгээ мэрийж чармайн, өсөж хөгжин нөхөх зориггүй хэрнээ “өөрийгөө чадваргүй, дутуу” гэж үзэхээс айдаг.

Үүнээсээ болоод өөрийгөө мундаг чадалтай мэтээр бусдад ойлгуулж, “хуурмаг давуу чанар”-ын мэдрэмжид автдаг. 

Жишээлбэл: Нэр алдартай хүнтэй би ойрын танил гэж дөвийлгөх, өөрийн намтар түүхээ гуйвуулах, эсвэл гадаад харагдах байдлаа хэтрүүлэн, брэнд хэт шүтэх, үнэтэй хувцас хэрэглэл, машин тэргээр гангарах зэргээр сүр үзүүлдэг. 

Ингэж сүр үзүүлснээр онцгой мундаг болж харагдахыг хичээдэг. 

Хэрвээ хүн биеэ хэт магтвал тэр ердөө дутуугийн мэдрэмж тээж буйн шинж.

  Мөн ингэж өөрийгөө дөвийлгөхийн яг эсэргээр аз жаргалгүй, сул дорой байдлаараа “онцгойрох”, аз жаргалгүй гэсэн үзүүлэлтээрээ бусдыг дарах гэж хичээх нь бас дутуугийн комплексын шинж. 

Сайхан сэтгэлт хүмүүс тайвшруулж аргадах гэхэд “Та нар туулж үзээгүй болохоор мэдэхгүй байна” гэсэн үгээр бусдыг дарж, аясыг дагуулан харьцахаас аргагүй болгон, аз жаргалгүй байдлаа “зэвсэг” болгон ашигладаг. 


Нэг ёсондоо сул дорой байдал нь эрх мэдэл болж хувирдаг. 

Уншсан номынхоо хэсгээс гайхаж, сэтгэл цочроосон, мөн мэдэж ойлгосноо тэмдэглэлээ. 

Энэ номыг хөнгөн үйл явдалтай уран зохиол шиг унших аргагүй.

Анхаарч, эргэж дахин уншиж, бодож эргэцүүлж, мөн философи, сэтгэл судлалын багахан ойлголтой байх хэрэгтэй санагдсан. 


Номонд Австри гаралтай сэтгэл судлаач, эмч Алфред Адлерын үндэслэсэн сэтгэл судлалын шинэ чиглэлийн ойлголтыг философич болон залуу эрийн харилцан яриа, мэтгэлцээний хэлбэрээр тайлбарлан бичжээ.


Холбоотой мэдээ