ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРИЙГ БУДЛИАНТУУЛАГЧИД ЯЛ АВАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-01-31 03:37:19

ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРИЙГ БУДЛИАНТУУЛАГЧИД ЯЛ АВАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж байгаа. Хэргийг шалгах явцад Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутган мөрдөн шалгах ажиллагаа нь дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна. Ж.Бат-Эрдэнэ Дархан-Уулын замын тендерийн үнэлгээний хорооны гишүүн байхдаа бусдад давуу байдал олгосон нь тогтоогджээ. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгуулахын тулд хахуулийг нь зуучилсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан З.Буяннэмэхэд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр хяналтын прокурорт нь санал хүргүүлсэн сурагтай. З.Буяннэмэхийн оролцоотойгоор ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зэрэг албан тушаалтны нөлөөгөөр сонгон шалгаруулалтын баримт бичгийг өөрчлөн, шүүх, арбитрын маргаантай оролцогчийг шалгаруулахгүй байх заалтыг нь хасаад “Чайна гео инженеринг корпорац” компанийг ялуулсан гэнэ. Уг компани нь Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км-ийг нь барихаар болсон ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм байна.

Холбоотой мэдээ