Английн томоохон хэвлэл X Богдыг онцолжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-03-23 20:34:35

Английн The Times Монголын Х Богдыг онцолжээ. Тус нийтлэлийг The Times болон Sunday Times сонины Азийг хариуцсан ахлах редактор Ричард Ллойд Парри бичсэн бөгөөд өрнөдийн томоохон хэвлэл анх удаа монгол хүүг онцлов. Тус нийтлэлийг эмхэтгэн хүргэж байна.

...Найм орчим настай, чин сэтгэл гэрэлтсэн бяцхан хүү гэрэл зурагт харагдаж байна. Дэргэр том нударганы цаанаас цухуйх түүний жижигхээн гар, нямбайлан зассан үс, амны хаалт зүүсэн дүр төрх. Түүний нас мөн нэр ч тодорхойгүй. Гэвч тэрээр зүүн Азийн хүчирхэг Засгийн газруудын хооронд өрнөж буй геополитикийн шатрын өргийн төвд байгаа бөгөөд дэлхийн томоохон шашны нэг болох Буддын шашны ирээдүй түүнээс хамаарна. Түүний албан ёсны цол нь Х Богд, Төвөдийн Буддизмын гурав дахь том лам буюу оюун санааны удирдагч, Монгол дахь бурхны шашны тэргүүн юм. 

2023 оны гуравдугаар сар 8 хүртэл Х богдын тодорсон эсэх нь цуурхал, яриа төдий байсан. Буддын шашны болон дипломатын хүрээнийхэнд энэ мэдээ анзаарагдахгүй байгаа ч Монгол дахь буддын шашинтнуудын болоод зарим иргэд энэхүү явдалд БНХАУ эмзэглэх вий гэдэгт болгоомжилж буй. 

Маргааны гол цөм нь 1989 онд төрөлх Төвөдийн энх тайвны төлөө тэмцсэнээр Нобелийн шагнал хүртсэн 87 настай Далай ламыг Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Өнөөгийн XIV Далай лам 1959 онд залуу лам байхдаа Бүх Хятадын дарга асан Мао Зэдуны коммунист хүчин Төвөдэд өөрсдийн хүсэл зоригийг тулгаж, тэдний засаглалыг эсэргүүцэгчдийг дарж байсны улмаас Энэтхэг рүү зугтсан. 

Төвөдийн буддистууд хүчирхэг ламын сүнс нас барсных нь дараа дахин төрдөг гэдэгт итгэдэг бөгөөд энэ нь удаан хугацааны зан үйл, мэргэ төлөгөөр тодорхойлогддог. Харин Бээжин лам нарын хойд дүрийг зөвхөн өөрийнх нь томилсон хүмүүс л олж тогтоох ёстой гэж шаарддаг. 1995 онд Далай лам Банчин ламыг хоёр дахь чухал хүн гэж нэрлэхэд Хятадын эрх баригчид тэр даруй Банчин ламын хойт дүрээр тодорсон хүүхдийг баривчилж, оронд нь өөрийн нэр дэвшигчийг томилсон. 

2016 онд Далай лам Монголд айлчилсан. Тэр даруй Бээжин хариу арга хэмжээ авч, дипломат уулзалтаа цуцалж, зээл тусламжаа хойшлуулж, хилээ хааж байсан билээ. Дарамт шахалтад орсон Монголын Засгийн газар Далай ламыг дахин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж байв. Гэвч Далай лам Улаанбаатараас явахын өмнө Төвөдийн Буддизмын гурав дахь хамгийн чухал лам X Богдыг Монголоос тодорсон гэж мэдэгдсэн. Тэр цагаас хойш Богд хэзээ тодрох талаар яриа эрчимтэй өрнөсөн.


Саяхан тодорсон X Богдын хойт дүр нь Монголын бизнес, улс төрийн хамгийн нөлөө бүхий удмын хүн. Түүний аав Ч.Алтаннар нь Монголын хамгийн том их сургууль буюу МУИС-ийн математикийн багш. Түүний ээж Н.Мөнхнасан нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Монполимет" компанийн гүйцэтгэх захирал юм. Түүний эмээ Ц.Гарамжав нь УИХ-ын гишүүн асан. Богдын хойт дүр нь 2015 онд АНУ-д төрсөн тул давхар иргэншилтэй. 

Лондоны SOAS их сургуулийн Төвөдийн Буддизмын мэргэжилтэн Робби Барнетт “Энэ үйл явдал нь Монголыг Хятадтай сөргөлдөхөд хүргэж болзошгүй бөгөөд эцэстээ Монголд хохиролтой байдлаар л дуусна. Далай лам Хятадын хяналтад байгаа нутаг дэвсгэрт дахин төрөхгүй гэж мэдэгдсэн нь дараагийн Далай ламыг Төвөдийн буддизмын шашин шүтдэг Энэтхэг, Балба, Бутан эсвэл Монголоос тодрох боломжийг нээлттэй үлдээж байна. Гэхдээ энэ нь Монгол шиг далайд гарцгүй улсыг Хятадын Засгийн газрын хараанд оруулах болно” гэжээ.

Буддын шашны мэргэжилтэн Сью Бирн “Энэ бол шатрын тоглоом” гэж хэлжээ. “Хятад, Монгол хоёр тоглож байна, уг тоглоомд Далай лам байна. Дараагийн алхамыг хэн хийх вэ гэсэн асуулт гарч ирнэ” хэмээсэн байна. 

Гуравдугаар сарын 8-нд Дарамсала хотод болсон ёслолд хүрэлцэн ирсэн 600 гаруй монгол хүний ​​нэг, бурхны шашны сүсэгтэн эмэгтэй Д. Цэцэгмаа "Гурван өдрийн турш би баярлаж, баяр хөөрөөр дүүрэн байлаа. Монгол хүн дэлхийн оюун санааны удирдагчаар тодорсонд илүү их баяртай байна" гэж ярьжээ.

Эх сурвалж: https://www.thetimes.co.uk/article/china-on-edge-as-mongolian-boy-is-hailed-as-new-buddhist-lama-cnqfl6csq?fbclid=IwAR1CpQ7G2MqrDAN6rX1

Холбоотой мэдээ