Аялагч Мараховец: Монголд ирвэл эрх чөлөөтэй гэдгээ мэдэрнэ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-11-19 09:30:53

Оросын блогчин, аялагч, гэрэл зурагчин Алексей Мараховец Монголд аялсан сэтгэгдлээ Рупор 73 хэвлэлийн сэтгүүлчтэй хуваалцсаныг орчуулан хүргэж байна.

 

- Яагаад заавал Монголыг сонгов  оо? 

 

- Монгол явъя гээд бараг найман жилийн өмнөөс л бодсон. Ойрхон юм чинь хэзээ ч очиж амжина гээд хойшлуулаад байсан юм. Мөн аялалд тохирох машинаа олоогүй байсан, учир нь Монгол руу өөрөө машинаа жолоодож явъя гэж бодож байлаа. Энэ орноор удаан аялахын тулд очиж үзээгүй орнуудын тоонд Монголыг их удаан байлгасан. Ингээд энэ жил явахаар шийдсэн юм. Дээр нь, Монгол бол машинаар яваад очиж болох цөөхөн орнуудын нэг шүү дээ. Мөн гэрэл зурагчны хувьд Монгол бол сонирхолтой газар. 

 

- Монголын хаагуур зочлов?    

 

- Долоон хүний бүрэлдэхүүнтэй, хоёр машинтайгаар Монголын талыг тууллаа. Алтай талаас орж ирээд, Хятадын хил хүртэл явж, говь үзэж, Даланзадгадаар дайран Улаанбаатар хүрсэн, тэндээсээ дахиад өөр тийш аялалд гарсан. Бид 23 өдрийн дотор 5000 км замыг тойрсон. Гэр хүртлээ нийт нэг сарын хугацаа, 13400 км замыг туулсан. Монголын хамгийн сонин, содон үзэсгэлэнтэй газруудаар орж, хадны сүг зураг, үлэг гүрвэлийн өлгий, элсэн тасархай, үзэсгэлэнт нуураар аялж, гэрт хонож, галт уулын тогоо хүртэл орж үзсэн.

 

- Хамгийн тод, гэнэтийн сэтгэгдэл юу байв? Юу таныг илүүтэй гайхшруулсан бэ? 

 

- Монголыг бүхэлд нь үзчихлээ гэж хэлж болохгүй, энэ оронтой танилцахад хэдэн жилийн хугацаа ч багадна. Гэхдээ гурван долоо хоногийн аяллаар чамгүй газрыг үзлээ. Монгол цаг мөч тутамд л гайхшруулж байсан, нэг байгалийн үзэсгэлэн өнгөрөөд л нөгөөх нь залгана. Энэ орон ийм өвөрмөц, өөр өөр өнгө төрхтэй гэж хэзээ ч бодож байсангүй!

 Манайхны олонх нь энэ орныг уйтгартай, тал хээр газар л гэж боддог. Гэтэл энд Норвеги, Марокко, Алтайн нуруу тэр бүү хэл Ангараг гарагийг санагдуулам байгалийн үзэсгэлэн оршиж байна. Зарим үед гэнэт л Исландад, Камчаткад оччихсон ч юм шиг санагдана.

-Монголын хоол ямар санагдав? 

 

Монгол бол банш, буузанд дурлагчдын диваажин. Эндэхийн хамгийн алдартай хоол нь "бууз" гэх том банш. Монгол хоол ихэвчлэн мах ихтэй байдаг. Хонины мах, үхэр, ямааны мах иддэг.  Монголчууд гахайн мах иддэг ч гэлээ энд гахайн мах ховор.

 Монгол хоол европчуудын хувьд хүнд хоолонд тооцогдоно, өөх тос ихтэй. Тиймдээ ч бид зарим үед өөрсдөө ногоо худалдаж аваад, хоолоо хийж байсан. Гэхдээ Монголын бүх хоол амттай, монголчууд сайтар хооллох дуртай, мөн хоол маш сайн хийдэг. 

 

Хоолнууд нь энгийн, зарим нь бүр хачирхмаар. Жишээ нь банштай цай гэж хоол байна. Энэ нь цайн дотор баншнуудыг хийчихсэн хоол. Амт нь бол банштай шөл шиг. Түргэн хоолнууд дундаас хамгийн алдартай нь хуушуур. 

 

-Монголыг ямар үгээр илэрхийлэх вэ? 

 Эрх чөлөөт орон. Монголд ирвэл үнэхээр л өөрийгөө жинхнээсээ эрх чөлөөтэйг мэдэрнэ. Аюулгүй орон. Монголчууд найрсаг, зочломтгой улс. Өнгөлөг орон. Монголчууд түүхээ дээдэлж, зуун дамжин соёлоо тээж яваа ард түмэн. Монголд өнөөдөр ч өдөр тутамдаа үндэсний хувцсаараа гоёдог. 

 

-Монгол руу дахиж явахыг хүсэж байна уу? 

 

- Тийм ээ, нэг удаа яваад ч тогдохгүй, олон удаа явна гэж бодож байгаа. Энэ удаад явахдаа үзэж амжаагүй газруудаа тэмдэглэчихсэн байгаа, дараа явахдаа тэр газруудаар заавал очно. 


Холбоотой мэдээ