Монголд өнгөт хувьсгал биш Үндсэн хуулийн хувьсал ХЭРЭГТЭЙ!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-09 04:33:30

Жагсаал бүр төгөлдөршиж, энтертаймент тал руугаа хувирч байна. Өдөр болгон нэг "инфлүүзэр" эсвэл урлаг соёлын од гарч ирээд удирддаг, тэнд үсээ хүртэл тайрч, үр хүүхдээ авчирч оролцуулан жүжигчилсэн тоглолт үзүүлж буйн ард зорилготой, зохион байгуулалттай, санхүүжилттэй болж байгаа нүдэн дээр илэрхий.

МАН-ын эрх мэдлийн хуваарилалт дээр Монголын санхүүгийн бүлэглэлүүдийн зодоон нэмэрлэж, үүнийг гадаадаас овжин ашиглаж буй нь ойлгомжтой. Их гүрнүүдийн дунд орших, Азидаа л ардчиллын баян бүрд гэгддэг Монголын бүтэн долоо хоног шахуу үргэлжилж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаал, жагсаалын зорилго, үр дагавар Орос, Хятадад төдийгүй олон улсын анхаарлыг татаж байна.

Мэдээж, Үндсэн хуулиар  олгосон эрхийнхээ дагуу иргэд жагсах эрхтэй. Мөн жагсахгүй ч байх эрхтэй. Жагсахгүй байлаа гээд энэ нь хэн нэгнээс урвасан, худалдагдсан юм огтоос биш. Үүнийг л ардчилал гэж хэлээд байгаа юм.

Үнийн өсөлт, эдийн засгийн хямралд, эрх баригчдын бодлого, шийдвэр бухимдсан иргэдийн уур хилэнг  үймээн самуун болгон хувирах танил технологи харагдаж байгаа нь жагсаал найруулгатай, жүжигчидтэй, хөгжөөн дэмжигчидтэй, алга ташилттай болж буйд юм.  Жишээ нь жүжигчинд М.Баярмагнай, дуучин Э.Дашням нарын “одод”  цаазаар авах тухай бусдыг уриалж эхэлсэн нь айдас, хүйдэс дагуулж байна.  Жагсагчдыг зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргая, Оюутолгойг хурааж авъя, хэн нэгнийг цаазалъя, Ерөнхийлөгчийн засаглалд шилжье гэсэн үг, үйлдэл гаргаж буй нь яавч монголчуудын хүсэл биш. Ходоодоор нь эрх чөлөөг нь наймаалцах гэсэн гадаад, дотоодын улстөрчдийн хорт явуулга биш байгаа.

ТАНИЛ ТЕХНОЛОГИ 

Хоёр хоногийн өмнө Германы канцлер Ольцийн засгийн нэг жилийн ойгоор  нь төрийн эрхийг хууль бусаар авахаар бэлтгэж байсан гэх хэргээр 25 хүнийг 11 мужаас баривчилжээ. Тэд Германы Засгийн газрын ордон Рейхстаг уруу гэнэтийн дайралт хийж засгийн эрх авахаар төлөвлөж байсан гэнэ. Хамгийн сонирхолтой тэдгээр хүмүүсийн олонх нь олон арван мянган гишүүнтэй Рейхсбургер хэмээх үндсэрхэг хөдөлгөөний идэвхтэнүүд байсан аж. Гитлерийн Германы Рейхийн эзэнт гүрнийг өнө мөнхөд оршдог хэмээн үздэг тус хөдөлгөөний гол идеалоги нь барууны үнэт зүйлийг эсэргүүцэх, еврей нарын эсрэг зогсох,  хуучны хаант төрийг сэргээх гэж өөрсдөө тайлбарладаг. Зарим судлаачдын яриагаар  эдгээр хөдөлгөөний ард Оросын тусгай алба байж барууны ардчилалын эсрэг турхирч шинэ хүйтэн дайныг хийж байгаа гэх хардлага хүртэл байдаг.

Технологийн хөгжил, даяршилтай холбоотой улс орнуудын хооронд шинэ хүйтэн өрнөж, цэрэг зэвсэгийн хүчээр шууд тулахаасаа илүүтэй өрсөлдөгч улсынхаа нийгмийн дотор эмх замбараагүй байдал үүсгэж, иргэдийг “могойд барьдаг мод” болгодог жишиг тогтсон. Дэлхий дээрх өнгөт хувьсгалууд ч ингэж явагдсан бий.

Жишээ нь, эрх баригчдынхаа авилгал, хүнд суртал, эдийн засгийн хүндрэлд уурлаж, бухимдсан жирийн иргэдийн жагсаал нэг мэдэхэд хүчирхийлэлээр үргэлжилж өнгөт хувьсгалууд ээлж дараалан өрнөсөн Арабын түүхийг монголчууд мэднэ. Ливанд “хуш модны”, Сербид “Бульдозерийн”, Гүржид “Сарнайн”, Украинд “Улбар шар”, Киргизэд “Алтанзулын” өнгөт хувьсгалууд өрнөсөн, гарсан.

