ХОХЬ НЬ ГЭДЭГ НЬ БОЛ ҮНЭН
НийгэмКойнчин О.Мөнхжинг койн гаргасных нь төлөө гохь нь болгож, шоронд хийгээгүй юм байна. Whitepaper буюу танилцуулсан дүрэм журмаа өөрсдөө зөрчиж, Т.Хайдавноров гэдэг хүний хувийн дансанд 6,5 тэрбум, Эксклюзив ББСБ-д 1,1 тэрбумыг шилжүүлж доллар авсан. Авсан доллар нь өөрийнх компанийн орлогод бүртгэгдээгүй. Аав, хадам ээж, хадам эгч нарынхаа дансаар зах зээлд нууцаар койн зарж, 3,4 сая доллар болгоод гадаадын биржэд гаргасан. Хүмүүсийн хашаа байшин, машин унаагаа зарж авсан койнуудыг цоожлогдсон гэж мэхлээд, гадаадын биржэд гаргасан байна. Койн гаргах нь гэмт хэрэг биш, койноор татсан мөнгөө угаах, бусдыг хуурч мэхлэх нь гэмт хэрэг. О.Мөнхжин Монголын иргэн хэвээрээ ч койноор татсан хүмүүсийн мөнгөнөөс 3 сая доллар тийшээ шилжүүлээд, тэнд байр сууц авч Америкийн иргэн болчихсон байсан юм байна. Монголоос олсон мөнгөөрөө Америкийн иргэн болж, тэндээ суурьшихаар бэлтгэж байсан гэсэн үг. Монголд нэг хүн хоёр улсын харъяалалтай байхыг хуулиар хориглодог. Ядуу Монголын мөнгөөр баян Америкийн иргэн болсон гэсэн үг. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү, инфлүүнзер гэгч Б.Идэр-Од IHC койн гаргасан “Ихбит” компанийн 25%-ийн хувьцаагаа зараад, Австрали руу гарсан шиг О.Мөнхжин Америк паспортаараа хил давсан бол алдсан хүмүүс 10 тамдаа утгаараа орох байжээ.
О.Мөнхжин фэйсбүүктээ “Нийтээрээ TOXIC TRASH залхуу, амаа онгойлгоод, дээшээ харж хэвтээд бусдаас юм нэхээд хэвтэж байдаг тул та нар ингэж амьдардаг юм. Хохь нь” гэж тавлаж байсан юм. Авснаа хохь нь гээд байна уу? хүн гэж асуухад “Чи өөрөө сайн дураараа авсан” гэж тохуурхаж байсан О.Мөнхжин 461-р ангид суух болмогцоо олны нүдэн дээр уйлж унжсан билээ. Хүний мөнгөөр хүүдэгнэн, гадаад аялалд 353 сая, рекламанд 327 сая, картын төлбөрт 300 саяыг гэх мэтээр цацаж, сагсан бөмбөгийн баг хүртэл байгуулжээ. О.Мөнхжин нар койн гаргасан нь буруу биш, койныхоо дүрмийг зөрчиж, нууцаар арилжиж, хувийн дансаар доллар авч, гадагшаа гаргасан үйлдлийг нь шалгаж байна. Нөгөө талаас О.Мөнхжингийн буруу дотор ч зөв юм байна. Хөлс хүчээ зарцуулж, юм хийж бүтээхийн оронд гар хумхи сууж байгаад гэнэт баяжих гэнэн мухар шуналынхаа золиос болсон хүн мянга мянгаараа хохь нь боллоо. Эрсдэлтэй бизнест хэдэн бор төгрөгөө, хамаг байдгаа хуу хамжаад өгөхөөс өмнө, шуналдаа сохрохын оронд 7 хэмжиж 1 огтолж байхгүй бол хохь нь болоод л дуусна.