ЗХЖШ-ын багш нар Wayfair сүлжээ хийж, иргэдийг татан оруулжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-02-03 14:10:21

Манай улсад Wayfair гэх сүлжээний залилан нэвтэрч, маш олон иргэд хохироод байна. Уг сүлжээг гадаад улсын иргэн Мелли гэх  этгээд удирдан явуулдаг гэж хохирогчид ойлгож, сүлжээнд нэгдсэн байна. Сүлжээнд эхэлж орсон хүмүүс нь мөнгө авч байсан учраас хүмүүс итгэж, улам бүр нэмэгдсээр байжээ. Гэтэл энэ сарын 18-ны өдрөөс тухайн сүлжээний  систем гэнэт ажиллахаа больж, сүлжээнд мөнгө оруулсан иргэд мөнгөө хэнээс авахаа мэдэхээ больж, цагдаагийн байгууллагад хандаж эхэлсэн байна. 

Манай редакцид хандсан нэг хохирогч 2000 доллараа алджээ. Түүний хэлж байгаагаар, тэрбээр уг сүлжээний талаарх мэдээллийг анх Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалтын төвийн багш нар болох Г, Х, Бнараас авсан байна. 

Ингэхдээ Америкт байрлалтай тавилгын дэлгүүрийн сурталчилгааг цахимаар хийх, өөрийн гэсэн мөнгөтэй өрөөг бий болгож, түүндээ олон хүн нэгтгэн ашгаа нэмэх хэлбэрээр үйл ажиллагаанд оролцож байсан аж. Тухайн сүлжээнд иргэнийг нэгтгэн зуучилсан ЗХЖШ-ын Сургалтын багш Г хэлэхдээ “Тухайн сүлжээ нь лицензтэй бизнес учраас ямар ч  аюулгүй. Удахгүй Монгол дахь оффисоо нээнэ” гэх мэдээллийг өгч, түүний доорх группт 12000 гаруй иргэн мөнгөө оруулан, нэгджээ. Эхэн үедээ 50 доллараар сүлжээнд нэгдэхэд, тухайн мөнгө нь ашгийнхаа хамт буцаж дансанд нь шилжин орж байсан учраас иргэдэд итгэл төрж, ойр хавийнхнаа татан оролцуулсан аж. 

Яг ийм байдлаар ажилласан ЗХЖШ-ын Ховд аймаг дахь салбарын ажилтан Х гэгч нь ашгийн мөнгөөрөө Тоёота приүс-41 маркын автомашин худалдан авснаа тухайн группт мэдээлэл болгон оруулж байжээ. Энэ нь олон иргэд тухайн сүлжээнд нэгдэх итгэл төрүүлсэн гэдгийг хохирогч ярьж байна. Ингээд тэрбээр гэр бүлдээ автомашин худалдан авахаар хадгалж байсан мөнгөө сүлжээнд оруулж, эцэст нь хоосон хоцорчээ. 

Сүлжээний систем хаагдсан даруйд Г рүү холбогдоход “Систем удахгүй зүгээр болчихно, санаа зоволтгүй” гэсэн бөгөөд үүнээс хойш 13 хоног өнгөрч, тэрбээр утасны дуудлагад ч хариу өгөхөө больжээ. 

Эзэн биегүй сүлжээний залилан дүр, хэлбэрээ өөрчлөн үе шаттайгаар нэвтэрч, иргэдийг хохироож байгаа энэ үед иргэн та мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, хянамгай байж, хувийн хөрөнгөө хамгаалахыг сэрэмжлүүлж байна. Харин нэгэнт хохирсон бол та цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.

Холбоотой мэдээ