Х.Нямбаатар: Би нээх цамцаа урагдтал гэж ярьдаггүй ч болж бүтэхгүй байгаа болгонтой тэмцэж ирсэн
Улс ТөрХууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар болон салбарын бодлогын талаар ярилцлаа.
“БИ ЦАМЦАА УРАГДТАЛ ТЭМЦЭНЭ ГЭЖ ЯРЬДАГГҮЙ Ч ТОГТОЛЦООНЫ БОЛЖ БҮТЭХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛГОНТОЙ ТЭМЦЭЖ, ДУГАРЧ ИРСЭН”
-Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол нүүрсний хулгай. Нүүрсний хулгайн асуудал удаан хугацаанд яригдаж байгаа боловч шийдэгдсэн асуудал байхгүй өнөөдрийг хүрсэн нь худлаа биш. Үүний гол шалтгааныг хуулийн байгууллагатай их холбож байна. Үнэхээр нүүрсний хулгай илрэхгүй байгаа нь хууль, хүчнийхэнтэй холбоотой юу?
-Нэгд, төрийн өмчит компанийн засаглал сайн биш байгаагийн тод жишээ энэ. Хувийн өмчит компанийн нүүрсний уурхайгаас хэдэн их наяд байтугай хэдэн саяар тоологдох нүүрс алга болох ямар ч боломжгүй. Тиймээс бид төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хоёрт, бид БНХАУ-ын прокурорын байгууллагатай хамтарч ажиллах чиглэлийг гадаад харилцааны шугамаар ярьж байна. Монголд дан ганц шингээгүй, экспортлогч орон руу гаалийн татвар төлөгдөөгүй болон тухайн компанид нүүрсний төлбөр төлөгдөөгүй гарсан нүүрсийг бид нүүрсний хулгай гэсэн томъёоллоор шалгаж байгаа. Дээр нь ОПТЕК-тэй холбоотой асуудлууд бий. БНХАУ, Монгол Улсын гаалийн мэдээлэл зөрдөг гэдгийг өмнө нь хэлсэн. БНХАУ руу гарсан бүх тээврийн хэрэгслийн бүртгэл, ачаатай, ачаагүй гарсан шалгалтууд бас хийгдэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд мөрдөн шалгагдаж байгаа хэргийн талаар нарийн мэдээлэл авах эрх байхгүй. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. АТГ-ын удирдлагууд Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, ил мэдээлж болох тэр мэдээллийг авах нь зөв байх. Огт шалгагддаггүй байсан асуудал шалгагдаж, эхнээсээ хил, гаалийн ажилтнууд нүүрсний хулгайн хэрэгт ял сонсоод, яллагдагчаар татаад шалгалтын ажил үргэлжилж байна. Нилээд олон хүнийг хамарсан шалгалтын ажлууд үргэлжлэхээр төлөвтэй байна гэж харж байна. Жилд бид нэг машин ойролцоогоор 90-100 тонны нүүрс тээвэрлэж, 10 гаруй сая тонн нүүрс гаргадаг гэж үзэхэд БНХАУ-ын гаалийн мэдээ, орсон гарсан автомашины бүртгэл, манайхаас гарсан машины бүртгэлүүдэд тулгалтын ажил хийж байна. Тухайн үед уурхай дээр ажиллаж байсан удирдлагууд, хил, гаалийн ажилтуудтай холбоотой мэдээллүүдийг нэг бүрчлэн шалгаж, тогтоосны дараа тодорхой дүн гарна.
Нэг асуудал олны анхааралд орж, шалгагдаж, буруутай хүмүүст хариуцлага хүлээлгээд эхлэхээр цаашид энэ төрлийн асуудлыг хүний хүчин зүйлээс үл хамаарах байдлаар цахимжиж хяналтыг явуулдаг тогтолцоо руу бид шилжинэ.
2017 онд УИХ-ын Л.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэгт би гишүүн нь байсан. Тэр үед Л.Энхболд гишүүн 2012-2015 оны google map дээрх мөргөцөгийн зураг багасч, байхгүй болсон талаар мэдээлж, тэр үед ажлын хэсэг газар дээр нь очиж үзсэн. Жижиг Тавантолгойн удирдлагууд тэр хэсгийг авсан, уулын ажлын нөхцөл байдлаас шалтгаалж авсан. Хоёр байгууллага хоорондоо акт үйлдсэн гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш хууль хяналтын байгууллага ямар ажил хийсэн, хаана гацсан бэ гэдэг асуудал. Тэр нүүрс жижиг Тавантолгойн нэр дээр Гашуунсухайт боомтоор гарсан юм уу, хэн нэгэн албан тушаалтан гаргасан уу гэдгийг нарийвчлан тогтоож байна гэх сүүлийн мэдээллийг надад өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн яам шалгадаг байгууллага биш учраас нарийн мэдээлэл алга. Яам гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд тодорхой байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хүн хүчээ зөв хуваарилахад тал дээр чиглэл өгөх үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрх яаманд байхгүй.
-Нүүрсний хулгайн хохирлын хэмжээг хүмүүс олон янзаар ярьж байна. Яг тодорхой дүн байна уу, танд мэдээлэл байна уу. Үнэн, худал нь мэдэхгүй тоонууд олон нийтийг их эргэлзүүлж байна?
-Үнэлгээ гаргасан хүмүүсээс асуух хэрэгтэй. Нийт хохирлын үнэлгээг Шүүх шинжилгээний байгууллага гаргах ёстой. Дөнгөж энэ процесс нь эхэлж байгаа учраас өнөөдөр би тоо хэлэх боломжгүй. Сошиал орчинд том синсаацтай асуудал дээр давалгаа, өхөөс үүсгээд тодорхой тоотой дүн яриад байх шиг байна. Шүүх шинжилгээний байгууллагын гаргасан дүнгээр үнэлгээ, хохирлын асуудлыг ярина. Монгол Улсын тогтолцоо нь Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хууль зүйн бодлого тодорхойлох, дотоод аюулгүй байдлын салбарыг мэргэжил арга зүйн удирдалага, бодлогоор хангах үүрэгтэй. Түүнээс гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд прокуро, шүүгчийг томилдог эрх байдаггүй, ХЗДХЯ-нд. Ерөнхий сайд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэгт орж хэлэлцэх ёстой гэсэн чиглэлийг өгсөн байгаа.
