ЕРӨНХИЙ САЙДЫН ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИНД “ШҮҮРҮҮЛЭХ” ЭХ ОРНООСОО ЗУГТАГСАД
НийгэмЕрөнхий сайд шувуу ажиллагааныхаа “шүүрэх” эхний хүмүүсийг онилчихоод, магадгүй олчихоод мэдэгдэл хийх шиг боллоо. Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг дараа долоо хоногт зарлана” хэмээн Төрийн ордны төв танхимаас жуумалзаж ирээд итгэлтэй нь аргагүй мэдэгдэв. Түүний Засгийн газрын хэрэгжүүлж буй шувуу ажиллагаанд “шүүрүүлэх” нь тодорхой болсон этгээдүүд хилийн чанадад орох газар, хорогдох байраа солиод сүйд болж мэдэхээр мэдэгдлийг тэр түүртэх юмгүй, түр хүлээх ч сонирхолгүй хэлчихлээ. Ерөнхий сайдын зарласан, заасан хугацаа нь тодорхой байгаа нь тун ч сонирхолтой “юм” болж мэдэхээр байна. Дараа долоо хоногийн Засгийн газрын хуралдааны маргааш хэдэн этгээдийг хилийн чанадаас аваад ирчихсэн нийтээрээ шүүж, Ерөнхий сайд “бааварлаж” суух бол гэсэн асуулт хариултаа нэхэн “шийрэгнэж” байна. Эсвэл Ерөнхий сайд хэдэн хүнтэй “тохироо” хийгээд, хэдээр нь туг тахих бол гэсэн асуулт ч хариултгүй байж ядаж байна. Хийхээсээ түрүүлж мэдэгддэг, хийх гэж буйгаа тайлагнадаг, хийнэ гэдгээ зарлах нь Ерөнхий сайдын имиж болоод удаж байгаа.
Үүнийг гэрчлэх ганцхан жишээ нь,Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараагийн бөмбөг тэслэх салбар нь төмөр зам гэдгийг тодотгож хэлээд, 24 цагийн дараа УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан мэдээлэл зураг, бичлэгтэйгээ цацагдаж, дуулиан дэгдээж байлаа. Гэхдээ үүнээс өөр Төмөр замыг дэлбэлсэн, дэлгэсэн юм одоогоор алга, түүний багийнханд. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ С.Батдөлөөр туг тахиад, бусадтай нь “тохироо” хийчихсэн ч байж болзошгүй байгаа юм. Хэрэв дэлбэлсэн шиг дэлбэлж, тэсэлсэн шиг тэсэлсэн бол Төмөр замын хэдэн даргыг суудлаас нь өндөлзүүлээд, хуулийн байгууллагын үүдэнд уячихсан байж байх биз ээ. Ерөнхий сайдын хөдөлж байгаа нь, хийж эхэлж байгаа нь зөв, гэхдээ гүйцэтгэл нь тийм ч сайн биш бололтой.
Шувуу ажиллагаагаар сүр дуулиантайгаар “шүүрч” ирэх этгээдүүдийг аваад ирэх нь ирэх байх. Гэхдээ шүүж чадах эсэх нь эргэлзээтэй, “шүүрдэж” чадах нь бүүр баталгаагүй байна. Ерөнхий сайд өчигдөр“Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна. УИХ, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна. Шувуу ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад пасспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлага тохиолдолд УИХ-д оруулна” гэж хэлсэн билээ.
Ерөнхий сайдын Шувуу ажиллагааны эхний ээлжинд “шүүрүүлэх” эх орноосоо зугтагсад хэн хэн байх вэ гэдэг нь ойлгомжтой хэрнээ хаалттай байна. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой” төмөр замын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар дайчлагдан “баривчлагдаж”, Л.Оюун-Эрдэнийн даалгавараар эх орондоо ирэх хүмүүсийн эхний эгнээнд баараггүй бичигдэж байна.
Ч.САЙХАНБИЛЭГ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хийсэн, хийгээгүй олон хэрэг тохоотой байгаа. Эх орноосоо зугтаж, харь оронд амьдарч, хаа нэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийдэг Ч.Сайханбилэгийг хамгийн түрүүнд Засгийн газрын шийдвэрээр авчирч магадгүй. Учир нь, Ч.Сайханбилэгт хамгийн сүүлд нэмэгдсэн, шалгагдаж байгаа хэрэг нь Хөгжлийн банкны хэрэг. Хөгжлийн банк 2012 оноос зээл олгож эхэлсэн байдаг. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найдваргүй зээл олгосон байж болзошгүй гэх. Тодруулбал, хууль хяналтын байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “УИХ-аар баталсан хууль зөрчиж, Засгийн газрын тогтоол гаргаж, чанаргүй зээл олгох эхлэлийг тавьсан. УИХ-аар тогтоолыг цуцлуулсны дараа Засгийн газар шинээр тогтоол гаргаж зээл олгох ёстой байсан” зэрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа.
