Капитал банкийг төлбөрийн чадваргүй болгосон захиралд 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ
НийгэмНийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх хэргийг энэ сарын 6-9-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Улмаар 5 тэрбум төгрөгийн хохирлыг гурван сарын хугацаанд төлж барагдуулах, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Мөн Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: УЕПГ