-Нүүрсний хулгайтай МАН, АН хоёулаа холбоотой. Тэгэхээр Х.Нямбаатар намынхаа нүүрсний хулгайчидтай тэмцэж чадахгүй гэж иргэд шүүмжилж байгаа?
-Би нээх цамцаа урагдтал тэмцэнэ, ноцно гэж ярьдаггүй ч гэсэн өнгөрсөн хугацаанд тогтолцооны болж бүтэхгүй байгаа юм болгонтой тэмцэж, тэмцэлдэж, дуугарч ирсэн. Тэгэхээр олон нийтийн анхааралд орсон сэдэв дээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн санал боловсруулах эрх үүрэг нь бий. Энэ асуудал дээр ямар нэг намын болон бусад гэх мэт явцуу эрх ашигт хөтлөгдөхөөргүй хэмжээнд чанагдаад явж байгаа. Олон нийтийг энэ асуудал дээр эргэлзэх хэрэггүй л гэж бодож байна.
“Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСАГ АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ӨНДӨР ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙГАА, ҮҮНИЙГЭЭ Ч ХИЙЖ БАЙНА”
-Та, танай нам авлигатай тэмцэнэ гэж их ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлээр бодлогын хувьд ямар шийдэл, ажил хийсэн бэ. Олон нийтийн хүсээд байгаа авлигатай Х.Нямбаатар, Засгийн газар тэмцэж чадсан уу?
-Бодлогын хувьд сая цахим багц хууль оруулж, хууль хэрэгжүүлж, яамыг нь байгуулаад ажиллаж байна. Иргэд төрийн үйлчилгээ авах гэж хэн нэг даргын үүд сахиж, тохой татаж тодорхойлолт авдаг, даргын гарыг хүндрүүлж байж лиценз, зөвшөөрөл авдаг тогтолцоог цахим руу шилжүүлэх, хиймэл оюун ухаан шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлэх гэж энэ багц хуулийг боловсруулж, батлуулаад хэрэгжүүлж байна. Олон жил яригдсан авлига байдаг төрийн өмчит компаниудын хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Одоо УИХ-ын асуудал болсон. Олон жил ярьсан Шүгэл үлээгчийн хуулийг өргөн барьсан, Улс төрийн намын санхүүжилтийн хуулийг боловсруулж байна. Бодлогын түвшинд төрийн албыг цомхон, тогтолцооны хувьд оновчтой болгох Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Олон жил төрийн алба, нийтийн алба хоёроо ялгаж чадаагүй ирснийг өөрчилж, төрийн албаны өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн тогтолцоог өөрчлөх реформын хуулийг яг одоо боловсруулах шатандаа явж байна. Эрүүгийн хууль тогтоомжид авлигатай холбоотой ял шийтгэл, хөөн хэлэлцэх хугацааг завхруулсан тогтолцоог өөрчлөхийн тулд хуулийг нь батлуулсан. Өнөөдөр ямар нэг байдлаар ял завшсан зүйл алга, эргэж, нөхөж ял шийтгэх ажиллагаа явуулж, шүүхээр орсон. Эрүүгийн хууль тогтоомжийн ялын бодолгыг чангатгах ажил хийгдэж байна. Авлигтай тэмцэх гэдэг лоозогнохын нэр биш. Авлигатай тэмцэнэ гэдэг бол авлигын уг үндэс нь хаана байгаа, түүнийг арилгахыг хэлнэ.
Жишээлбэл, улс төрийн намуудын санхүүжилтийг шийдэхгүйгээр мянга улс төрийн намын дарга, удирдагчид гарч ирээд нэмэргүй. Бид авлигатай тэмцье гэвэл хоёр үндсэн зүйл дээр фокуслах ёстой. Улс төрийн намын санхүүжилт, түүнийг бий болгодог төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал хоёроо өөрчлөх ёстой.
Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагуудыг сонгон шалгаруулж, томилдог тогтолцоог хуульд оруулж, УИХ эцэслэхээр хүлээгдэж байна. Авлигатай тэмцэнэ гэдэг нь чанга дугарснаараа, хий лоозоглосноороо, олон хүнийг хорьсноороо шийдэгддэг зүйл биш.
-Авлигатай тэмцэнэ гэж чанга дуугарснаараа, олон хүнийг хорьсноор шийддэгдэг зүйл биш гэж та хэллээ. Тэгээд "чанга дуугаралгүй"-гээр хийсэн, авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн ажлууд чинь юу юм бэ?
-Авлигын мөнгө хаашаа урсдаг юм бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ бол үе үеийн сонгууль, улс төрийн намын санхүүжилт руу явдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүний тулд улс төрийн намын сонгуулийг заавал жижиг тойргийн зарчмаар, суртал ухуулаг, ном хэвлэл, бусад сурталчилгааны материалд их мөнгө үрэгддэг хэлбэрээр биш. Нам өөрийнхөө бодлого концепцийг танилцуулаад эсвэл холимог тогтолцоогоор явуулж, түүний зардлыг төсвөөс хариуцдаг, нам өөр өөрийн гэсэн байр, хэвлэл мэдээлэлтэй, санхүүжүүлдэг төрийн бус байгууллагуудтай байх шаардлага байна уу, үгүй юу гэдгээ эргэж харах хэрэгтэй. Авлигын хамгийн их зардал хаанаа явдаг вэ гэдгийг зөв харж л байгаа бол Улс төрийн нам, намын санхүүжилтийн хуулиар цоо шинээр реформ хийх ёстой гэдгийг хамгийн түрүүнд ярих ёстой. Үүнийг зөв оношилж байгаа бол авлигтай тэмцэх чин хүсэл байна л гэж ойлгох хэрэгтэй.
