Казахстанд хаус хороолол барьсан гэх гаалийн байцаагч З.Сырымбекийн эхнэр С.ЕРКЕГУЛ: Нөхрийг маань адилхан нэртэй хүнтэй андуурч, хэлмэгдүүлж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-13 00:07:32

 Хулгайн нүүрсний мөнгөөрөө Казахстанд орон сууцны хороолол барьсан гэх “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Х.Нурлатыг дахин цагдан хорих эсэхийг өнөөдөр шийднэ.

Х, Нурлатыг өнгөрсөн аравдугаар сарын 28-нд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга асан Б.Отгонжаргалтай хамт 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байдаг.

Тухайн үед үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж, суллаж байсан юм. 

Хууль хяналтын байгууллагынхан тэр өдрөөс хойш багагүй шалгалтын ажиллагаа явуулж, ноцтой сэжим илрүүлээд байгаа гэх. 

Тодруулбал:

Х.Нурлатыг бусадтай хамтарч, үүсгэн байгуулсан компаниараа дамжуулж, мөнгө угааж, хулгайн нүүрсний мөнгөөрөө Казахстанд хаус хороолол барьсан гэх мэдээлэл олдоод байгаа аж.

Уг мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Х.НЯМБААТАР:

Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани Алтамы хотод тансаг зэрэглэлийн хороолол барьсан хэргийг шалгаж байна.


 Тодруулбал:

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөхдөө “Нүүрсний хулгайчдыг жагсагчид зарла гэж байгаа. Би АТГ-ын дэд дарга Г.Азжаргалыг зарим мэдээллийг ил болгож хэлэх болов уу гэж бодож байна. 

Жишээлбэл:

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий компани нь Бүгд найрамдах Казахтсан Улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан гэх асуудлыг шалгаж байна. 

Гэхдээ энэ хүнийг эцсийн байдлаар гэм буруутай гэж зарлаж болохгүй. 

Яг үүнтэй адил УИХ-ын тэр, тэр гишүүн гэж зарлах нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байхад зохимжгүй” гэж мэдэгдээд байна.

Х.НУРЛАТЫН ХАМТРАГЧ ГЭХ ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ З.СЫРЫМБЕКИЙГ ЦАГДАН ХОРЬЛОО

Х.Нурлатын гол хамтрагч нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын улсын байцаагч З.Сырымбек гэнэ. 

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Х.Нурлаттай хамтарч нүүрсний мөнгөөр Казахстанд хаус хороолол барьсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм.

Тодруулбал:

нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. 

Хоригдсон найман хүнээс зургаан хүнийг нь цагдан хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байдаг. 


Тус саналыг арванхоёрдугаар сарын 9-нд хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. 

Харин Х.Нурлатыг цагдан хорих санал гарсан ч өнөөдөр хэлэлцэхээр хойшлуулаад байгаа билээ.

ГАЗРЫН ДАРГА АСАН Х.НУРЛАТ, ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ З.СЫРЫМБЕК НАР ХЭРХЭН ХОЛБОГДОЖ, ГАДНЫН УЛСАД ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРЬСАН БЭ Компанийн газрын дарга, гаалийн улсын байцаагч яаж нүүрсний хулгайч болж, гаднын улсад өндөр зэрэглэлийн хаус, орон сууцны хороолол барьсан бэ гэх асуулт эндээс урган гарч ирнэ. Х.Нурлат нь 2016 оноос “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж эхэлсэн байдаг.

Харин гаалийн улсын байцаагч З.Сырымбек нь Буянт-Ухаа гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос одоогийн албан тушаалдаа томилогдсон байдаг юм билээ.

Тэднийг холбож байгаа хамаарал нь “Онлайнложистикс” компани.

Мөн нэг нутаг буюу Баян-Өлгий аймгийн Өлгий хот

“Онлайнложистикс” компанийг Х.Нурлат 2008 онд үүсгэн байгуулж, З.Сырымбек хувьцаа эзэмшиж ирсэн. 

2021 оны аравдугаар сарын 11-нийг хүртэл тус компанийн захирлаар Х.Нурлат ажиллаж байгаад гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнээ гэх хүнийг томилж, өөрийнхөө компаниас нэрээ хасуулжээ. 

Одоо тус компанийг Зухай Сырымбек, Батбаяр Эрдэнээ, Батбаяр Чөдөр-Эрдэнэ нар хариуцаж, хувьцаа эзэмшдэг.

Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Онлайнложистикс” компанийн бүртгэл, бичиг баримтаас харахад Х.Нурлат тус компанид хамааралгүй юм шиг хэрнээ “нууц ноён” нь гэсэн үг. 

Үүнийг батлах ганцхан жишээ нь, “Онлайнложистикс” компани нь Х.Нурлатын гэрийн хаяг болон бусад НҮТББ-ын хаяг дээр бүртгэлтэй байдаг аж.


Х.Нурлат, З.Сырымбек нар тус компаниараа мөнгө угааж, хулгайн нүүрсний мөнгийг Казахстан руу гаргасан байж болзошгүй байгаа юм. 

Үүгээр ч зогсохгүй эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хулгайн нүүрсний мөнгөөрөө өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан. 

Ингээд зогсохгүй барилгын ажил дуусаж, орон сууцны хороолол ашиглалтад орсон гэх мэдээлэл бий.


Холбоотой мэдээ