Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг ЗГХЭГ, хууль, цагдаа, тагнуул, прокурор, АТГ-ын удирдлагуудаас нэхлээ гэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-07 07:21:26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав.

Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав.

Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах эрх хуулиар олгогдсоныг улсын Ерөнхий прокурорт хатуу санууллаа.

Хэрвээ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхааруулав.

Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардав.

Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар байлцав.

Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба



Холбоотой мэдээ