 Оросуудын хувьд өнгөт хувьсгал хийхдээ үндэсний үзэлтэй нэг улстөрчийг онцгойлон дэмжиж, ардчиллын эсрэг тролл армийг сонгуулийн болон жирийн үеүүдэд идэвхитэй ашигладаг гэсэн яриа бий. ОХУ нөлөөнийхөө бүсийг тэлэх, хадгалж үлдэх үүднээс 2014 оноос хойш 20 гаруй улсын улс төрийн сонгуульд нөлөөлсөн тухай,  үүнд 300 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээллийг АНУ-ын "Нью Йорк таймс" сонин гаргасан. Тэрхүү мэдээлэлд Азийн нэгэн улсын улстөрчийг, бүр тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тус улсад суугаа Элчин сайдаар нь дамжуулан санхүүжилт өгсөн тухай дурдагдаж, тэр улс нь Монгол, Монголын улстөрч нь Х.Баттулга гэх хардлага хүртэл дагалдсан билээ.

МАН: МЭХТ МЭХЭНДЭЭ

Жагсаал эхэндээ эрх баригчдад ашигтайгаар эхэлсэн бол байдал Монголын тусгаар тогтнолд хортойгоор эргэжээ. Товчхондоо, жоомоо алах гэсэн биш гэрээ шатаах дээрээ туллаа.

Цагаан байрны дотоод зөрчил гудамжинд гарч, МАН-ын гал тогоог/ мөнгийг/ хэн базах вэ гэсэн эрх мэдлийн шинэ хуваарилалт МАН-д өрнөж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын тогоо дахин хагарч, энэ удаагийн зодоон 60+70 ба 80 оныхны дунд өрнөж байгаа нь худлаа биш. Нэг талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр ахлуулсан жар далаад оныхон, нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 80 оныхон эсрэгцлээд зогсож байна.  Ах нарынх нь зүгээс “ах нь сургадаг дүү нь сонсдог” байхыг хүсч буй бол дүү нарынх нь улс төрийг харвал “Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй” л гэгч болж байна.

Нүүрсний хулгайн асуудлаар хятадууд Монголд мэдээлэл өгсөний дараа Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ эрх мэдлээ зузаатгах хөзөр болгон ашиглахаар шийдсэн. Гэвч, нүүрсний хэрэгт нам нь гүн гүнзгий, журмын нөхөд нь бүр ч гүнзгий, танхим дотор нь  хүртэл тэд ороод суучихсан тул олон нийтийн дэмжлэг авахаар шүгэл үлээсэн нь үнэн.

Тиймээс ч жагсаалынх анх эхлүүлсэн “Худал ба буруу” нөхөр гарч ирээд нүүрсний хулгайгаа зарла гэж хашгирав.  Живж яваа хүн хөвж байсан мөчрөөс зүүгддэг гэгчээр үүнийг анаад сууж байсан нүүрсний бүлэглэлийнхэн боломжийг юу гэж алдах билээ. Жагсаал руу чучил нэмж, дээрээс нь гадаадын тусгай албад бүр тос цацаж орхилоо.

Анхандаа нүүрсний хулгайн эсрэг жагсаал сүүлдээ тэдний найруулга, жүжиглэлтээр үргэлжилж байна.

ХУВЬСАЛ ХИЙХ ҮҮ, ХУВЬСГАЛ ХИЙГДЭХ ҮҮ?

Үүнийг, энэ талаар эрх баригчдад бишгүйдээ л сануулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж,  Х.Баттулгаас айсандаа Ардын намынхан 2019 онд дутуудуулснаа гүйцээхгүй бол хувьсгал гарч магадгүй, Монгол авторитори дэглэм тогтож болзошгүй эрсдэл бодитоор бий болчхоод байгаа билээ.  Үнэндээ өнгөрсөн гучин жил  тогтолцоогоо тодорхой болгоогүйн улмаас өнөөдөр хулгай, луйвартаа идэгдсэн улс болж байна.

Сонгуулийн тогтолцоогоо холимог хувилбараар явуулах, парламентын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, Ерөнхий сайдад парламентаа тараах эрх мэдлийг Үндсэн хуульд бүр суулгаж өгөх ёстой байсан, үүнийг өнгөрсөн намар ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй байв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Улс төрийн намууд 100 хувь “гар өргөж” байгаа нөхцөлд. Үндсэн хуулийн реформ явуулсны дараа Улс төрийн намуудын тухай  хуулийг шинэчлэх, улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгох, төрийн компаниудыг хувьчлах асуудлыг ярих ёстой. Одоо улам оройтохоос өмнө тогтолцооны алдаагаа засах хэрэгтэй. Үгүй бол МАН өөрөө ч “үсгүй ардчигдах”-аар байна.

Аюулгүй байдлын стратегичдийн анхааруулж буйгаар ойрын хоёр долоо хоногийн дотор нэгт, жагсагчид дундаас суулт хийгээд эхлэвэл, хоёрт, суулт нь өлсгөлөн болбол, гуравт, хэсэг жагсагчид төрийн ордныг дайрч эзлэн авахыг оролдвол цаана нь өнгөт хувьсгал хийх сценари хаа нэгтээ “найруулагдаж байна гэсэн үг.  Захиалагч нь “гадаадад”, санхүүжүүлэгч нь мөнгөтэй, жүжигчид нь харин монголчууд өөрсдөө.

Жагсагчдын олонх нь нүүрсний хулгай, баян, ядуугийн ялгаа, дабль стандарт, дарга нарын хулгай луйварт дургүйцэж буй болохоос өнгөт хувьсгал, хүчирхийлэл огт хүсээгүй гэдгийг улстөрчид, шийдвэр гаргагчид сайн ойлгож эртхэн гэрээ шатаахаасаа өмнө жоомнуудаа устгах цаг ирээд байна.

Холбоотой мэдээ