Харүмафүжи: Даваагийн амжилтыг мянган жилд ч эвдэх хүн гарахгүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-01-31 01:21:07

Вандан Даваа, Токио хот, Кокүгикан ордон

Өнөөдөр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо зодог тайлах ёслолоо хийж байна. Сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжигээс цагийг эзэлсэн их аваргын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

-Сүмогийн их их аварга Хакүхо М.Даваажаргал та хоёр сүмогийн баруун зүүн жигүүрийг ээлжлэн манлайлж барилдаж байсан нэг үеийн аваргууд. Хэзээнээс бие биеэ таньдаг, мэддэг байсан бэ?

-Аав минь үндэсний бөхийн Улсын Заан цолтой бөх байсан. Би бүр багаасаа л аавыгаа дагаад барилдаанд явдаг байлаа. Хакүхо бас аавыгаа дагаад барилдаанд ирнэ. Бид хоёр хийх юмгүй, хоорондоо барилдаж, ноцолдож өссөн найзууд. Их аварга Хакүхогийн аав нь Монголын ард түмний түүхэнд түүхэн алдар нь мөнхөрсөн Ж.Мөнхбат аварга шүү дээ. Хувь заяа гэж сонин юм даа. Даваа бид хоёр хүүхэд байхдаа ирээдүйд Японы сүмогоор барилдаж, ёкозүна болно гэж хэн хэн нь төсөөлж ч байгаагүй. Би 2001 оны Хацү башё, дараагийнх нь Хаврын тэмцээнд Даваа анх барилдаж, сүмо бөхийн гараагаа ганц башёгийн зөрүүтэй эхлүүлж билээ. Тэр үед хоёулаа чөрийсөн, саваа шиг туранхай, 60 гаруйхан кг жинтэй хүүхдүүд байлаа. Даваа 15, би 16 настай, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй хүүхдүүд байв. Уг нь би нэг насаар ах ч Даваа 69 дэх ёкозүна, би 70 дахь нь. Тэгэхээр Даваа ах ёкозүна.

-Та хоёр эргэн санах дурсамж дүүрэн, багын найзууд юм байна. Сүмод учраа таарч олон барилдсан. Хамгийн сэтгэлд хоногшсон барилдаанаа нэрлэвэл?

-2004 оны Хаврын тэмцээний барилдааныг онцолж яримаар байна. Энэ барилдаан миний сэтгэлд хамгийн их хоногшиж үлдсэн. Яагаад гэвэл би энэ башёд зиндаа ахиж, жюүрёогийн зүүн жигүүрийн 14 дугаарт эрэмбэлэгдсэн, анхны цолтой бөхийн тэмцээн минь байлаа. 15 хоног барилдана гэсэн үг. Даваа надаас өмнө жюүрёод гарчихсан, барууны наймд бичигдсэн байлаа. Тэмцээний гурав дахь өдөр учраа таарлаа. Дохёнд гарч, тачиай мөргөлдөн тулж, барилдаан эхлүүлэх цаг хязгаартай байдаг. Харин бид хоёр цаг болохоос өмнө барилдсан минь сэтгэлд үлджээ. Тэр тэмцээнд Даваа 12 даван түрүүлж, дээд зиндаанд дэвшин, би 10 давж, тэмцээнээ дуусгасан. Бид хоёрын жюүрёод ганцхан удаа таарсан барилдаан. Би Ама нэртэй барилдаж байлаа. Үүнээс хойш олон таарч барилдсан, үзүүр түрүүнд шөвгөрөн үлдсэн тохиолдол ч бий.

-Хакүхо аварга Харүмафүжитэй барилдахад их хэцүү гэж ярьж байсан. Та сонссон уу?

-Өөрөөс нь бол сонсоогүй, өөр хүний амнаас дам сонсож байсан. Би дээд зиндаанд ердөө есхөн түрүүлсэн. Харин Даваа 45 түрүүлсэн, их аварга хүн шүү дээ. Үнэхээр их аварга гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Сүмогийн түүхэнд тэмдэглэгдсэн бараг бүх амжилтыг өөрөө эвдэж, өөрөө шинэчлэн тогтоосон аварга. Даваагийн энэ амжилтыг 100 жил, бүр мянган жилд ч дахин шинэчлэх хүн гарахгүй гэж би ярьдаг, одоо ч тэгж хэлнэ. Цаг үеийг эзэгнэсэн энэ их аваргатай нэгэн үед, цээж зөрүүлэн барилдаж байсандаа сэтгэл маш хангалуун байдаг. Би Даваагаа үнэн голоосоо хүндэлж явдаг.

-Та зодог тайлснаасаа хойш Хакүхо аваргатай холбоотой байгаа биз дээ?

-Барилдаж байсан үеэсээ илүү ойр дотно, байнгын холбоотой, уулзаж байгаа. Бид хоёр аав болж, өнөр өтгөн гэрбүлтэй боллоо. Аваргын гэргий Саёко Вада надад “Харүмафүжи аварга Хакүхо бид хоёрыг холбож өгсөн” гэж одоо ч хэлдэг. Одоо бид гэр бүлийн сайхан андууд.

Та найзыгаа ирээдүйд ямар багш ояката болоосой гэж хүсдэг вэ?

-Даваа их уяхан сэтгэлтэй хүн. Сүмогийн ёс заншлыг уйгагүй судалж, суралцдаг. Түүх уншина, тал бүрээр өөрийгөө боловсруулдаг хүн. Даваа шавь нараа хүчтэй сүмоч төдийгүй өв тэгш хүмүүжилтэй, мэдлэгтэй, амьдрах ухаантай, нийгмийн хариуцлагаа ухамсарласан хувь хүн болгон хүмүүжүүлж чадна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.

Холбоотой мэдээ