Мөн Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт хамаатуулан шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарыг эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжинд Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
Ч.Сайханбилэгийн шалгагдах зүйл анги ганц, хоёроор тогтохгүй гэдгийг дээр хэлсэн. АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг саатуулсан байдаг. Түүнийг Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм. Хачирхалтай нь, 30 хоногийн дараа Ч.Сайханбилэгийг суллаж, хилийн хориг тавьсан ч тэрбээр гурван сарын дараа БНСУ-аар дамжиж, АНУ руу “зугтаасан” байдаг. Ч.Сайханбилэгийн холбогдсон дээрх хэргүүдийг шийдвэрлэхийн тулд түүнийг шувуу ажиллагаар авчрах бололтой.
Т.БАДАМЖУНАЙ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй гав, гинж харшуулан ирэх дараагийн хүн бол ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай байж магадгүй.
ХХААХҮ яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориулалтынх нь дагуу ашиглалгүй өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран халаасалсан байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгаж эхэлсэн гэх. Харамсалтай нь, хууль хяналтын байгууллагаас шалгагдаж эхэлсэн даруйдаа сайд асан Т.Бадамжунай Дорнодоор дамжиж, хувийн машинаар хил даван зугтаад таван жил сураггүй болоод байгаа. Одоо түүнийг БНСУ-д амьдардаг гэх мэдээлэл байгаа.
Тодруулбал, Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, ах, дүүгийнхээ халаасны компани руу шургуулсан байж болзошгүй гэх юм билээ. Засгийн газраас нисгэж байгаа “бор” шувуу Т.Бадамжунайг авчирсанаар үүнээс гадна олон хэргийн зангилаа тайлагдаж, тухайн үеийн яамд ажиллаж байсан мэргэжилтэн, хэлтсийн даргын хувь заяа тодорхой болж, хэрэг нь шийдэгдэнэ гэх.
Н.УДААНЖАРГАЛ
АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин компани болох “Тавантолгой” төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын ажлын байранд нэгжлэг хийсэн байдаг. Хачирхалтай нь, Н.Удаанжаргал АТГ-аас нэгжлэг хийх үед хэдийнэ хил даваад “зугтчихсан” байсан гэх.
Тэрбээр хил давсан талаараа тайлбарлахдаа “Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна. Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Коrеаl оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннель барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм” хэмээн хэвлэлд ярьсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байна.
Томилолт нь дуусаагүй юу, хууль хяналтын байгууллагыг, Засгийн газартай нь, ард түмэнтэй нь тонгорч байгаа юм уу, бүү мэд. Ямартай ч тэр бараа сураггүй алга болчихоод багагүй хугацаа өнгөрч байна.
Ж.МӨНХБАТ
Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уянгын халилттай, урт өргөдөл бичиж өгөөд БНСУ-ыг зорьсон ч одоо хүртэл сураггүй байна. Тэр угтаа гадаадад ээжийгээ эмчлүүлж, хууль хяналтын байгууллагад бүрэн эрхийн хаалтгүй, энгийн иргэний хувиар шалгуулна гэж мэдэгдсэн ч ээжийгээ орхиод, эрх мэдлээ “чирээд” Монголоос явсан. Хэзээ ирэх, хуулийн байгууллагад хэзээ шалгагдах нь бүүр ч тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хар багийн найз Б.Чойжилжалбуу нь “Марс гранд” ХХК-иараа 2020 онд Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх тансаг зэрэглэлийн 46 айлын хаус хотхон барьсан. Тухайн 46 хаусаа нэг бүрийг нь 630 сая төгрөгөөр буюу нийт 28 орчим тэрбум төгрөгөөр борлуулсан баримт бий. Б.Чойжилжалбуу энэхүү 46 хаус бүхий хотхоныг барьж, худалдсан хугацаа нь Ж.Мөнхбатын "Эрдэнэс тавантолгой" ХК-тай холбогдсон хугацаатай давхацдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбат "Нүүрсний хулгай"-н мөнгөөр найз Б.Чойжилжалбуугаараа 46 хаус бариулж, мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Ямартай ч Ерөнхий сайдын шувуу ажиллагаа хүрч чадвал олон улсын хэрэгтэн зээх шуудан зөөгч болж мэдэх нь.