Р.Эмүжин: Нөхөр, өөрийнх нь дансаар хэдэн тэрбум ордог хүнд сарын 1,5 саяын эмчилгээ нулимс мөн үү?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-02-04 11:22:15

Зохиолч Р.Эмүжин:

“Нулимс үнэртэй л дээ…За тэр хорт хавдар гэдэг өвчнийг чинь туулж гараагүй, үүрч бөхийгөөгүй айл Монголд байдаг юм уу? 

Хүн төрөлхтний зүрхэн дундуур туучиж байгаа өвчин шүү дээ.

Хавдрын эмнэлэгт, монгол эмч нарт аавынхаа амийг даатгачихаад зогсож байсны хувьд манай анагаах ухааныхан улсын, хувийн гэлтгүй энэ тал дээр чамбайрсныг мэдэх юм.

Нэг үеэ бодоход цаг өөр болсон, Америк, Солонгос гээд газар газраас эрдэм өвөрлөж, тэндээ хэдэн жилээр ажиллаж байгаад ирсэн залуухан, тууштай, дайчин эмч нар оношлоод, хүнд мэс заслын ард багаараа гараад, шаардлагатай бүхнийг хийдэг болсон.

Чухам байр сав, багаж төхөөрөмж, хүн хүчний хүрэлцээний тал дээр бол асуудал бий. Тэгээд ч тэр хавдар гэдгийг чинь эхо төдийгөөр оношлоод байдаггүй, дээр нь химийн эмчилгээний заалттай хүн таван жил тарвалзаж явдаг гэдэгт яагаад ч итгэхгүй юм байна. Гол нь хавдартаа биш, тухайн хүний сэтгэлзүйд учир байна даа.

Бусдад шоовдорлогдсон, эсвэл ямар нэгэн зовлон бэрхшээл үүрч хэлмэгдэж яваа байдлаар өөрийгөө үргэлжид илэрхийлнэ гэдэг бол сэтгэлзүйн нэг төрлийн өвчин гэж ойлгодог. Тэгээд түүндээ хэн нэгнийг, эсвэл аль нэг салбар, хэсэг бүлэг хүнийг, бүр цаашлаад нийгмийг буруутгаж байж өөрийгөө илэрхийлдэг, түүндээ тайвширч, хэсэгтээ тавирдаг.

Манайд нийгмийн болон хувь хүний сэтгэлзүйн салбар хөгжих нь байтугай хаягдсанаас болж оношоо мэдэхгүй асуудалтай хүмүүс олонд нөлөөлөх хэмжээнд одонцор болдог, улмаар улс орон, нийгмийн амьдралд, ажиллаж буй салбартаа өрөөсгөл нөлөө үзүүлдэг хандлага тогтлоо доо. Ядаж сэтгэлзүйн байдлаа мэдэж байвал оюун ухаант хүмүүн энэ тал дээр өөрийгөө захирч чадна даа.

Тэр тусмаа хорт хавдрын тухай иймэрхүү мэдээлэл түгээх нь эрүүл явж байгаа, эсвэл оношоо сонссон хүмүүст ч эргэлзээ, түгшүүр төрүүлэх муу талтай. Тав зургаан жил ийм оноштой явсан гэдгийг сонсоод баттай оношлогдсон хүмүүс яах ёстой вэ? Дахин оношлуулах гээд эргэлзээд эмнэлгийн үүд сахих уу, Лондон явж үзүүлэх гээд мөнгө цуглуулах уу?

Ийм л эмзэг сэдэв юм шүү дээ. Эсвэл өө ингээд яваад байж болдог юм байна гэж эндүүрээд өвчний явцаа хүндрүүлэх үү? Би салбарынхныхаа тухай сайшаалаас өөрийг бичих дургүй, шатаж бэлтгэдэг ганц мэдээ, зүтгэж баримтжуулдаг ганц хормын видео болгоны ард залуу нас нь үрэгдэж байдгийг мэддэг болохоор дуугаа татдаг.

Эцэст нь нэг зүйл хэлье. Нөхрийнх нь болон өөрийнх нь дансаар хэдэн тэрбум төгрөг давхиад орчихдог хүнд сарын хими эмчилгээний 1.5 сая төгрөг нулимс, шаналан мөн үү? Мөнгөний үнэрийг ялгадаггүй байж болно, хагас сая уншигч үзэгчийг харийн махны үйлдвэрийн хашаанд уядаг байж болно, хорт хавдрыг туулж яваа, цөхөрч үлдээд элгээ эмтэлсэн хэн бүхний сэтгэл үнэртэй байдаг юм, тэр үнэрийг нулимс гэдэг билээ! Монголчуудын үзэл санаа, оюун бодол ч бас үнэртэй, тэр үнэрийг тусгаар тогтнолын дархлаа гэдэг билээ.

Сэтгүүлзүй, утга зохиолын салбарынхан энэ дархлааг үүрч явах учиртай юм шүү дээ, тиймээс мөнгөний байтугай нулимсны үнэрийг мэдэрдэг үнэрч бай, өөр юу хэлэх вэ дээ” гэлээ.


Холбоотой мэдээ