Дараагийн асуудал нь хаанаа авлигын мөнгө үүсч байна вэ. Хэн улс төрийн намд нөлөөтэй, ойр тойрны хүн, фракцийн төлөөллөө мөнгөнд ойр албан тушаалд тавих вэ гэдгээ болиод тухайн улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захирлаар тухайн салбартаа тэдээс доошгүй жил ажилласан намтартай хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна, таны цалин жилийн тэд байна гээд өвчнөө эмчлэх ёстой.
Эхнээсээ УИХ руу оруулаад явж байгаа. Сая бид Германы төмөр замын компанийн засаглалыг судалсан. Одоогоос 30 жилийн өмнө Германы төмөр замын компани дампуурсан, ашиггүй ажилладаг, маш хүнд байсан юм билээ. Тэд төрийн болон орон нутгийн өмчит компанийг нэгт эрүүл байлгая гэвэл ашигтай ажиллуулах зарчмыг баримтлах ёстой. Хүчээр төр тарифаар нь барьж, сонгуулиар таалагдахын тулд төмөр замын тарифыг нэмэхгүй гэх мэт популист амлалтуудаас зайлхийсэн гэж байгаа юм. Хоёрт, чадварлаг менежрүүд удирдах ёстой, нээлттэй засаглалыг бүрдүүлэх ёстой гэсэн зарчмуудыг барьж, хөндөлөнгийн хяналтыг сайжруулж, бизнесийн бүтцээ зөв болгосон байгаа юм. Герман улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа дэд бүтэц бол төрийнх, зам дээр хувийн секторууд өрсөлдөнө гэж зааж өгсөн байгаа юм. Өрсөлдөөн дунд эрүүл бизнес бий болно. Монголд бол Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн I. II-р анги гээд маш нүсэр босоо тогтолцоотой явдаг. Бизнес өрсөлдөөнтэй болоод ирэхээр үнэ зах зээл дээр өрөсөлдөөнтэй, ашгийн төлөө, эрүүл байна, бага хүн хүчээр бизнесээ явуулна гэдэг зарчимтай л явж байгаа юм.
-Чөлөөт, эрүүл, өрсөлдөөнгүй бизнесийн зарчмаар ашиггүй ажилладаг нь авлигын үүр уурхайн болдгийг бүгд мэднэ. Гол нь үүнийг өөрчлөх, авлигатай тэмцэх нь эрхбаригчдын хийх ёстой ажил биш үү. Тэр тусмаа МАН зургаан жил засаглаж байгаа шүү дээ?
-Авлигын асуудал гэхээс илүү бид тогтолцооны шинэчлэл хийж чадаагүй. Одоо харин өнгөрсөн 30 жил явж ирсэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Б.Энхбаяр гишүүн томилогдсон. Бид нэг алхам урагшилсан. Авлигатай тэмцэх чиглэлээр бодлогын хувьд юу хийсэн бэ гэдэг асуултад бодлогын түвшинд хийж байгаа ажлуудыг эхнээс нь дурдаад байгаа юм. Бид авлигатай тэмцэхийн тулд суурь, үүсвэрийг нь л зөв оношлох ёстой түүний тулд бид ажиллаж байна.
Шүгэл үлээгчийн хуулийг матаасны харилцаа гээд байгаа. Матаасны тогтолцоо гэдэг бол олон нийтийн хяналтын тогтолцоо. Томоохон төрийн өмчит компаниудын санхүүгийн тайлан уншдаг хэдэн залуучууд байх ёстой. Бүр нарийвчилж, санхүүгийн тайланг нь уншаад сэжигтэй гүйлгээ гараад ирвэл шалгуулдаг, зөрчил илэрвэл хувийг нь авдаг. Энэ өөрөө олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгодог.
Шүгэл үлээгчийн харилцаа төгс байсан, гааль дээр хяналт тавих олон нийтийн хяналт бий болгочихсон байсан бол бид өнөөдөр нүүрсний хулгай яриад сууж байхгүй байсан. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүй байсан. Тэгэхээр бид тогтолцоогоо зөв болгоно гэдэг нь авлигатай хийх том тэмцэл. Нэг зүйл онцлоход, хэзээ өмнө нь төрийн өмчит компаниудын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна, улс төрийн намууд өмчгүй байя гэдэг санаачлага эрх баригч намаас гарч байсан юм бэ. Бид эрмэлзлэл байна гэдгээ олон нийтэд ойлгуулахыг л хүсч байна.
-Шүгэл үлээгчийн тухай хуулийг матаасыг дэмжих, хэн нэгнийг хэлмэгдүүлэх хууль болчих вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа нь худлаа биш. Заавал бие биенээ матаж, матарлахгүйгээр авлигатай тэмцэж болохгүй байсан уу?
-Сайн хууль гараад бодитойгоор хэрэгжүүлэх ёстой. Матаас гэдэг нь өөр зүйл. Шүгэл үлээнэ гэдэг нь нийтийн эрх зүйн субьект, албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагаа бүрт олон нийтийн хяналтыг бий болгож байна. Олон нийт хяналтаа тавьж, гаргаж ирээд шүгэл үлээгээд, хуулийн байгууллага шалгаж гэм буруутай эсэхэд нь хариуцлага тооцдог, учруулсан хохирлоос нь шүгэл үлээгчид урамшуулал олгодог энэ тогтолцоог л хэлж байгаа юм.
-Таныхаар бол Шүгэл үлээгчийн хууль матаасны хууль болох эсэхийг цаг хугацаа харуулах юм байна зөв үү?
-Энэ хууль матаасны хууль биш ээ. Хуучин тогтолцооны хүмүүсийг гарал угсаа, шашийн шүтлэгээр нь матдаг, ажил амьдралаар нь шийтгэж байсан олон тохиолдол бий. Түүнээс шал өөр. Одоо нийтийн албанд хүсч ажиллаж байгаа. Хүсч ажиллаад, ажлаа хийх явцдаа нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх тэр хуулийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаанд нь хүмүүс хяналт тавьж байгаа асуудлыг л хэлээд байгаа юм.
