Нэр нь дурдагдсан зарим гишүүн тайлбар хийжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-13 10:22:01

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох, Гүйцэтгэх ажлын хэлтсийн нэгдүгээр орлогч Р.Лхагвасүрэн нар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Ажлын хэсэг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар танилцуулгадаа нэр холбогдсон зарим улс төрчдийн нэрийг дурдсан билээ. Нэр дурдагдсан зарим гишүүн өөрсдийн албан ёсны сошиал хуудастаа дараах тайлбарыг бичжээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
- Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
- Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз дээ.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир:

- Заа нүүрсчин болоодох лоо.

Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ.
Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна.

Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.

Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү “хяналттай” байсан үе шүү...

Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.

Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна.
Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна.

Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ.

"Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр:
- Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурджээ. Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд сошл орчинд газар авсан. Үүнд хариулт өгье.
1. Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй.
2. Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй.
3. Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй.
4. Миний бие Их шижир баялаг ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна.
5.Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана.

Хуулийн хүрээнд тодорхой цаг хугацааны дараа эдгээртэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгоно. Ер нь миний бие өөрийн эрхэлж байсан аливаа бизнес, компанийн үйл ажиллагааг нууж байгаагүй. Бүх зүйлийг ил тод, нээлттэй явуулж ирсэн. Мөн миний бие төрд ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалд нэг өдөр ч ажиллаж байгаагүй.

Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиа дээдэлж, зохих албан байгууллага, ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хянан шалгах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, шударга үнэний талд хатуу зогсох болно.

Холбоотой мэдээ