Р.Эмүжин: Санждорж мэтийн харийн гар хөл бологсод хүний сайхан үрд хүйтэн шүлсээ үсэргэх хэрэггүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-03-14 09:46:37


Цэнхэр нударгатай монгол дээлтэй хөвгүүнийг өрнө дорнын шашны зүтгэлтнүүд, судлаачид, сүсэгтэн олон өхөөрдөн, гайхширан, хүндэтгэн харж байна даа. 

Энэ олон хувраг хувцастай лам гэлэнгүүдийн дунд томоос том цэнхэр нударга, монгол энгэр захтай дээлээрээ тэрбээр “Би Монгол” хэмээн чимээгүйхэн зарлаж сууна. 

Олон цагийн, олон өдрийн хуралд чилж л суугаа байлгүй дээ, алдрай 10-хан нас шүү дээ.

Өндөр настай Далай ламын дараа Бурхны шашинтнуудын оюун санааны удирдагч болно хэмээн түүнийг шашин судлаачид харж байна, үүнийгээ ч илэрхийлээд эхэллээ.

Ялангуяа Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам өөрт нь дараагийн дүр гэж байхгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсний дараа энэ хүлээлт Монголын 10 дугаар Богд дээр төвлөрч буй юм.

Энэтхэгийн Дарамсала хотод Далай лам Дэмчог номыг хурах үедээ 10 дугаар Богдоор тодорсон хөвгүүнийг байлцах учиртай хэмээн урьжээ.

Уг Дэмчог буюу Дээдийн амгалан хэмээх номын зохиогч нь Халхын анхдугаар Богд агаад, эл номыг хурах үед Богд байлцах учиртай гэнэ.

Тиймээс гурван настайдаа тодроод, долоон жил нууцлагдмал байсан Монголын 10 дугаар Богд ийнхүү олны өмнө гарах тохиол бүрдсэн байна.

Монголын 10 дугаар Богдын аав математикч Алтаннар. “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ” зэрэг цогц бүтээл туурвин, математикийн шинжлэх ухаанд шинэ чиглэл, хандлага бий болгон дэлхийд үнэлэгдэж, 180 орчим сэтгүүлд Монголын эрдэмтдийн энэ нээлтийн талаар нийтэлж байсан ба Алтаннар эл эрдэмтдийн багт багтаж, 2013 онд Төрийн соёрхол хүртэж байжээ. 

Ээж нь Мөнхнасан, үндэсний үйлдвэрлэгч Монцемент компанийн үүсгэн байгуулагч. 

Монголчууд 10 дугаар Богддоо ерөөл өргөж буй энэ өдрүүдэд Санждорж лам оюун санааны хагарлын хар чулуу шидэх оролдлого хийж харагдлаа. 

Хятадын коммунист намын гишүүн Ванчинбогдоос тэтгэлэг санхүүжилт авдаг хэмээн олонтаа хэвлэлд бичигдэж байсан Санждорж лам зодоон, хүчингийн хэрэгт ч нэр холбогдож явсан нэгэн.

Сонирхуулахад Ванчинбогдын туурвисан номын нэгэн бүлэгт “Монгол бол Хятадын нэгэн хэсэг” гэсэн утгатай үг, өгүүлбэр байдгийг сануулмаар байна. 

Монголчууд дотооддоо хагаралдаж, эвдрэлцэж л байвал бах нь ханаж, балин нь балгалздаг хэдэн хүн бий. 

Далай ламын тодруулсан 10 дугаар Богдоо тойрон монголчууд эвлэлдэн нэгдэж, энхийн үйл, эх дэлхийн сайн сайхан, Бурхны шашны шинэчлэлийн төлөө сэтгэл нэгтэй зүтгэж чадах уу, үгүй юу гэдгийг өрнө дорнын буддистууд чагнаархан харж байхад улс үндэстнээ хуваан талцуулах үрийг тарьж явдаг

Санждорж нарын харийн мөнгө, хатавчны санаархал үнэртүүлсэн хүмүүс хошуу амаа хямгадчихмаар байгаа юм.

Тэр тусмаа хүний сайхан хүүд хүйтэн шүлсээ үсэргэх хэрэггүй.

Тэртэй тэргүй Монголын 10 дугаар Богд олон ачаа үүрч, олон эрсдэл хүлээж байгаа. 

Харин 10 дугаар Богдтой болсноор Монгол Улс Бурхны шашны өндөрлөг болох боломжтой. 

Бурхны шашинд монголчуудын оруулсан оюун санааны, туурвин бүтээхүйн хөрөнгө оруулалтыг нуур далайгаар хэмжих аргагүй,

Бурхны шашин өөрөө Монгол болтол олон зууныг элээжээ.

Тиймээс ч Бурхны шашинт орнууд монголчуудад хүндэтгэлтэй ханддаг.

Ямартай ч томоос том цэнхэр нударгатай, монгол дээлтэй, 10 настай хөвгүүн хичээж харагдана,

бид бас хичээе.

Өөрсдийн үе чацуу хүү охидоо ингээд илгээх байсан уу, өр зүрхнээсээ асууж, өөрөө өөртөө чин үнэнээр хариулъя.

Баян айлаас тодорлоо хэмээн балмад шүүмж өрнүүлэхээ болъё. 

Боловсрол өндөр, бодол хол, сунгаа алс, суудал бат байг. 

Ядуу айлаас тодруулсангүй гэж ял асуухаа болъё. 

Тэгсэн бол хэн худалдаад авчих бол гэж хэнгэнэтэл муулж суух байснаа саная. 

Шашны цол мяндаг нь 10 дугаар Богд боловч, монгол дээлээрээ гоёод очсон, монгол зүрх сэтгэлээ өвөрлөөд сууж байгаа арваадхан настай алдрай шүү дээ. 

Дөрөө нь чанга, уншлага нь арвин, ухаан нь уужим, хараа нь алс, залбирал нь зангарагтай, заяа нь дэлхийнх байг! 

Эх хүн бүр үүнийг үрдээ хүсдэггүй гэж үү, тэгвэл 10 дугаар Богддоо монгол хүн бүр сайныг ерөөе. 

Бид хамтдаа, бид хүчтэй.


Р.Эмүжин


Холбоотой мэдээ