"1,000 инженер төслийн хүрээнд Япон улсад суралцсан 105 оюутан гуравдугаар сарын сүүлчээр эх орондоо ирнэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-03-23 11:17:26


“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад 2-3 жил амжилттай суралцсан 105 оюутан гуравдугаар сарын 26, 27, 29-ний өдрүүдэд эх орондоо ирэх ажээ. 

Энэ тухай 1,000 инженер төслийн зохицуулагч Д.Намсрайгаас тодрууллаа.

Тэрбээр "Гуравдугаар сарын 26, 27, 29-нд 1,000 инженер төслийн хүрээнд Япон улсад суралцсан 105 оюутан эх орондоо ирнэ.

Коосэн хөтөлбөрийн тав, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн дөрөвдүгээр ээлжийн оюутнуудын ирэх хуваарийн тухайд: 

  • 26-нд Япон улсын Коосэн сургуулийг /архитектур-6, механик инженерчлэл-6, электроникийн инженерчлэл-3, мэдээллийн системийн инженерчлэл-16, цахилгааны инженерчлэл-3, хүрээлэл буй орчны инженерчлэл 4/ мэргэжлээр суралцсан нийт 38 оюутан
  • 27-нд Япон улсын их сургуулийг  /барилга, хүрээлэн буй орчны инженерчлэл 14, механик инженерчлэл-16, архитектур-6/ мэргэжлээр суралцсан нийт 36 оюутан,
  • 29-нд Япон улсын их сургуулийг /барилга, хүрээлэн буй орчны инженерчлэл 13, механик инженерчлэл-14, архитектур-5/ мэргэжлээр суралцсан нийт 37 оюутан инженер, технологийн чиглэлээр хоёр болон гурван жил суралцаад төгссөн нийт 105 оюутан ирнэ. 

Оюутнууд IT, механик, хүрээлэн буй орчин, автын инженер гэсэн дөрвөн чиглэлээр суралцаад ирж байгаа.

Төслийн хүрээнд 1,000 оюутан сурахаас 876 оюутан хамрагдсан буюу төсөл маань дуусах дөхөж байна. Түүнчлэн бидний зүгээс дөрөвдүгээр сарын дундуур суралцаад ирсэн залуучууддаа зориулж, ажлын байрны өдөрлөг зохион байгуулдаг бөгөөд үүгээр дамжуулан 90-ээс дээш хувь нь ажлын байртай болдог. Дээрээс нь оюутнуудыг төгсөөгүй байхад хүртэл газруудаас ажлын байранд урьсан урилгууд нь урьдчилаад ирж байгаа" хэмээн ярилаа.

"1,000 ИНЖЕНЕРИЙН ЗОРИЛТ 88.8 ХУВЬТАЙ БАЙНА"

БШУЯ-ны харьяа уг төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа билээ. 

Энэ хугацаанд Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, доктор, зэргийн бус /богино хугацааны сургалт/ нийт 888 оюутан, судлаач багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1,000 инженерийн 88.8 хувийг эзэлжээ. Өнөөдрийн байдлаар,

  • Бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 236
  • Коосэн хөтөлбөрөөр 145,
  • Магистр 31,
  • Доктор 56,
  • Зэргийн бусаар 291 нийт 759 оюутан, судлаач, багш нар төгсөөд, эх орондоо ирэн ажиллаж байна. Харин үлдсэн 129 оюутан Япон Улсад суралцаж байгааг төслийн багаас нэмж мэдээллээ. 

Хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Коосэн нийгэмлэгийн харьяанд 51 сургуульд нийт 200 оюутныг сургалцуулахаар төлөвлөснөөс 177 оюутныг хамруулж төлөвлөсөн зорилгынхоо 88.5%-ийг биелүүлээд байгаа аж. 

Холбоотой мэдээ