Н.Учрал: Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-11-09 07:57:09

"Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гадаадын их сургууль төгсөгчидтэй холоотой байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Хэн ямар ур чадвартай вэ гэдгийг үнэлдэг болохоос биш мөнгө төлбөл хүн аль ч сургууль төгсөж болдог нийгэм. Мөнгө л төлбөл. Гадаадын их сургууль төгсөөд ирэхээр мундаг байна гэж хүмүүс буруу боддог. 

Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө. Харин амьдрал дээр бууж чадах уу гэдэг чинь асуулт. Америкт 10 жил болчхоод монгол хэлгүй, амьдрал мэдэхгүй, уламжлал ойлгохгүй, түүх, соёлоо хүндэтгэхгүй хэрнээ том том юм яриад байдаг. Энэ хүмүүст бид "Үгүй" гэж хэлэх ёстой" гэсэн байна. 

Түүнчлэн цахим хөгжил, харилцаа холбооны салбар бакалавр, магистрын зэрэг шаардахгүй талаар "Цаашдаа манай салбарт 28 сертификатын болзол хангасан хүнийг бакалавр, магистрын зэрэг шаардахгүйгээр ажилд авахыг сайдын тушаалаар зөвшөөрсөн.

Манай салбарт дөрвөн жил бакалавр хамгаалсан байхаас илүүтэй код бичиж чаддаг хүн хэрэгтэй байна. Бусдаас онцлог салбар. Олон улсын ня-бо мэргэшсэн аудитор гээд сертификат байдагтай адил тухайн жагсаалтуудыг батлаад бид бакалавр, магистрын диплом шаардахгүй. Гол нь ур чадвар байх ёстой. 

Манай салбар сургуульд сурсныг биш ур чадварыг үнэлдэг салбар. Ер нь дэлхий дахин өөрөө тийшээ явж байна" хэмээн хэлжээ. 


Холбоотой мэдээ