Холливүүдийн алдартай продюсер асан Харви Вайнштейн 140 жилийн ХОРИХ ЯЛ сонсох гэж байна
ДэлхийХолливүүдийн хамгийн нөлөө бүхий продюсер явсан Харви Вайнштейнийг шүүх ажиллагаа өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотод эхэлжээ.
Түүнд хүчин болон бэлгийн халдлагын нийт 11 хэрэг тулгаж байгаа юм. Одоо 70 настай Вайнштейн 2020 оны хоёрдугаар сард Нью-Йорк хотын шүүхээс мөн бэлгийн хүчирхийллийн хэргээр 23 жилийн хорих ял сонсож байжээ. Хэрвээ Лос-Анжелесын шүүхээс тулгасан бүх ялаар шийтгүүлбэл тэр нэмээд 140 хүртэл жилийн хорих ял сонсох юм.
Лос-Анжелест түүнийг 2004-2013 оны хооронд таван эмэгтэйн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэнд буруутгаж байгаа.
Хохирогчдын нэг нь Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомын гэргий, жүжигчин, баримтат киноны найруулагч Женифер Сибел Ньюсом юм. Вайнштейн түүнийг бизнесийн уулзалтын үеэр хүчиндэхийг завдаж байсан гэдэг.
Тэрбээр өөрт нь тулгасан бүх хэргүүдийг үгүйсгэж, бүх хохирогчидтой харилцан зөвшилцсөний үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлдэг.
Хэдэн жилийн өмнөөс дэлхий даяар эхэлсэн #MeToo хөдөлгөөний хүрээнд эмэгтэйчүүд бэлгийн дарамт үзүүлдэг нэр нөлөөтэй эрчүүдийг илчилж эхэлсэн билээ. Тэдний хамгийн том төлөөлөгчдийн нэг Харви Вайнштейн юм.
2017 оноос хойш түүнийг нийтдээ 100 орчим эмэгтэй хүчин, бэлгийн дарамтын хэрэгт буруутгаад байгаа. Вайнштейний үйлдсэн хэргүүд 1970-аад оноос хойш үргэлжилж байна. АНУ-ын мужууд тус тусдаа хууль, шүүхтэй тул продюсер асныг ээлж дараалан шүүж байгаа.
Түүнийг 2021 оны долдугаар сард Нью-Йорк хотын шоронгоос Лос-Анжелесын шоронд шилжүүлсэн юм.