Монгол хэмээх дэлхийн супер гүрэн байгуулж газрын хаан болж байсан түүхтэй.
НийгэмЧИНГИС ХААН бол тэнгэрийн зараал дэлхийн удирдагч монгол үндэстний бахархал төдийгүй та бидний өнөөдрийн эрх чөлөө тусгаар тогтнолын баталгаа үндэс суурь мөн. Найман зууны тэртээ язгуур угсаа цэрэг эрс зэр зэвсгээр аархсан омог бардам Жамух өөрийн хор шарандаа шатаж мөхөж байхад харин өнчин өрөөсөн хэдэн дүүтэйгээ уулын мухарт ганц гэрт орогнох Тэмүжин Тэнгэрийн хүсэл сорилтод нийцсэн зөв сэтгэл итгэлийн улмаас Монгол хэмээх дэлхийн супер гүрэн байгуулж газрын хаан болж байсан түүхтэй.
Өнгөрсөн зууны хорин нэгэн онд өвөг дээдэс маань ганцхан шөнийн дотор арван мянган гаминг бутцохиж туурга тусгаар улс үндэстэн болсон ч тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж долоон зуун сүм хийд далан мянган лам хараа хяргуулж дөчин жил зовсны эцэст ёстой нөгөө Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг Сайн хаан эцгийн нэр хүнд сүнс сүр сүлд итгэл сэтгэлээр даян дэлхийд тусгаар улс болж өдий зэрэгт хүрлээ.
Бидэнтэй хамт шахуу л зуугаад жилийн өмнөөс тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэлдэж эхэлсэн уйгур курд палестинчуудыг өнөөдөр ч Баруун, Зүүн, Орос Америк нь ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм. Дөчин таван онд Орос Англи Америк гурван улсын Яалтын гэрээгээр яалт ч үгүй ертөнцийн бүх үндэстэнүүдийн хувь заяаг тухайн үедээ Сталин Черчилль Рузвельт хэмээх дэлхийн хамгийн хүчирхэг гуравхан эр шийдэж байсан эгзэгтэй үе байв.
Хэдийгээр улаан коммунист ч гэсэн өөрөөс нь эхлээд Чингисийг ч оруулаад газар дэлхийн бүх хаадууд ч, өнөө цагийн төр улсын тэргүүн лидерүүд ч азаар биш Тэнгэрээс соригдож ирдэг нэгэн гэдгийг Сталин гадарлах тул улс үндэстэнүүдийн хувь заяаг ялангуяа Монголын хувь заяаг яаж шийдэх ёстой гэдгийг тэрээр сайтар ухаарч байлаа.
Сталин өөрийгөө болд шиг хатаагдсан лидер (угаасаа л Сталин гэдэг нь сталь-болд гэсэн үгнээс гаралтай) гэж харуулах дуртай ч, Гитлер Москвад 25 км дөхөн ирсэн дөчин нэгэн оны Октябрын баярын өмнөх нийслэлээ нүүлгэж түүний зүрх нь түгшсэн тэрхүү аймшигт өдөр шөнүүдэд яахаа мэдэхгүй аргаа барахдаа өөрийн зөн совинд татагдан Москвагийн бүх Үнэн алдартаны сүмүүдийн тахилч нарыг хамаг нандин шүтээнийг нь бариулан Москваг тойруулан мөргөл үйлдүүлж авралыг хайж Гитлерийн давшилтыг зогсоож байснаараа нилээд сүсэглэг нэгэн байсан гэж үйл явдлыг нүдээр харсан оросын ахмад дайчдын амнаас сонсож билээ.
Мөн адил Монголын асуудал Яалтын хурлаар маргааш нь шийдэгдэх ёстой тэр шөнө Сталины сэтгэл санаа нь тавгүйтэж зүүрмэглэх зуур хэн нэгэн хүчирхэг нэгэн Миний хайртай монгол үндэстэн заавал тусгаар байх ёстой гэсэн хэн нэгний сүрт дуу хоолой чихэнд нь хүнгэнэх шиг болж Чингис хаан түүний сүрт жанжнууд нүдэнд нь үзэгдэх шиг болоход байн байн давхийн сэрж зүрх нь дагжин чичэрч түүний нойр нь хулжсан шөнө байлаа/зураг дээр/.
Дэлхийн талыг эзлэж явсан, орос гүржээс эхлээд олон арван үндэстэнг зуу зуун жилээр эрхшээлдээ байлгасан монгол хэмээх агуу үндэстэн тусгаар байх нь зүйтэй гэсэн Сталины өдрийн наранд дахь өнгөцхөн бодол нь энэхүү шөнийн зүүд совингын дараа Монгол заавал тусгаар улс байх ёстой гэсэн хатуу байр сууриар солигдож, маргаашийнх нь Яалтын хурал дээр батлагдсан төдийгүй энэ нь явсаар Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо 1961 онд дэлхийн тавцанд 100 хувь баталгаажуулсан улс төрийн шийдвэрийн үндэс болсон юм. Хэдийгээр бид Сталиныг тахин шүтэж долоох шахам байж тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан гэх боловч энэ нь яг үнэндээ Сталины зүрх сэтгэлд дэхь Чингис хааны нэр сүр, монгол үндэстнийг үнэлэх түүхэн үнэлэмжтэй салшгүй холбоотой бөгөөд бид Сайн эцгийнхээ нэрийг гурав худалдаж иддэг шиг Сайн хаан эцгийнхээ итгэл сэтгэл нэр сүрээр олдсон эх орон эрх чөлөө тусгаар тогтнолоо эрхэмлэн хайрлаж хойч үедээ өвлүүлж мянган үеэрээ ч хадгалж хамгаалж явах нь монгол үндэстэн туурга тусгаар оршин тогтнох язгуур утга учир мөн.
ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