-Авлигатай тэмцэж байгаа гэлээ. Гэтэл хэдэн арван, хэдэн зуун тэрбумын авлига аваад хэдхэн саяар торгуулаад байгаа нь шударга бус гэсэн шүүмжлэл их гарах болсон?
-Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АТГ хамгийн их эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож, прокурорын байгууллагад шилжүүлж өгсөн. Хамгийн их авлигын гэмт хэргийн улмаас хохирлыг улсын орлого болгож чадсан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид авлигтай тэмцэх хүсэл эрмэлзэл байна уу, үгүй гэдгийг тоо статистик харуулах ёстой. Өнгөрсөн жил 100 гаруй тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийг улсын орлого болгосон. Энэ бол маш том тэмцэл, эрмэлзэл байна гэдгийг харуулах байх гэж бодож байна. Зарим хүмүүс авлигын хэрэг хялбаршиж байна гэдэг. Нөгөө талдаа кримнологийн судлаачид энэ нь алигын гэмт хэрэгтэй хамгийн сайн тэмцэж байгаа, хэргийг хурдан шийдэж байгаа хэлбэр гэдэг. Яагаад гэвэл тэр хүмүүс нийтийн албанд орох эрхээ хасуулж байна, хохирлоо төлүүлж байна. Мөн олон нийт, сошиалаар давхар “шүүгдэж” байгаа юм. Тэрбум, тэрбумын хохирол учруулаад яагаад 40 сая төгрөгөөр торгуулаад байна вэ гэдэг асуудал бий. Гэтэл шүүхийн процесс хэт удаашралтай байдаг.
Санаж байгаа бол Жастын Ш.Батхүү нарт холбогдох хэрэг 10 жилийнхээ ойн дээр шийгдэж байх жишээтэй. Ердийн журмаар явах нь нэг талдаа өнөөдрийн процессын согогуудыг ашиглаад өмгөөлөгчөө солих, шүүгчээс татгалзаад хугацаа алдаад байдаг. Нөгөө талдаа энэ хэргийг шууд хүчээр шийдэж болдоггүй вэ гэхээр НҮБ-ын Хүний эрхийн суурь зарчмаар өмгөөлүүлэх, нотлох баримттай танилцах, няцаалт өгөх, татгалзах эрхтэй гээд олон эрхүүд хөндөгддөг.
Гэмт хэргийн шалтгаан судалдаг хүмүүс бол тэр хүнийг гэм буруутай гэдгийг нь тогтоож байна гэдэг нь өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь хамгийн үр дүнтэй хэлбэр байна гэж дүгнэдэг. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс Эрүүгийн хууль дахь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ял шийтгэлийн бодлогоо чангатгая, тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хялбарших ойлголтыг хасах саналаа УИХ-д өргөн барьсан байгаа. Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг нь 20 жил хүртэл хугацаагаар хязгаарлах санал ч бий. Бид эрмэлзэл байна, УИХ хуулиа батлах ёстой, баталсан хуулийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар байх ёстой. Эрмэлзэлгүйгээр хууль санаачилж, батлуулна гэж байхгүй. Иргэд маань Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэх өндөр эрмэлзэлтэй байгаагаа дээрх хууль тогтоомжуудаар илэрхийлж байна гэдгийг ойлоосой. Газар бол хамгийн том авлигын асуудал. Одоо бид Газрын багц хуулийг оруулж ирж байна. Газрыг хэн нэг дарга, даамал, Засаг дарга хүнд олгодогийг болиулж байгаа. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өмнөх жил нь Иргэдийн хурал баталж, дараа жил нь онлайн дуудлага худалдааг зохион байгуулна. Хоёрхон тохиолдол буюу төр өөрөө тодорхой бүтээн байгуулалт хийх, иргэдийн 0,07 га газрыг үнэ төлбөргүй олгоно, бусдыг нь бүгдийг нь дуудлага худалдаагаар шийднэ. Цаашид байгаль орчны тусгай хамгаалалтын бүсэд газар олгох гэх мэт бүх газар олголтыг нэгдсэн байдлаар л зохион байгуулдаг болно. Өмнөх үеэдэд байгаль орчны сайд нар тусгай хамгаалалтын газрыг ямар болгосныг бүгд мэдэж байгаа. Хууульд Богд ууланд газар олгохгүй, олговол эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэж хуульдаа тусгах ёстой гэж би хэлсэн.
“ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ДЭЭРЭМДСЭН ПРОКУРОРЫН БАРИЛГЫГ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ӨМЧ БОЛГОНО"
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хүмүүсийг та зарласан. Цаашдаа тэгээд яах вэ. Үнэндээ цар тахлын дараа Монголд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал байгаа. Цаашид таныг энэ асуудалтай хэрхэн тэмцэх бол гэсэн хүлээлт их байх шиг байна?
-Энэ асуудал дээр нийтээрээ Монгол хүн “муухай монгол хүн” гэдэг нэр имижээсээ салмаар байна. Монгол хүн хүнтэй гэрээ хэлэлцээр хийсэн бол хийсэн шиг хийдэг, арилжаа наймаа хийсэн бол хийсэн хийчихдэг имижийг бид гадны хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс гэж дэлхий дээр байхгүй. Монголд Ерөнхий прокурор нь, Тагнуулын дарга нь гадны хүн дээрэмдээд, хөөгөөд гаргадаг энэ тогтолцоог манай ах нар бидэнд өвлүүлж үлдээсэн. Ерөнхий прокуророор ажиллаж байсан нэг хүн инээд хүрэх шиг, уур ч хүрэх шиг гэж ярьсан байна лээ. Удахгүй хэнийх нь инээд хүрч, хэнийх нь уур хүрэхийг харья гэж энэ завшааныг ашиглаад хэлье. Би тэр хүн шиг ирээдүй хойч үеэсээ хулгайлж, хэдэн ямбий машин цуглуулж, хэдэн үеэрээ даахгүй үл хөдлөх хөрөнгө, лиценз цуглуулж, тэрийгээ ах, дүү хамаатан садныхаа нэр дээр бүртгүүлж, бэртэгчин царайлж хууль зүйн сайдын албыг хашихгүй. Инээд нь ч, уур нь ч хүрээд байгаа юм уу, тэр хүнд хандаж хэлэхэд, удахгүй хэн нь инээж, хэн нь уурлахаа хоёулаа үзнэ ээ. Би энэ асуудлыг шалгаж өгөөч гэж холбогдох байгууллагад өгсөн.
