“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН, "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-Н ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИГДОЖ БУЙ Д.АРИУНБОЛД УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДИЙН "САНХҮҮЖҮҮЛЭГЧ" БАЙЖЭЭ
Нийгэм“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН, "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-Н ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИГДОЖ БУЙ Д.АРИУНБОЛД УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДИЙН "САНХҮҮЖҮҮЛЭГЧ" БАЙЖЭЭ
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, “Нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-т шалгагдаж, өдгөө цагдан хоригдож буй Д.Ариунболдын гол хамсаатан байжээ. Өөрөөр бол, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд гарч ирж байгаа ажээ. Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “Нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж буйгаа ил тод зарласан аж.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нар ямар холбоотой явж ирснийг баримтаар дэлгэж харуулъя.
Д.АРИУНБОЛД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХӨӨСӨӨ ХОЁР САРЫН ӨМНӨ УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДТЭЙ ХАМТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ОЧИЖ, ХҮҮХДҮҮД, МАЛЧИД, АХМАД НАСТНУУДАД ГАРЫН БЭЛЭГ, АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД АВТОМАШИН БЭЛЭГЛЭЖ БАЙЖЭЭ
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд Говь-Алтай аймгийнх буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэг нутаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар хувь, хувьсгалын журмаар маш ойр холбоотой явж иржээ. Тухайлбал, Ш.Раднаасэд Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2016-2018 онд Говь-Алтай аймаг руу байнга дагуулж явж, хамтдаа бэлэг тараадаг байсан нь гэрэл зургаар баримт болж үлджээ. Өөрөөр бол, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд Ш.Раднаасэдийн тойргоо “услах” санхүүжүүлэгч байсан буюу тэд “Нүүрсний хулгай”-н мөнгөнийхөө багахан хэсгээр Говь-Алтай аймгийн иргэдэд хандив тусламж үзүүлж, гарын бэлэг гардуулж, албан байгууллагуудад автомашин бэлэглэх гэх мэтээр “нүгэл”-ээ нимгэлж байсан гэх баримтууд байна.
Жишээ 1. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөхөөс хоёр сарын өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард хамтдаа Говь-Алтай аймгийн бүх сумдаар тойрчээ. Тэр үед Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар Говь-Алтай аймгийн Аварга малчдад гарын бэлэг гардуулж, төрийн одон, медаль “тарааж”, албан байгууллагуудад автомашин бэлэглэж, мөнгийг ёстой л “цацах” шиг болжээ.
Заримаас нь дурдвал,
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “УАЗ-Пургон” автомашин, 5 ширхэг Японы “Suzuki” мотоцикл, “Приүс-30” автомашин бэлэглэсэн.
Говь-Алтай аймгийн III сургуулийн тусгай хэрэгцээт ангийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн.
Баян-Уул, Халиун, Жаргалан, Тайшир, Төгрөг, Есөнбулаг, Шарга, Хөх морьт сумдын малчдад өвс, тэжээл, дулаан хувцас болон мөнгөн тусламж үзүүлсэн.
Говь-Алтай аймгийн 70 настай 1449 ахмад настанд гарын бэлэг гардуулсан.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Төгрөг, Шарга сумын эрүүл мэндийн төвүүдэд “УАЗ-Пургон” автомашин бэлэглэсэн.
Товчхондоо, Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар тухайн үед таарсан болгондоо гарын бэлэг гардуулж, албан байгууллага болгон автомашин бэлэглэж, мөнгийг баруун солгойгүй цацсан байгаа юм.
Жишээ 2. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөж, төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” ХК-ийн гүйцэтгэх захирлаар сэлгэн томилогдсоны дараа буюу 2018 оны есдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Говь-алтай аймагт дахин очжээ. Тэгж очихдоо тэд Алтай хотод “Алтайн намар” шатрын бага наадмыг хамтран зохион байгуулж, ивээн тэтгэжээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мөн л хятад мотоцикл хэд хэдээр нь тарааж, Халиун сумын 11 өрхөд гэр бэлэглэсэн байгаа юм. Цаашилбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд Говь-Алтайд дахин очиж, Бугат сумын 80 өрхөд шинэ гэр өгч, цасан шуурганд хашаа нь нурж, байшингийнх нь дээвэр хуурсан айлуудад 121.5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ.
Эндээс, “Нүүрсний хулгайтай огт холбоогүй, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хуучин удирдлагуудыг танихгүй, мэдэхгүй” гэж мэлзэж, Засгийн тэргүүнтэйгээ заргалдаж яваа Ш.Раднаасэд “Нүүрсний хулгай”-н хэргээр цагдан хоригдож буй Д.Ариунболдтой 2016-2018 оны хугацаанд хэлхээтэй мэт хамт байсан нь тун тодорхой харагдаж байгаа юм. Товчхондоо, энэ хугацаанд Ш.Раднаасэд тойрогтоо буюу Говь-алтай аймагт очих бүрдээ Д.Ариунболдыг дагуулж очдог, тэгэх бүрдээ автомашин, мотоцикл, монгол гэр хэд хэдээр нь бэлэглэж, тараадаг байсны цаана “Нүүрсний хулгай”-н мөнгө байсан байж болзошгүй баримтууд хууль хяналтынхан илрүүлээд байгаа аж. Тэдний хоршил, хамтралын тухай бас нэгэн мэдээлэл байгаа нь, Д.Ариунболд “Алтай нутгаа хөгжүүлье” сангийн тэргүүнээр ажилладаг. “Алтай нутгаа хөгжүүлье” сан нь 2020 онд “Өөдрөг баян” ХХК-д захиалга өгч, Говь-Алтай аймгийн төв буюу Алтай хотын Жаргалант багт “Анх” нэртэй 18.000 м2 талбай бүхий худалдааны төвийг бариулжээ. Энэ худалдааны төвийн цаад эзэн нь Ш.Раднаасэд гэж нутгийнхан нь ярьцгаадаг аж.
Эцэст нь, эргэн сануулахад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг 2020 оны тавдугаар сарын 5-нд АТГ-ынхан баривчилж, 461-р хорих ангид цагдан хорьж байв. Энэ баривчилгаанаас хэдхэн хоногийн дараа “Д.Ариунболдын хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нар холбогдуулан шалгаж болзошгүй” гэх мэдээлэл нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан ч тэр даруйд нь нам дарж байсан билээ.