Оросын тал АНУ-ын сагсан бөмбөгийн одыг зэвсгийн наймаачнаар солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-11-19 03:59:14

Мансууруулах бодис биедээ авч явсан хэргээр Оросын шүүхээс есөн жилийн хорих ял сонссон АНУ-ын иргэн, сагсан бөмбөгийн тамирчин Бритни Грайнерыг саяхан Мордовын шоронд ялыг нь эдлүүлж эхэлсэн тухай өмгөөлөгч нь мэдээлсэн билээ.

Тэгвэл түүнийг оролцуулан Оросын шоронд ял эдэлж буй АНУ-ын иргэдийг алдартай зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцох сонирхолтой байгаагаа ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд өчигдөр Интерфакс агентлагт ярьжээ.

“Бид тодорхой тохиролцоонд хүрэх цаг ирнэ гэдэгт би найдаж байна. Энэ асуудлаар Америкчууд нийтэд нээлттэй ажиллаж байгаа бол бид зөвхөн тусгай мэргэжлийн шугамаар ажиллаж байгаа. Солилцохоор хэлэлцэж буй хүмүүсийн дунд Виктор Бут бий. Эерэг үр дүнд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж дэд сайд Сергей Рябков ярьсан байна.

Хүйтэн дайны үеийн өрсөлдөгч хоёр орон ийм тохиролцоонд хүрч чадвал түүхэнд тэмдэглэгдэх том ялтан солилцоо болох юм.

Солилцоонд хамрагдах АНУ-ын иргэдэд Грайнераас гадна тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр Оросын шоронд 16 жилийн хорих ял эдэлж буй Пол Вэланы нэр яригдаж байгаа.

Харин Оросын талаас сольж авахыг хүсэж буй Виктор Бут нь “үхлийн худалдаачин” нэрээр дэлхий дахинд алдаршсан зэвсгийн томоохон наймаачин юм. Тэрбээр Африк, Ази, Өмнөд Америкийн орнууд, босогчдын бүлэглэлүүд, дарангуйлагчдад бараг 20 жилийн турш галт зэвсэг нийлүүлж байжээ.

2008 онд тэр Колумбын ФАРК партизаны бүлэгт 100 ширхэг газар-агаар ангиллын пуужин нийлүүлэх хэлэлцээ хийсэн нь илэрснээр баривчлагдсан юм. ФАРК бүлгийн төлөөлөгчийн нэрээр Буттай уулзахдаа АНУ-ын тагнуулын ажилтан нууц камер ашиглан хууль бус наймааг нь баримтжуулж байжээ.

Партизаны бүлэг эдгээр зэвсгийг АНУ-ын цэргүүдийн эсрэг ашиглах гэж байсан юм. Удалгүй Бутыг Тайландын цагдаа нар баривчилж, АНУ-ын талд шилжүүлж байв.

2012 онд Манхэттены шүүх түүнд 25 жилийн хорих ял оноосон юм.

Тэр үеэс хойш ОХУ-ын эрх баригчид Бутыг суллуулахаар тасралтгүй хөөцөлдөж байжээ.

 Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