Еркин Аймерей : Наурызын баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-03-20 00:15:16

Еркин Аймерей :

Наурызын баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. 


2023-3-22  Наурызын баярын өдөр. 

Энэ баяр нь зөвхөн казак түмний баяр төдийгүй дэлхийн гучаад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баярын өдөр юм.

Наурызын баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг уламжлалтай. 

Учир нь энэ өдөр "өдөр, шөнө тэнцдэг" аж.

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. 

Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. 

Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. 

Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. 

Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.


Казак түмний Наурызын баярын тухай залуу үеийн төлөөлөл хатагтай Еркин Аймерейтай ярилцлаа.


-Таны хувьд Наурызын баярын утга учир, түүний тухай сонирхолтой зүйлсээ хуваалцана уу?

Хаврын эхний сар 3 сарын 22-ны өдөр тохиодог Наурыз баяр нь Наурыз гэдэг нэрээс авхуулаад маш их утга учир агуулсан аугаа баяр юм.

Наурыз гэдэг үг нь өөрөө шинэ өдөр гэсэн утгатай бөгөөд 3 сарын 22-ны өдөр, өдөр шөнө тэнцэж халуун дулаан сайхан улирал эхэлж байгаатай зэрэгцэн  аливаа нэг үндэстэн шашны баяр гэхээс илүүтэй байгаль ертөнцтэй холбоотой баяр юм.

Нүүдэлчин заяатай,эрт дээр үеэс мал маллаж тэрүүгээр хоол ундаа олж идэж,амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн ард түмэн өвлийн хүйтнийг тэсэж гаран мал сүрэг нь төллөж эхэлсэн энэ сард дараа дараагийн амьдарлынхан баталгаа бий болж байгаад талархан, баярлаж хамаатан садан омог аймгаараа бүх нийтээрээ тэмдэглэдэг болсон гэдэг.

Манай улсын хувьд казах ард иргэд ихээр төвлөрсөн Баян-Өлгий аймгаас эхлээд бүх аймаг сум нийслэл Улаанбаатар хотод мөн адил тэмдэглэдэг.

  • Наурызын баярын үүсэл хөгжил, Монгол оронд хэдэн оноос өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм?

Наурызын баяр нь 5000 жилийн өмнөөс үүссэн түүнээс хойш 5000 гаруй жил дундад азийн улсууд,зарим исламын шашинтай орнуудад тэмдэглэж ирсэн.

Монгол улсын хувьд цаг үе, нийгмийн бүтцийн өөрчлөлт гэх зэрэг янз бүрийн асуудлаас болж 1990 оноос хойш ардчилсан хувьсгал ялсны дараа казах иргэд өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон гэдэг.

Тиймээс өнөөдөр би монгол улсад төрж, монгол улсын эрх чөлөөт иргэн болж яваад маш их талархан, баярлаж явдаг. 

Би өөрөө 1990 оны  сүүлд төрсөн хүн болохоор багаасаа Наурызын баярыг тэмдэглэж, үзсээр ирсэн.

Наурызын баяр дөхөөд ирэхээр цагаан сартай адилхан бүх айл өрхүүд гэр орноо цэвэрлэж,идээ ундаагаа бэлдэж эхэлдэг.

Уг баяраар хамгийн их эрхэмлэдэг зүйл нь нээн түрүүнд сайхан сэтгэл, ариун цэвэр, элбэг дэлбэг идээ мөн хамаатан садны нөхөрлөл эв нэгдэл. 

Яагаад нээн түрүүнд сайхан сэтгэл гэж онцолсон вэ гэвэл хүний сайхан сэтгэл оршсон газарт бүх эв найрамдал сайн сайхан бүхэн оршин тогтдог шүү дээ.

Наурызын баяраар хамаатан садангууд өмнөх бүх гомдол, маргаанаа уучилж нэг нэгнийндээ зочилж хоорондоо золгодог. 

  • Сонирхолтой содон зан заншил байна уу?

Үүнээс гадна уг баяртай холбоотой сонирхолтой гэмээр хэдэн зан заншил, яриа домог бий. 

Тэрний нэг нь Наурызын баяраар заавал 40 айл хэсэх ёстой гэсэн яриа байдаг.

Түүнийг даган Баян-Өлгий аймагт ялангуяа хүүхдүүд эмээ өвөө,хамаатан ах, эгчийндээ орж дуусчихаад  өөр танихгүй айлуудыг хэсэж эхэлдэг. 

Орсон айлын хүмүүс танихгүй хүүхдүүд гэж юу ч ярилгүй, дээшлээрэй хүүхдүүд минь, идээ ундаа сайн идэж уу гээд хооллочихоод кармаа дүүрэн чмхэр жимс хийж өгч гаргадаг нь маш сонирхолтой.

Энэ нь эх орны маань ирээдүйн амьсгалах хүчилтөрөгч болох хүүхэд, залуучуудаа хүндэлж хайрлаж байгаа нэг хэлбэр, ёс заншил юм даа.

Тиймээс ямар ч хүн ирж магадгүй гээд баярын нэрийн хоол болох Наурыз шөл (Наурыз көже) хамгийн багадаа 20-30 литрийн  тогоо дүүргэж хийдэг.

Манай өвөөгийнд маш их хүн ирдэг байсан учир 50литрийн тогоо дүүрэн хийдэг байсан, одоо ч хэвээрээ. 

Гоё хөөрхөн байгаа биз.

  • Наурызын баяраар архи, дарс хэрэглэдэггүй гэсэн?

Тиймээ. 

Энэ нь хамгийн их авууштай сайн заншил гэвэл Наурызын баяраар архи дарс хэрэглэхгүй.

Яриад байвал маш их юм бий...

  • Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.  
  • Казак хэлээрээ Наурызын баярын мэнд дэвшүүлнэ үү?

Ұлыс оң болсын

Ақ мол болсын.

наурыз мейрамы құтты болсын!

Бүх казах түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе!

Бүх Монголын ард түмэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.



Холбоотой мэдээ