Нэгэн үед Цахиурын хөндийн од болж байсан эмэгтэй 11 жилийн хорих ял сонслоо
ДэлхийАНУ-ын Холбооны шүүх өчигдөр Theranos компанийн үүсгэн байгуулагч Элизабет Холмсд 135 сар буюу 11.25 жил шоронд хорих, суллагдсаны дараа 3 жил хуулийн хяналт дор амьдрах шийтгэл оноожээ.
Түүнийг хөрөнгө оруулагчдыг мэхэлж, луйвардсан гэх нийт дөрвөн зүйл ангиар шийтгэсэн юм. 38 настай Холмс хөл хүнд болсон нь шүүх хурлын үеэр харагдаж байв. Тэр одоо нэг ойтой хүүхэдтэй юм.
19 настайдаа Стэнфордын их сургуулиас гарсан Холмс анагаах ухааны технологийн Theranos компанийг үүсгэн байгуулж байв.
Тэрбээр хүний ганц дусал цусаар олон зуун өвчний оношийг тогтоодог технологи бий болгосноо зарлаж, хөрөнгө оруулагчдыг хуйлруулж байжээ.
Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер, батлан хамгаалахын сайд асан Жэймс Мэттис зэрэг олон нэр хүндтэй хүмүүс Theranos компанид хөрөнгө оруулж байв.
Энэ үеэр Элизабет Холмс технологийн салбарын хамгийн алдартай хүмүүсийн нэгээр тодроод байжээ.
Гэвч 2015 онд The Wall Street Journal сэтгүүлд анх түүний технологи сурталчилж байгаа шигээ биш болохыг илчилсэн нийтлэл гарснаар Theranos-ийн уналт эхэлж байв.
2018 онд Theranos компани татан буугдаж, Холмсыг хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Холбооны прокурорууд түүнд 15 жилийн хорих ял, $800 саяын хохирлыг барагдуулах шийтгэл төлөвлөснөө шүүхэд танилцуулсан юм.
Харин өмгөөлөгчид нь Холмсд 18 сараас хэтрэхгүй хугацаанд гэрт нь хорьж шийтгэх хүсэлтийг шүүхэд гаргаад байжээ.
Элизабет Холмс компани доторх үйл ажиллагааны талаар бүрэн мэдээлэлгүй байсан, хуучин найз залуу нь болох Theranos-ийн гол захирлуудын нэг Санни Балвани түүний шийдвэр гаргалтад нөлөөлж, зарим тохиолдолд дарамталдаг байсан гэж өмгөөлөгчид нь ял хөнгөлөх үндэслэлээ тайлбарлаж байв.
Theranos-ийн луйврын нэг гол зохион байгуулагч гэгдэж буй Балванигийн шүүх хурал ирэх сард болохоор товлогдсон юм.
Шүүхээс өчигдөр хөрөнгө оруулагчдын хохирлын хэмжээг $121 сая гэж тогтоожээ.
Хэрвээ Theranos луйврын хэрэгт холбогдоогүй бол хөрөнгө оруулагчдын нийт хувьцааны үнэлгээ нь хамгийн багадаа ийм хэмжээтэй байх байсан гэж тооцоолсон байна.
Хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх шийдвэрийг шүүх дараа тусдаа гаргахаар болжээ.
“Би Theranos-ийн өмнөөс хариуцлага хүлээхээр энд зогсож байна.
Би компанидаа хайртай байсан, энэ бол миний амьдралаа зориулсан ажил байсан.
Би маш их харамсаж байна.
Өөрийн компаниа аврахын тулд бүх зүйлээ зориулсан.
Сүүлийн хэдэн жилийн турш би өдөр бүр гаргасан алдааныхаа төлөө зовж шаналж байсан.
Эргээд бодоход маш олон зүйлийг өөрөөр хийж болох байсан гэж боддог.
Хийсэн алдаандаа би биеийнхээ эд эсийн ширхэг бүрээр харамсаж байна” гэж Холмс шүүх хурлын үеэр нүдэндээ нулимстай ярьсан юм.
Тэрбээр хорих ялаа 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эдэлж эхлэх юм байна.
Эх сурвалж: Business Insider