Туркт тэмцээнд оролцож байсан долоон бөх амиа алджээ
ДэлхийТурк, Сирид болсон газар хөдлөлтөөр амиа алдагчдын тоо өдөр тутам нэмэгдсээр байна.
Сүүлийн 100 жилд болоогүй гэх энэхүү хүчтэй гөзөр хөдлөлтөд спортын ертөнц ч маш их хохирол амслаа.
Даваа гарагт олимпын аварга Таха Акгуль 30-40 бөх амьдарч байсан Кахраманмараш мужийн Спортын ордон тэр чигээрээ нурсан гэж мэдэгдсэн. Тамирчид барилгын нурангид дарагдсан юм. Тэд чөлөөт бөхийн Олон улсын тэмцээнд оролцож байсан бөгөөд Франц, Косово, Узбекистаны бөхчүүдийг аюулгүй газарт аваачиж чадсан ч Туркийн долоон бөх амиа алдсан нь тогтоогдоод байна. Маш олон бөх сураггүй алга болсныг нурангин дор дарагдсан гэж үзэн, хайх ажиллагаа явуулж байгаа юм.
Туркийн бөхийн холбооноос “Нурангид дарагдсан бөхчүүдийг хайх, аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Одоогийн байдлаар найман бөхийн амийг аварлаа” гэж мэдэгдлээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ны тэргүүн Ненад Лалович “Газар хөдлөлт маш олон хүний амь насыг хохироосныг сонсоход аймшигтай байна. Үрэгдэгсдийн дунд манай долоон эрэлхэг бөх багтсаныг сонсоод сэтгэл өвдлөө. Би тэдний гэр бүлийн төлөө залбирч, Турк, Сирийн ард түмэнд энэ хүнд хэцүү үед нь туслах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.