Таван шард байсан БГД 20-р хорооны нутаг дэвсгэрт байсан 4 давхар зочид буудлыг хятад эзнээс нь дээрэмдээд л авчихсан байгаа юм. Намайг хэвлэлээр ярьсны дараа дээрэмдүүлсэн хятад иргэний өмгөөлөгч ярьж, мэдүүлэг өгнө гэсэн. Бид ийм л имижийг өмнөх алдсан, дээрэмдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж, бүх зүйлийг шинээр эхлэмээр байна. Би үр хүүхдээ шударга нийгэмд, хэн нэг даргаас айдаггүй бизнес хийдэг, сурч боловсордог, ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд амьдруулахыг хүсч байна.
Түүнээс прокурор асан шиг хэмхэрхий хуучин машин цуглуулж, хэзээ тэрийгээ эдэлж, ашиглана гэж баахан үл хөдлөх дээрэмдэж, цуглуулаад, ордны хажууд шантаажны мөнгөөрөө авсан 10 гаруй давхар оффисстой болчихсон. Би тэгж амьдрахгүй. Байгаа цаг үедээ өөрийнхөө зөв гэж бодсон, шударга ёс гэж өөрийнхөө бодсон зүйл бүрийнхээ төлөө асч, дүрэлзэж, шатаж байгаад л дуусна. Надад коллекшин цуглуулах сонирхол байдаггүй. Би бусад шиг морь, хөөрөг, хутга, дээл, дурдан, цаг ч цуглуулдаггүй. Бид өөрсдийнхөө зөв гэсэн зүйлийн төлөө шатаж явах л ёстой. Бид гадны хөрөнгө оруулагчдыг хэзээ ямагт Монголд ирүүлэхийн төлөө, ирээд шударга бизнес хийхийн төлөө цаг ямагт тэмцэнэ. Ц.Нямдорж гуайн хэлснээр хэдэн цамцаа урагдтал гэх нь хаашаа юм, ямар ч гэсэн үзнэ. Арай л муухай 30 жилийн бид үдсэн. Хичнээн хөрөнгө оруулагчдыг хөөсөн, итгэлийг нь эвдсэн бэ. Японы нэр хүндтэй Суруга Монголд өчнөөн сая ам.доллараар газраа зарчихаад буцаагаад булаагаад авчихсан. Ийм улсанд хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ.
-Тэгвэл хариуцлагын асуудал хэзээ яригдах вэ. Таны зарласан нэрс шоу болоод өнгөрч мэдэх юм биш үү, ихэнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь хэдийнээ дуусгавар болчихсон байх жишээтэй?
-Энэ хүмүүс шударга шүүхийн өмнө бүгд очих ёстой. Би тэр прокурор асны дээрэмдсэн дөрвөн давхар зочид буудлыг хурааж авч, хүүхдийн цэцэрлэг болгоно. Эсвэл тэр хүн урьдчилаад өөрөө өгчих хэрэгтэй, гэм буруугаа хүлээх хэрэгтэй. Хохирогчид нь гарч ирэхгүй хөрөнгүүдийг нь хурааж, олон нийтийн өмч болгох хэрэгтэй.
-Цар тахлын дараа эдийн засгаа сэргээхэд аялал жуулчлалын салбар их чухал гэж хууль оруулж ирсэн. Энэ талаар та олон ярьж байгаа ч цөөн үгээр хуулиа бүхэлд нь нэг тодорхойлооч?
-Энэ цаг үед өнөөдрийн төрийн тогтолцоонд хамгийн их хутгалдаж байгаа хүмүүсийн нэг нь би гэхэд буруудахгүй байх. Маш олон зүйлийг засмаар байна. Бид өмнөх явж ирсэн бүх зүйлийг засмаар байгаа юм. Жишээлбэл, ан гөрөөний эрхийг хэн нэг дарга ширээн доогуураа юм аваад өгдөг биш дуудлага худалдаагаар зарчихдаг. Хэн нэг хүн буйр нуурын эрэг дээрх отгийн зөвшөөрлийг хааяа нэг ширээн доогуураа өгдөг биш нээлттэй сонгон шалгаруулалтаар өгдөг байдлыг л энэ хуулиар зохицуулах гэж байгаа. Аялал жуулчлалын маршрутыг 40 мянгатад байгаа төв оффисоос биш тухайн сумын Засаг дарга нь өөрөө бий болгодог. Хамгийн хямд үнээр хамгийн хөнгөн нөхцөлтэй визээр Монголд ирдэг болоосой гэж л энэ хуулийг оруулж ирж байгаа. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг нь хэрхэн шийдэх гээд олон асуудлыг энэ хууль зохицуулахаар байгаа.
“СӨРӨГ ХҮЧНИЙ УЛС ТӨРИЙН ПИ-АР БАЙГАА ОНОХГҮЙ БАЙНА”
-Сүүлийн үед цагдаа хуулийн байгууллага иргэдийнхээ, хүний эрхийг зөрчиж байна гэх шүүмжлэл их гарч байна. Гэтэл МАН өөрөө хүний эрхийг хамгаална гэж их ярьдаг?
