Ц.Гарамжав: Монголбанкны буруутай бодлогоос үүссэн ханшийн алдагдлыг ААН-дээ үүрүүлж, муу нэр зүүлгэх нь төрийн зөв бодлого уу
НийгэмХөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Монполимет групп “Монцемент” төсөлд олгосон зээлийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд Монполимет группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав гэрчээр дуудагдаж, Түр хорооны дарга Б.Энхбаяр болон УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
Монполимет групп “Монцемент” төсөлд зориулж 65 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 186.2 тэрбум төгрөгийн зээл олгосон юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Зээлийн үлдэгдлээ төлөх асуудал нь ямар дүр зурагтай явж байна вэ?
Монполимет группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав "Энэ сонсголын ач холбогдол нийгэмд их байна. Хамгийн түрүүнд хар, цагаанаа ялгуулмаар байгаа юм. Зээл аваад бид үрсэн үү эсвэл зөрчил гаргасан уу, чин сэтгэлээсээ бүтээн байгуулалт хийсэн үү гэдгээ ялгуулмаар байгаа юм.
Монцемент бол манай нэг л хэрэгжсэн төсөл. Залуучууд маань сэтгэлд хүртэл авч явж байгаад баярладаг. Сүүлийн 30 жил аж үйлдвэрийн салбарт сэргэлт өгтөл нь цементийн гурван цогц үйлдвэрийг ашиглалтад оруултал манай хамт олон төслөө хэрэгжүүлж чадсан.
Хөгжлийн Банк 2012 онд байгуулагдсан. 2013 онд ҮАБЗ-өөс Монголд хэрэгжиж буй стратегийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын 25-30 хувь нь дотоодоос санхүүжих ёстой гэсэн зөвлөмж гарсан. Зөвлөмжийн дагуу төслийнхөө 25 хувьд 2013 оноос санхүүжилт хүссэн. 2014 оны аравдугаар сард анхны санхүүжилтийг Хөгжлийн Банкнаас авснаас хойш жил гаруй хугацаанд зургаан удаа санхүүжилтийг тасалж өгсөн байдаг.
Зээлийн хэрэгжилт болон зарцуулалтын тухайд гэвэл Хөгжлийн Банк Монполимет групп дээр хатуугийн хатуу шалгалт хийсэн. Хамгийн наашгүй нөхцөлөөр уулзалт явагдаж байсан. Бидэнд үйлдвэрүүд барьсан том туршлага байсан нь давуу тал болсон.
Би Монцемент төслийнхөө хэрэгжилтийг 200 хувь гэж бардам хэлнэ. Бид Хөгжлийн Банкны зээлийг 100 хувь зориулалтын дагуу зарцуулсан. Монцемент төсөл Монгол Улсад 30 сэргээгүй байсан аж үйлдвэрийн бодлогын шинэчлэлийг эхлүүлсэн. Мөн Монгол Улсыг цементийн хараат байдлаас гаргаж чадсан төсөл" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Бид яагаад ханшийн эрсдэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа вэ гэдгийг тайлбарлая. ААН, иргэдэд ирж байгаа ханшийн дарамт биднээс болоогүй. Төслөөс болоогүй. Хэрэгжүүлж байгаа ААН-үүдээс болоогүй.
Нотлох баримт.
2017 оны тавдугаар сарын 17-ны УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Монголбанкийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээс онцолбол,
- Монголбанкны зарим үйл ажиллагаа Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй. Уламжлалт бус бодлогын арга хэрэгсэл ашигласан. Төгрөгийн худалдан авах чадвар цаашилбал санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй.
- Монголбанкны авч хэрэгжүүлсэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийт 4.8 их наяд төгрөгийн санхүүжилт банкуудад олгосон.
- Гадаад валютын эсрэг төгрөгийн худалдан авах чадварыг хурдацтайгаар сулруулсан төдийгүй төв банкны тухай хуулийн 4-р зүйлд заасан үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах заалтаа зөрчжээ. Монгол Улсад орж ирэх валютын урсгал тасарснаар төлбөрийн тэнцлийн алдагдал 232.1 сая ам.долларт хүрч, үнэ тогтворжуулах зэрэг хөтөлбөрт хэрэгжиж байсан төгрөгийн нийлүүлэлтийг 7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн валютын ханшийг тогтворгүй болгов. Үүнийг барьж тогтоохын тулд Төв банк 2012-2016 оны хооронд 7.3 тэрбум ам.долларыг зах зээл рүү нийлүүлсэн. 2012-2016 оны хооронд Монголбанкны валютын ханш 80.8 хувиар буурсан байсан. Өнөөдөр 93 хувиар буурсан явж байна. Мөнгөний бодлогыг тогтвортой барих ёстой Монголбанк, төр засаг ханшийн алдагдлыг анхаарч үзэх ёстой. Ингэж ААН дээр Монголбанкны буруутай бодлогоос үүссэн ханшийн алдагдлыг үүрүүлж, муу нэрийг нь зүүлгэх ёстой юм уу. Энэ төрийн зөв бодлого уу. Өнөөдөр бид төлөөд явж байгаа.
Хөгжлийн Банкнаас цаашид өгөх хөгжлийн зээлүүдээ төгрөгөөр өгөх нь зүйтэй гэж зөв дуугарсан" хэмээв.