Жүжигчин Юн Хун Бин: Зарим хүмүүс ТҮЛХ гэж хашхирч байсан
ДэлхийЖүжигчин Юн Хун Бин аравдугаар сарын 29-нд Итэвонд болсон Хэллоуины баярын үеэрх эмгэнэлт явдлын тухай бичжээ.
Тухайн үед Итэвонд байсан тэрээр "Зарим хүмүүс битгий түлх гэж орилж байхад зарим нь түлх түлх гэж бусдыг турхиран хашхирч байсан. Цагдаа нар зөвхөн төв гудамжинд төвлөрсөн. Гэтэл хоолны гудамжны ард замбараагүй байдал үүсэж, хүмүүс маш ихээр бөөгнөрсөн байсан.
Би тамхилахаар гадаа гарахдаа түргэн тусламжийн машин руу хүмүүсийг зөөж байхыг харсан. Хүн бүрийг түргэн тусламжийн машин руу зөөх боломжгүй байсан учраас хүмүүст гудамжинд зүрхний массаж, хиймэл амьсгал хийж байсан. Хүмүүс ойр дотнын хүмүүсээ сэхээн амьдруулахын тулд нүдээ нээгээч хэмээн гуйж, зүрхний массаж хийж байсан.
Миний эргэн тойронд байсан хүмүүсээс ердөө нэг нь л сэргэж чадсан. Миний амьдруулахаар хичээж байсан хүмүүс ч мөн дахиж сэрээгүй. Цагдаа нар маш шургуу ажилласан. Гэхдээ хүмүүсийг захаас нь зохицуулах үедээ дунд байгаа хүмүүст хэцүү зүйл тохиолдоно гэж бодолцоогүй нь харамсалтай байна. Хүн бүр дахин ийм зүйлийг давтахгүйн төлөө хичээж, чухам яагаад ийм зүйл болсон тухайд анхаарлаа хандуулна гэж найдаж байна" гэж бичжээ.
Уг эмгэнэлт явдлын үеэр нийт 154 хүн нас барж, 133 хүн гэмтсэн гэх мэдээллийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд цацаж байна.
Амиа алдагсдын дунд 14 орны 26 гадаад иргэн байсан бөгөөд ихэнх нь 20 орчим насны өсвөр насны охид байсан тухай холбогдох албаныхан мэдэгджээ.