-Манай сөрөг хүчний улс төрийн үндсэн пи-ар нь цагдааг муухай харагдуулах технологиор сүүлийн хоёр жил явж байгаа. Энэ хэдэн бор цагдаа нарыг ингэж улс төрийн золиос болгож болохгүй. Ярьж байгаа хүмүүс нэг нь ч 20 цаг талбай дээр хамгаалалтад зогсч үзээгүй, халамцуу, хөлцүү хүмүүс нүүр рүү нь нулимж байхад тэвчээд зогсох тэвчээртэй хүмүүс биш. Дарга цэргийн хүүхдүүд гудамжинд эргүүлийн цагдаа хийдэггүй, дандаа аав нарыгаа өвлөж, дарга болж, улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг. Би сөрөг хүчний улс төрийн пи-ар байгаа онохгүй байна гэж хэлмээр байна. Бүх болж бүтэхгүй юманд цагдаа туслаарай гэдэг. Муу, муухай болгон дээр цагдаа л очдог. 2023 оны нэгдүгээрт иргэдтэй харилцах, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулахыг Цагдаагийн байгууллагын удирдлагад үүрэг өгсөн. Дэлхий дээр цагдаа нь жудогийн мэхээр үүрүүлж унагачихаад фэйсбүүкт зургийг нь тавьдаг ийм улс дэлхий дээр байхгүй, би мэдэхгүй. Дэлхийн улс орнуудад цагдаа шаардлага тавина, шаардлагыг эсэргүүцвэл хүч хэрэглэдэг хуультай.
Манай цагдаа нар нүцгэн гараараа тулдаг, нүцгэн гараараа хүний эрх зөрчихгүй, эсрэгээрээ эрхээ зөрчүүлээд зогсч байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард залуучууд хоёр өдрийн жагсаал зохион байгуулсан. Тэр үеэр хэд хэдэн цагдаа эрүүл мэндээрээ хохирсон. Тэтгэвэрт гарахад хоёрхон сар дутуу байсан цагдаа нүд рүүгээ чулуугаар цохиулж, насаараа нүд нь юм харахааргүй болсон.
Өнөөдөр бид энэ хэдэн цагдаа нарт бүтэн дуулга тавиад өгчих материаллаг баазгүй. Бид нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Сонгуулиас сонгуулийн үр дүнгээр Монголын төр ардчиллын соёл үлдэж хадгалагдах, Засгийн эрх нэгээс нөгөөд шилжихээс биш хүчирхийллийн замаар засгийн эрх шилждэг байж болохгүй. Түүнийг хамгаалах үүрэг нь цагдаагийн байгууллагад байдаг. Түүнийхээ төлөө сөрөг хүчний улс төрийн пи-арын золиос нь цагдаа байж болохгүй. Одоо бүр сүүлдээ зарим нь цагдаатай очиж албаар хэрүүл өдөж, өөрөө бүдэрч унахаараа цагдаа намайг дэгээдэж унагаалаа гэдэг байж болохгүй. Монгол Улс шиг нүцгэн гараараа нийгмийн дэг журам зөрчиж байгаа хүнийг зогсоох гэж оролдоод үүрүүлж унадаг цагдаагийн байгууллага гэж хаана ч байхгүй шүү.
-Нүцгэн гараараа тэмцэхгүй, дуулгатай байх, бусад хэрэгсэл зэргийг нь бүрдүүлж өгөх нь Хууль зүй, дотоод хэргийн сайд таны үүрэг биз дээ?
-Цагдаагийн байгууллагын хуульд шинэчлэл хийгээд сургалт явуулж байна. Хүн нэг бүрийн хэрэгслийг шинэчлэмээр, материаллаг баазийг нь нэмэгдүүлэхэд төсөв санхүүгийн хомсдолтой байна. 1998 оноос хойш холбооны хэрэгслээ шинэчлээгүй Монгол шиг улс дэлхий дээр байхгүй л байна.
“ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ИРЭХ ЖИЛ ХАМГИЙН ОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛНА”
-Цахимжуулах, цахим хэрэглээг нэвтрүүлэхэд энэ Засгийн газар идэвхтэй ажиллаж байна. Хууль зүйн салбарт хийгдэхээр төлөвлөж байна вэ. Гадаад паспортыг чиптэй болгох, 3-хан минутад хил нэвтрэх боломжийг бүрдүүлнэ гэж та ярьж байсан?
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг цаасгүй болгоё гээд 100 хувь цахим болгохоор туршиж байна. Ирэх онд багтаад цахим платформоо болж өгвөл apple store руу хөрвүүлж, программ хөгжүүлэлтийг хийхээр ярилцаж байна. Нэг жилд бид 2,3 сая зөрчил үйлддэг, түүнийг шийддэг. Үүнд хэр хэмжээний цаас орох вэ гэж бодвол нилээд их дүн гарах байх. Прокуророос зөрчлийн дугаар авах гэж хотын түгжрэлд дүүрэг дүүргийн прокурорууд руу явуулдгийг болиулж, шууд зөрчи шалган шийдвэрлэх ажиллагааг нээж, товч утга бичээд өөрийнхөөрөө баталгаажуулалт хийж, автоматаар дугаар авдаг болно. Энэ бол маш алхам төдийгүй цаг, мөнгө хэмнэнэ. Юм эхлүүлж, санаачилж байгаа учраас программын алдаа гарах вий гэж байгаа учраас туршилтуудыг одоо ч хийж байна. Мөн бид ирэх жил цахим гадаад паспорттой болно. Хилийн шалган дээр электрон гарцуудыг нээж, паспортныхоо чипүүдийг уншуулаад нэвтэрдэг болгохоор зорьж, ажиллаж байна. Бас л хүндрүүлээд гарч байна. Гэхдээ би хүндрэл дурдмааргүй байна. Паспорт хэвлэхэд бодис нь ОХУ, Украйны дайнаас шалтгаалаад тасалдах гээд зовлох их байгаа ч бид хичээгээд цахим технологиудыг нэвтрүүлнэ. Үүний төлөө бид хичээж, ажиллаж байна. Техникээс илүү программ хангамжийн асуудал их байна. Дэлхийн 100 гаруй оронтой гадаад паспортны мэдээлэл солилцоно, аюулгүй байдлаа бодно, адилхан визгүй зорчдог улс орнуудын иргэдийн мэдээлэл давхар солилцох гээд том ажлууд их байна. Хууль