Мөнгөнморьт сумын хорих ангийн дарга О.Нямбаатар чихэндээ оёдол тавиулж, түүнд зодуулсан гэх цагдаагийн албан хаагч Ч.Тулга эмнэлэгт хүргэгджээ
НийгэмХууль сахиулагчид хоорондоо зодолдож, нэгийгээ хүнд гэмтээсэн мэдээлэл цацагдаад байна.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвд зодоон болж, цагдаагийн албан хаагч, ахлах дэслэгч гэмтсэн гэнэ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж буйгаар Мөнгөнморьт суманд багш нарын баярт зориулсан бүжгийн цэнгүүн болжээ. Энэ үеэр тус суманд байрлах ШШГЕГ-ын Хорих 417 дугаар ангийн захирагч, дэд хурандаа О.Нямбаатар, Экологийн асуудал хариуцсан цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгыг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан гэх.
Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагч Ч.Тулга Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Мөн Төв аймгийн Цагдаагийн газраас уг хэргийг шалгаж байгаа аж.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс зодолдсон гэх албан хаагчидтай холбогдож, энэ талаар тодрууллаа.
ХОРИХ 417 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ О.НЯМБААТАР: ЦАГДАА Ч.ТУЛГА НАМАЙГ ЭХНЭРТЭЙГЭЭ БҮЖИГЛЭСЭНД УУРЛАЖ, ХАРДСАН ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 417 дугаар ангийн захирагч О.Нямбаатартай холбогдож тодруулахад:
“Цагдаагийн албан хаагч Ч.Тулга бид хоёрын хооронд болсон асуудлыг худал мэдээлсэн байна лээ. Угтаа эсэргээрээ би хохирогч нь шүү дээ. Аравдугаар сарын 7-нд сумын Соёлын төвд багш нарын баярт зориулсан нийтийн бүжиг болсон нь үнэн.
Цагдаагийн албан хаагч Ч.Тулга бүжиг тарах үеэр ирээд “Хаах цаг болсон, одоо тар” гэж хэлсэн. Би “Багш нарын баярын өдөр болж байна. Сургуулийн захирал байгаа юм чинь бүжиг тарах хугацааг нэг цагаар сунгачих” гэж хэлсэн. Гэтэл нөгөө цагдаагийн албан хаагч маань “Би мэдэж байна, одоо тар” гээд уурласан.
Бидэнд шаардлага тавихаар ирэхдээ дүрэмт хувцастайгаа, согтуу байсан. Би цагдаагийн албан хаагчийн биед халдаагүй, зодоогүй. Намайг эхнэртэйгээ хардаад, уурласан юм шиг байна лээ. Бүжгийн үеэр эхнэр нь надтай ирж бүжиглээд байсан юм.
Би цагдаагийн албан хаагч Ч.Тулгыг уурлаад байхаар нь “Би танай эхнэртэй явалдчихсан юм уу” гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд төд удалгүй өөр нэг цагдаа болон эхнэрийгээ дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд миний толгой руу сандлаар цохиж, чихийг минь сэтлэсэн. Би чихэндээ зургаан оёдол тавиулсан шүү дээ. Уг үйл явдлыг олон хүн харж байсан шүү дээ.
Зодолдож, хариу үйлдэл үзүүлсэн зүйл байхгүй. Тэр хүмүүс гэрчлэх байх. Цагдаа Ч.Тулга маргааш нь надаас уучлалт гуйж, “Яамаар байна” гэж асуусан. Би цагдаагийн хэсгийн дарга нар руу нь холбогдож, “Танай цагдаагийн албан хаагч намайг зодож гэмтээсэн” гэж хэлсэн. Тэгээд хяналт шалгалтаараа арга хэмжээ авах байлгүй гэж бодож байлаа.
Гэхдээ би адилхан эр хүмүүс учраас энэ хэргийг орхих гэж байлаа. Гэтэл Ч.Тулга ажлаасаа халагдах дээрээ тулсан юм байлгүй гэнэт ийм сонин юм зохиогоод уналаа. Толгой нь гэмтээд эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн.
Тэгвэл өөрөө өөрийгөө гэмтээж, юм мөргөсөн юм байлгүй дээ. Би лав зодож, гэмтээгээгүй. Бид тэр өдрөөс хойш уулзаагүй. Намайг зодсон цагдаа хохирогч болчихсон байгааг гайхаж байна. Хууль хяналтын байгууллага шалгаад үнэнийг тогтоох биз ээ.
Би тэр өдөр энгийн хувцастай, багш нарыг хүндэтгээд баярын бүжигт нь оролцсон. Гэтэл ийм муухай нэр төр гутаасан, биеэрээ хохирсон хэрэгт холбогдчихлоо” гэв.
ЗОДООН БОЛСОН ГЭХ МӨНГӨНМОРЬТ СУМЫН СОЁЛЫН ТӨВ
МӨНГӨНМОРЬТ СУМЫН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ Ч.ТУЛГА:
ХОРИХ АНГИЙН ДАРГА НАМАЙГ ШАЛАН ДЭЭР ТАРХИАР МИНЬ УНАГААЖ, ГЭМТЭЭСЭН
Мөнгөнморьт сумын цагдаагийн тасгийн албан хаагч, ахлах дэслэгч Ч.Тулгатай холбогдож, тодрууллаа.
-Таны бие давгүй юу?
-Эмчилгээгээ хийлгээд хэвтэж байна.
-Хаана эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал, тархины тасагт эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтээд хоёр хонож байгаа. Эмч нар тархины хаван буулгах эмчилгээ хийж байна.
-Тэр өдөр яг юу болсон юм бэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаарх мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулах нь зүйтэй.
Тэр өдөр багш нарын баярт зориулсан бүжиг болсон. Тарах цаг нь болсон учраас би шаардлага тавьж, тарах үүрэг өгсөн.
Гэтэл хорих ангийн дарга “Хоёулаа гараад уулзъя” гэж хэлсэн. Тэгээд гаргаж ирээд өргөж аваад дагзаар маань шалан дээр шидэж, зодсон.
-Хорих ангийн дарга өөр мэдээлэл өгсөн. Таныг эхнэртэйгээ хардаад зодсон гэсэн?
-Тийм зүйл байхгүй. Албан үүргээ гүйцэтгэж явахад миний биед халдаж, гэмтэл учруулсан. Намайг тархиар минь авч шидэж байхад хажууд харж байсан хүмүүс байгаа.
-Та согтуу байсан юм уу?
-Үгүй ээ, би согтуу байгаагүй. Энэ бол хорих ангийн даргын өөрийгөө хамгаалж байгаа худал мэдээлэл. Харин хорих ангийн дарга О.Нямбаатар согтуу байсан.
-Цагдаагийн байгууллагад та гомдол гаргасан уу?
-Тийм ээ, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж, биед халдсан гэсэн үндэслэлээр өргөдөл гаргасан байгаа.