Крымд халдвал Украиныг бүхэлд нь галд шатаахыг Медведев анхааруулав
ДэлхийУкраины дайны турш Кремлийн хамгийн дайнч дуу хоолой болоод байгаа ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев ээлжит хатуу ширүүн үгтэй мэдэгдлээ хийжээ.
Саяхан АНУ тэргүүтэй холбоотнууд Украинд орчин үеийн байлдааны танкуудаа нийлүүлэх шийдвэр гаргасан. АНУ-ын засаг захиргааны сүүлд баталсан $2.175 тэрбумын тусламжийн багцад Украины цохилт өгөх зайг хоёр дахин уртасгах шинэ пуужингийн систем багтсан тухай Баасан гарагт Пентагон мэдэгдсэн юм.
ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев өчигдөр сэтгүүлч Надана Фридриксонтой онлайнаар ярилцжээ.
Өрнөдийн зэр зэвсгийн нийлүүлэлт улам нэмэгдэж, 2014 онд нэгтгэгдсэн Крымийн хойгт цохилт өгч эхэлбэл Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх хүртэл өөрийгөө хамгаалах бүх арга хэмжээг авахыг Медведев энэ үеэр батлан илэрхийлсэн байна.
“Киевийн дэглэмийн хяналтад байгаа Украины бүх хэсэг галд шатах болно. Бид өөртөө ямар ч хязгаарлалт тавихгүй. Аюул заналхийллийн нөхцөл байдлаас хамааран бүх төрлийн зэвсгээ ашиглахад бэлэн. Манай цөмийн зэвсгийн үзэл номлолд энэ тухай заасан байгаа. Хариу арга хэмжээ хурдан, хатуу, шийдэмгий байхыг би баталж байна” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэргийн хүч Украины газар нутагт халдан довтолж байлаа. Дайн эхэлсний нэг жилийн ой энэ сарын сүүлээр тохиох юм. Өрнөдийн дарамт шахалт, зэр зэвсгийн нийлүүлэлт нэмэгдэх тусам Кремлийн эрх баригчид цөмийн зэвсгээр сүрдүүлэх нь нэмэгдэж байна. Өнгөрч буй долоо хоногт Сталинградын тулааны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бас цөмийн зэвсэг хэрэглэх санааг цухуйлгасан юм.
Эх сурвалж: Reuters