зүй дотоод хэргийн салбар ирэх жил хамгийн олон үйл ажиллагааг цахимжуулна. Хороон дээр ажилладаг бүртгэлийн ажилтнуудыг цөөлж, цахим киоск машинуудыг байршуулна. Цөөхөн лавлагааг төвд очиж авах, бусдыг нь киоск машинуудаар авдаг болохыг зорьж байна. Заавал хүн ажиллуулахаас илүү гар утас руу шилжүүлэхэд анхаарал хандуулж байгаа боловч улсын хэмжээнд 300 гаруйхан мянган хүн тоон гарын үсгээ авсан байна. цахим үйлчилгээг төгс авна гэвэл насанд хүрсэн хүмүүс тоон гарын үсгээ авчихмаар байгаа юм. Нэг үеэ бодвол ахицтай явж байгаа. Өнгөрсөн онд ердөө 40 мянган хүн татварын тайлангаа тоон гарын үсгээр өгөхийн тулд авсан байсан. Цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн том зөөлөн бодлого нь та бидний тоон гарын үсэг. Ирэх жил бид ухаалаг, цахим гадаад паспорт авах хүмүүс заавал тоон гарын үсэг авна. Цаг хугацаа, мөнгө маш их хэмнэнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, арилжааны банкнаас зээл авахад шууд банкин дээрээ очоод гэрээгээ батлуулаад банк цаашаа улсын бүртгэл рүү мэдээлэл нийлүүлэгч болдог болсон. Хэрэглээгээ олон нийтэд сурталчилж чадвал цахим хэрэглээнд урагшаа алхсаар л байна. Цахим гарын үсгээр иргэдийн гэрээ хэлцлийг баталдаг эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Тоон гарын үсэг нь цахим өөрийгөө таниулц E-Mongolio-д байгаа бүхий л үйлчилгээг авах эрх үүснэ, цахим өөрийнхөө гэрээ, хэлцэл үйл ажиллагааг баталгаажуулдаг болоод ирнэ. Энэ дэд бүтцээ шийдэж чадвал бид цахим үндэстэн болох боломжууд бүрдэнэ.
-Хэт их цахимжаад ирэхээр нөгөө мэдээллийн аюулгүй байдал алдагдана гэсэн ойлголт хүмүүсийн дунд их байгаад байдаг. Монгол иргэдийн мэдээллийг кибер хар зах дээр худалдаалсан асуудал яригдсан?
-Цахим багц хуулиар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Кибер аюулгүй байдлыг хангах нь Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжлийн яам, Жанжин штабын газрууд өөр өөрдсийн чиг үүргээр хариуцаж, аюулгүй байдлыг сахин хангах үндсэн үүрэг хүлээж байгаа. Хууль өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.
-Та УИХ-д нэг чухал хууль оруулж ирсэн нь Шүүхийн шинжилгээний хууль. Энэ салбарын хуулийг цаг үетэйгээ уялдуулж шинэчлэх шаардлагатай учраас хууль оруулж ирж байгаа байх. Та байнгын хорооны хурал дээр хэлж байх шиг байсан, энэ салбарын тоног төхөөрөмж бараг 20 жилийн өмнөхөөрөө байгаа гээд?
-Тоног төхөөрөмж бол 30 дугаар асуудал. Шүүхийн шинжлэн магадлахуун дүгнэлт гаргана гэдэг нь нэгдүгээр асуудал. Энд кримналист, балистик, анагаахын, бичиг хэв судлалын, хурууны хээ мөр судлал, үсний ширхэг судлал гээд бүх төрлийн нарийн мэргэжлийн шинжээчид байдаг. Энэ салбарыг хүмүүс огт мэддэггүй. Эрүү, иргэний, захиргааны хэргүүд шүүхээр шийдэгдэхэд хамгийн гол шинжээчийн дүгнэлтийг төрийн нэрийн өмнөөс тангараг өргөж дүгнэлт гаргадаг хүмүүс энд байдаг. Энэ салбарыг ойлгодог болгох, бие даасан, шинжлэн магадлахын салбар болгохын тулд хуулийг нь батлуулах гэж байна. Сүүлийн 30 жил сэтгэл санааны хохирлыг Монголын төр үнэлнэ гээд чадаагүй юм. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг үнэлдэг аргачлалыг анх удаа зориг гаргаж, хуульд тусгаж байгаа. Мөн хүний амь насыг үнэлдэг аргачлалыг хуульд тусгаж байгаа. Хүн амины гэмт хэргийн улмаас хохирсон ар гэрийхэн хагас дутуу оршуулгын зардал, уй гашуутай л хоцордог. Монгол хүний дундаж наслалтыг итгэлцүүр тогтоож, амь насны үнэлгээг оруулж ирж байгаагаараа Шүүх шинжилгээний хуулийн ач холбогдол, онцлог оршиж байгаа. Одоо бид Дотоод хэргийн сургуулийн хуулийг батлуулчихвал үндсэндээ хууль зүй дотоод хэргийн салбар өөрийнхөө агентлагуудын эрх зүйн байдлыг бүхэлд нь шинэчилж, тэнд ажиллагсдын нийгмийн баталгааг тодорхой болгоод, чиг, эрх үүргийг тодорхой болгож, эрх зүйн шинэтгэл байгууллагуудын хувьд хийгдэж дуусахаар байгаа. Дотоод хэргийн сургуулийн хуулийг яагаад хурдан батлах ёстой вэ гэвэл Covid-19-ийн хөл хорио, дэглэм сахиулах нийтийг хамарсан үйл ажиллагаанд бид хүн хүч дутагдсан. Гэтэл бид Дотоод хэргийн их сургуулийн сонсгогчийг зогсооход тэр хүн ямар нэг байдлаар бие дааж тээврийн хэрэгсэл зогсоох, үзлэг хийх эрх байхгүй. Зөвхөн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд туслалцаа үзүүлэх байдлаар оролцсон. Цаашид бид хууль сахиулах чиглэлээр ажиллаж буй боловсон хүчнийг тодорхой курст суралцаад ирэхээр нь нийтийг хамарсан, хойшлуулашгүй арга хэмжээнд татан оролцуулах агуулгаар эрх зүйн байдлыг нь тодорхой болгох зорилготой.
