Твиттерийн захирлууд дараалан ажлаасаа гарцгааж, Маск дампуурлын талаар үг цухуйлгав
ДэлхийДэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авсны дараа гурван долоо хоног өнгөрөөд байна.
Энэ хугацаа тус компанийн хувьд маш их үймээн самуунтай цаг үе байлаа. Маск нийт ажиллах хүчний 50 хувийг цомхотгож, гүйцэтгэх захирлыг нь ямар ч урамшуулал шагналгүй ажлаас нь халсан.
Дараа нь тэр Твиттерийн бизнес загварыг өөрчлөх гэж оролдсон нь олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй тулгараад байгаа. Тэрбээр баталгаажуулалтын “хөх” тэмдгийг сарын хураамжтай болгох төлөвлөгөөтэй байгаа ба үүнийгээ дижитал зар сурталчилгааны орлого буурсан тул Твиттерийн ашигт ажиллагааг хангах зорилготой гэж тайлбарласан юм.
Энэ долоо хоногт Твиттерийн гол захирлууд ээлж дараалан ажлаасаа гарч байгаагаа зарлалаа.
Хамгийн сүүлд Твиттерийн контентын хяналт, зохицуулалтын бодлого хариуцсан захирал Ёол Рот ажлаа орхин явжээ. Түүнээс өмнө мэдээллийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Леа Кисснер, хэрэглэгчдийн хувийн нууцлал хариуцсан захирал Дамиэн Киеран, дотоод дүрэм журам хариуцсан захирал Марианне Фогарти, хэрэглэгчийн шийдэл хариуцсан захирал Робин Уилер нар ажлаас гарах өргөдлөө өгсөн юм.
Захирлуудыг бөөндөө ажлаасаа гарсан өдөр Маск анх удаа бүх ажилтнууддаа нээлттэй захидал илгээж, уулзалт зохион байгуулжээ.
Энэ үеэр тэр Твиттерийн ирээдүйн тухай төдийлөн сайн мэдээ дуулгаагүй гэнэ. “Сарын хураамжгүйгээр айсуй эдийн засгийн хямралд тэсэж үлдэх боломж Твиттерийн хувьд бага. Бид нийт орлогынхоо тал орчим хувийг сарын хураамжаас олдог болох шаардлагатай” гэж Маск ажилтнууддаа тайлбарлажээ.
Тэр бас компани “дампуурахгүй гэсэн баталгаа байхгүй”-г энэ үеэр анхааруулсныг олон эх сурвалж баталж байна.
Твиттерийн бодлогыг тодорхойлдог гол захирлууд бөөндөө ажлаас гарсанд Цахиурын хөндийн компаниудыг хянаж, зохицуулдаг АНУ-ын засгийн газрын гол байгууллага Холбооны Худалдааны Комисс (FTC) санаа зовж буйгаа илэрхийлсэн нь ховор тохиолдол байлаа.
Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчийн асуултад хариулахдаа Илон Маскийн гадаад орнуудтай үүсгэсэн хэлхээ холбоог шалгах ёстой гэж хариулсан нь бас анхаарал татсан юм.
Маск Твиттер компанийг худалдаж авахдаа Саудын Араб, Катарын язгууртнуудаас хөрөнгө татсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тухайлбал Саудын Арабын хунтайж Твиттерийн хоёр дахь том хувь эзэмшигч болсон гэх яриа тараад байна. АНУ-ын нийгэмд нөлөө бүхий сошиал платформыг ямар хүмүүс эзэмшиж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал гэж олон хүн болгоомжилж байна.
Эх сурвалж: The Guardian