Сэтгүүлч Эмүжин: Энэ бүсгүйн гаргасан алдаа МАН-ын бодлого юм уу, уучлал гуйсан уу?
НийгэмЭнэ бүсгүйн гаргасан алдаа МАН-ын бодлого юм уу, уучлал гуйсан уу?
Бүсгүй хүн залуу, сайхан явахад гоочилж муулах нь хэтийддэг хорвоо шүү дээ гэж бодоод удаан дуугүй явлаа. Энэ удаа бол өөрөөр харагдаж байна шүү. Б.Болор-Эрдэнэ хэмээх энэ залуу хатагтай төрийн сангийн зээлээр хилийн чанадад суралцсан юм гэсэн. Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд боловсрол эзэмшиж, Солонгос, Англид магистр хамгаалсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэгт ажилласан туршлагыг нь харвал хоёр жилд гурван байгууллага сольсон. 2017, 2018 онуудад мөн л хоёр газар ажиллаад 2019 оноос Монголд ирсэн. Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдын зэрэгт яригдаж дэвшсэн. Хөрөнгө орлого нь 760 сая төгрөгийн орон сууц, 188 сая төгрөгийн автомашин, 300 орчим сая төгрөгийн хадгаламж, 50 саяын үнэт эдлэл, 50 саяын газар, 70 саяын мал, Ард даатгалын 2848 ширхэг хувьцаатай. Жилийн орлого 30.5 сая төгрөг. 2020 оны эхээр 180 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байсан бол мөн оны сүүлээр зээлгүй болжээ. Англи хэлний мэдлэг одоо цагийн хүүхдүүд шүүмжилмээр байсан нь үнэн. Гэвч үүнээсээ илүү өнөөдрийг хүртэл төрд хашсан өндөр алба, түүнтэй нь харьцуулахад илэрхий болчимгүй ярианы агуулга нь анхаарал татаж байгаа юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй хүн гуравдагч оронд оччихоод хөршөө муулаад сууж байж болох уу? Дээр нь ард түмнээ насласан нас, эзэмшсэн мэргэжил, туулсан цаг үе, үүрсэн түүхээр нь ангилан ялгаварлаад, эмзэг сэдвээр илт мэдэмхийрээд, гадныхны олз болоод сууж байх нь зохимжтой юу? Нөгөө геополитик, хөрш орнууд, гадаад харилцааны бодлого хаачив аа? Монгол Улс НҮБ-ын Украин Оросын талаарх санал асуулгад удаа дараа түдгэлзсэн байр суурь илэрхийлж, хоёр хуваагдан дайсагнаж буй дэлхийн төвд амьдрах гэж ядаж байна, үүнийг бүгд харж байна. Гэтэл Засгийн газрын төвшинд ажилладаг, дэд сайд гуай ийм болчимгүй алдаа гаргаж байгаа нь зориудын явдал уу, эсвэл ухааны хэмжээ, боловсролын ялгаа нь энэ үү? Хаана, юуг дэлгэн ярихаа тооцоолох ухаан хаачив аа? Дээр нь Б.Болор-Эрдэнийн энэ үйлдэл МАН дахь мангаруудын цувааны үнэн дүр төрхийг илчиллээ. МАН-д гадаадад зорьж очоод, дөрөв таван жил суралцаад, хажуугаар нь ажиллаад, тухайн орны аж байдал, соёл боловсролоос өөртөө шингээж уудлаад ирсэн удирдагч яг одоогийн байдлаар байхгүй. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын намтарт боловсролын байдал эргэлзээтэй, хэдэн сарын курс, бэлтгэл төдийд яригддаг. За ийм нүд, тархи нь боолттой нөхдүүдэд англиар хазгай мурий ярьдаг, намтартаа хэдхэн сар ажилласан байсан ч хамаагүй хэдэн том байгууллагын нэр биччихсэн Б.Болор-Эрдэнэ нарын залуус тэнгэр мэт үзэгдэж, тэртээ далай мэт санагдаж, оройдоо тахиж, олбогтоо суулгаад, ам ангайх тоолонд нь ахиулж магтаад, албан тушаал өгөөд сууж байхаас өөр яадаг юм? Үнэндээ бол Болор-Эрдэнийн үүсгэсэн гээд байгаа E Монголиаг анх хувийн хэвшлийн Гэрэгэ системийнхэн бий болгоод, хөгжүүлээд явж байсныг Болор-Эрдэнэ ХХЗХ-нд очингуутаа төрийн нэрээр, хамтран ажиллана гэсэн халхавчаар төрд дээрэмдсэн тухай мэдээллүүд гарч байсан шүү дээ. Монгол л урагшилж байвал аль нь ч яахав гээд бид амаа хамхисан. Гэтэл одоо нөгөө хөөрхөн охин маань Монгол Улсын гадаад харилцаанд нөлөөлөх зүйл яриад, гадныхны олз болоод сууж байдаг. Энэ төрд чинь бодлого, нууц гэж байдаггүй юм уу? Ингээд хэлбийгээд, хэтрүүлээд байж болдог юм уу? Үүнд нь тэгээд хариуцлага тооцох уу? Энэ бүсгүй өөрөө уучлал гуйсан уу? Боловсролын ялгаа байтугай бодлогын сэжүүрээ дэлгэсэн энэ мэтийн эгэл хүнийг бол төрд шургалсан тагнуул гээд далимдуулаад хорих биш үү? Энэ мэтийгээ нягталсан уу? МАН энэ залуу үе гэгдээд байгаа залуургүй үеийнхнийхээ боловсролыг дээшлүүлмээр байна. Эсвэл манай МАН Монголд монгол Зеленский төрүүлэх гээд зориуд өдөөн хатгаад байгаа юм уу? Төрийн төлөвшил, хүмүүжил бол энэ хүнээс харагдахгүй байна, эсвэл энэ төрлийн ёс зүйг хоцрогдол гэж буруу ойлгодог юм болов уу? Алив юм чигтэй, алдсан үг зүгтэй шүү!