БАЯНЗҮРХ УУЛ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-03-04 09:47:41

Улаанбаатар хотын зүүн урд орших сүрлэг уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1846 /1860/ метр өндөр. Зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, хагас саран хэлбэртэй, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй бөгөөд эртнээс нааш цэрэг эрс, эрэгтэй хүмүүст ээлтэй хэмээн домоглодог. Тийм ч учраас Хужирбулангийн цэргийн анги байрлаж, олон агт адууг идээшлүүлж иржээ. Баянзүрх уулын сахиус Лусын дагина ажээ. Уулыг Ар, Өвөр Баянзүрх хэмээн нэрлэж, Ар Баянзүрхийг тахиж иржээ. Уу булагаас хойш Гандан уул гэж гэж нэрлэдэг бөгөөд “Гандан уулын цэцгийг гандана чиг санасангүй, Ганихарсан хоёр сэтгэлийг гажна чиг санасангүй” хэмээн дуулдаг ардын дуу хүртэл бий. 


Ар Баянзүрхийн ой модон дотор нэгэн байшингийн туурь байдаг. 1920 онд Барон Унгерн Нийслэл хүрээг эзлэхийн өмнө энэ байшинд түр байрлаж байжээ. Баянзүрх уул нь Дархан ван Пунцагцэрэнгийн хошуунд харъяалагддаг байсан учир Жанчивлангийн хүрээний лам нар ирж тахилга үйлддэг байжээ. “Эд агуурсыг хур мэт буулгадаг эзэнтэй” учраас баяжиж дэгжихэд сайн хэмээн үзэж “Баян болъё гэвэл Баянзүрхийг тахь” хэмээн хэлэлцдэг байв. Эдүгээ нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Баянзүрх уулын их тахилгыг хоёр жилд нэг удаа, бага тахилгыг жил бүр үйлддэг уламжлалтай болжээ.

Холбоотой мэдээ