-Сүүлийн үед мэргэжлийн боловсон хүчний дутагдал их байна гэж ярих боллоо. Хууль зүйн салбарт боловсон хүчин их чухал үүрэгтэй. Салбарын боловсон хүчний асуудал ямар түвшинд байна вэ?
-Хууль зүйн салбарт удсан, олон жил удирдсан хүн биш. Гэхдээ би энэ салбарыг илүү их таньж мэдэж, салбарын гүнд орж, шатаж ажиллахыг хичээдэг. Хууль зүй, дотоод хэргийн салбар 26 мянга орчим албан хаагчтай, бусад салбарыг бодвол боловсон хүчин нь цэгцтэй бодлоготой. Дөрөв, таван жилээр салбарын агентлагуудад хэрэгтэй боловсон хүчнээ урьдчилж захиалга өгч, Дотоод хэргийн их сургуульд бэлтгэдэг цорын ганц салбар. Гэсэн хэрнээ энэ салбарт хүний нөөцийн маш их дутагдал бий. Жишээлбэл, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх зэрэг нарийн мэргэжлийн мөрдөгч, төлөөлөгч нарыг мэргэшүүлж, бэлтгэж чадаагүй байна. гаднаас бидэнд өгч байгаа байнгын зөвлөмж бол мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлийг нарийн мэргэжилтнүүдээ яагаад бэлдээгүй вэ гэдэг. Одоо бид бэлтгэх гэж байгаа. Программ хангамжийн чиглэлийн боловсон хүчин бүх агентлагт дутагдалтай байна. IT салбарын хүн 800 мянгаас нэг сая төгрөгөөр цагдаа, хил хамгаалах байгууллагад ажиллах уу эсвэл хувийн компанид таван сая төгрөгийн цалинтай ажиллах уу л гэдэг асуудал. Бид цол, формоор, сэтгэлтэй хэдэн хүмүүс энэ салбарыг бүр унтраачихгүй ажиллаж байна. Он гараад цалингийн нэмэгдлүүд яригдана. Энэ салбарт шүүх шинжилгээний албаны нарийн мэргэжлийн шинжээчид дутагдалтай байна. Цаашид улс орны эдийн засаг хүчирхэгжиж байж төрийн албан хаагч, хувийн секторын өрсөлдөөнтэй зарчмаар явахгүй бол одоо өрсөлдөөнд хувийн секторууд ялж байна, боловсон хүчний асуудал дээр.
-Удахгүй 2024 оны сонгууль болно. Хууль зүй, дотоод хэргийн салбарт энэ ажлыг л заавал хийнэ, үүнийг хийж чадна гэсэн амбиц юу байна, танд?
-Би хийж, хэрэгжүүлье гэж байгаа ажлууд руугаа ханцуй шамлаад л ордог, ороод ч явж байгаа. Олон ажлын хэсэг ахалж, үр дүнгүүд эхнээсээ гарч байгаа. 22 тэрбум ам.долларын өрөнд орох гэж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд бид өөрчлөлт хийж, Монголын талд ногдох 34 хувийн эзэмшил үнэ төлбөргүй Монголын талд ирсэн нь энэ Засгийн газрын дараа үедээ үлдээх нэг өвийг хийхэд гар бие оролцож, ажлын хэсгийг ахалж ажилласан. Цаашид хөрөнгө оруулалтын гэрээг илүү боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцээр үргэлжилж байна. Авлигатай тэмцэх чиглэлээр олон хуулийн төсөл дээр манай яам манлайлах чиг үүрэгтэй ажиллаж байгаа талаар би дээр хэлсэн. Энэ ажил тасралтгүй үргэлжилнэ. Бүх улс орнууд тогтолцоогоо, нийгмийн хурдацтай уялдуулж, шинэчилдэг жишгээр бид явж байгаа. Гэхдээ урд хожид байгаагүй хүсэл эрмэлзэл энэ Засгийн газарт байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр ажилласан нь үр дүнгээ өгсөн ч бид цаашид дахин нэг шат ахиулахаар ажиллаж байна. Саарал жагсаалтаас гарч, өргөтгөсөн хяналтад байгаа, эндээс гарч, энгийн улсын жагсаалтад ормоор байна. жагсаалтаас гарахад ганц зүйл үлдсэн нь Төрийн бус байгууллагын хуулийг батлаагүйгээс болж өргөтгөсөн хяналтаас гарч чадахгүй байна. Эцэст нь хэлэхэд, шүүхийн тогтолцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоог шинэчлээд сонгуультай залгана гэсэн том хүсэл эрмэлзэлтэй байна. Жижиг хэргийг маш хурдан шийдэж, хохирсон хүний эрх ашгийг хангадаг, шүүхийн шийдвэр нь гарцаагүй хэрэгждэг энэ тогтолцоо руу явмаар байна. 5 сая төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 5 жил шийдэхгүй яваа шүүхийн завхарсан тогтолцоог болимоор байна. Нэхэмжлэлийн маягтыг шүүхийн үүдэнд очоод бөглөөд өгдөг, шүүх хүлээж аваад төлбөр төлөх ёстой хүнийг нь 7 хоногийн дотор дуудаж, алх цохиод хохирлыг нь барагдуулдаг тогтолцоотой болохыг л би хүсч байна. Эрүүгийн хөнгөн хэргийг, гэм буруугийн асуудлыг дуудаж ирээд буруутай, буруугүй, гэрийн хорионд орох, орохгүй, гэм буруутай эсэхийг шийддэг тогтолцоо руу явмаар байна. Арилжааны том үнийн дүнтэй маргааныг мэргэжлийн шүүгч шүүдэг, хөрөнгө оруулж байгаа хүмүүс итгэл төгс Монголын шүүхийн тогтолцоотой болгох ажлыг ойрын жил гаруйн хугацаанд хийчихмээр байна. Ингэж чадвал миний Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан том зорилго биелнэ гэж хэлмээр байна.
Эх сурвалж: www.news.mn Ш.ЧИМЭГ