Владимир Путин: 80 жилийн дараа Германы танкууд дахин бидэнд аюул учруулж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-02-03 00:58:55

Пүрэв гарагт ОХУ-ын эрх баригчид Сталинградын тулааны ялалтын 80 жилийн ойг Волгоград хотод тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хоёрдугаар дайныг өнөөдрийн Украины дайнтай адилтгасан байна.

Герман улс Leopard танкаа Украинд илгээх болсон шийдвэрийг тэр энэ үеэр онцолжээ.

“Энэ бол итгэхэд хэцүү ч гарцаагүй үнэн юм. Өнөөдөр бидэнд Германы Леопард танкууд дахин заналхийлж байна” гэж Путин хэлсэн байна.

Гэхдээ энэ удаагийн дайнд Орос улс илүү хүчирхэг зэвсэгтэй болсон, нөхцөл байдал 80 жилийн өмнөхөөс өөр болсныг тэр бас сануулжээ.

“Оросыг тулаанд ялахыг хүсэж байгаа этгээдүүд орчин үеийн дайн эрс өөр болсныг ойлгохгүй байна. Бид танкуудаа тэдний хилийн шугам рүү илгээхгүй, харин өөр зэвсгээр хариуг нь өгч чадна. Дайн хуягт машин техникээр хязгаарлагдахаа больсон. Үүнийг бүгд ойлгож байх ёстой” гэж Путин хэлсэн нь цөмийн зэвсэг болон бусад орчин үеийн зэр зэвсгийн талаар цухуйлгасан гэдэг нь тодорхой байв.

Путиний хэлсэн үгийн талаар тодруулахад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбарлахаас татгалзсан байна.

Гэхдээ тэр “Өрнөдийн орнууд шинэ зэр зэвсэг нийлүүлж буй тохиолдолд Орос улс хариу арга хэмжээ авах боломжоо бүрэн дүүрэн ашиглахаас өөр аргагүй болно” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Одоогоос 80 жилийн өмнө Сталинградын тулаан Зөвлөлтийн армийн ялалтаар өндөрлөж, Нацист Германы 91,000 орчим цэрэг олзлогдож байв.

Нэг сая гаруй хүн амиа алдсан энэ тулаан дэлхийн хоёрдугаар дайнд эргэлт авчирсан гэдэг.

Жил орчмын өмнө эхэлсэн Украины дайны туршид Путин тус улсыг “нацизмаас цэвэрлэх” зорилготойгоо олон удаа давтан ярьж байсан юм.

Өчигдөр хэлсэн үгэндээ ч тэр үүнийгээ дахин давтжээ.

“Харамсалтай нь зүсээ хувилгаж, орчин үеийн өнгө төрхтэй болсон Нацизмын үзэл суртал өнөөдөр дахин манай эх оронд аюул занал учруулж буйг бид харж байна. Бид дахиад Өрнөдийн нэгдсэн хүчний түрэмгийллийг няцаах ёстой боллоо” гэж тэр хэлсэн юм.

Түүхэн үйл явдлын 80 жилийн ойг тохиолдуулан Волгоград хотын нэрийг зөвхөн өчигдөр түр Сталинград болгон өөрчилсөн байна.

Волгоград хот өмнө нь Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталиний нэрээр нэрлэгдэж байв. Зөвлөлт Холбоот Улсыг 1924-1953 онуудад удирдахдаа Сталин зохиомол өлсгөлөнгөөр Украины ард түмнийг хэлмэгдүүлж байсан түүхтэй.

Холодомор гэж нэрлэдэг энэхүү өлсгөлөнгийн үеэр Украины таван сая иргэн амиа алдаж байжээ.

Энэ долоо хоногийн эхээр Болгар улсын эрх баригчид энэхүү үйл явдал “геноцид” байсныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.

 

Эх сурвалж: BBC


Холбоотой мэдээ