Шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял оноож, ₮109 тэрбумыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-11-09 12:59:01


"Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүргэе.

Тодруулбал, прокуророос Ш.Батхүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан хэлэлцээд:

Г.Амарбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Харин шүүгдэгч Ш.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлсэн ба түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,

Г.Алтанд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Улмаар шүүгдэгч Ш.Батхүүг

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,00 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 сая төгрөгөөр торгох ял мөн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Э.Сүрэнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 35 сая төгрөгөөр тогтоосон байна.

Мөн шүүхээс Ш.Батхүүгээс нийт 109,093,910,000 төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105,246,800,000 төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3,847,110.000 төгрөгийг олгохоор, шүүгдэгч Ч.Ганзоригоос нийт 1,848,863,461 төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 792,370,054 төгрөгийг тус тус гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар ХК-д олгохоор тус тус шийдвэрлэв.

Ташрамд дурдахад, Анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны долдугаар сараас хойш 10 удаа хойшилсны эцэст аравдугаар сарын 20-нд эхэлж, ийнхүү өчигдөр шийдвэрээ гаргасан юм. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан болж өчигдөр шийдвэрээ гаргажээ.

Өнгөрсөн оны долдугаар сараас хойш 10 удаа хойшилсны эцэст аравдугаар сарын 20-нд эхэлсэн тус шүүх хурлаар Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд агсанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн.

Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага аваад эргэж хуралдахдаа Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 100 гаруй тэрбум төгрөгийг нөхөж гаргуулахаар болжээ.

Шүүхийн дэлгэрэнгүй шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.



Холбоотой мэдээ