УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-03-27 22:49:55

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнөөдөр /2023.03.24/ УИХ-ын даргад хүргүүлжээ.

Дээрх нэр бүхий гурван гишүүн нь нүүрсний хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулах болсон юм. 

Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал нь саад учруулж байгаа тул түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсч буй гэдгээ тус газар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд багтаан энэ асуудлыг эцэслэх ёстой юм.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн ярихдаа "Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.

Өнөөдрийн байдлаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж буй.

Ж.Мөнхбат гишүүний хувьд яллагдагчаар татагдсан.

Өнгөрсөн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан учраас бүрэн эрхийн асуудлыг нь оруулахгүйгээр өөрийнх нь хүсэлт шийдэгдэх байх гэж харж байна" гэсэн юм.

Т.Аюурсайханы туслах асан И.Даваадоржийг нүүрсний асуудлаар саатуулсан. 

Гэвч Т.Аюурсайхан "Нүүрсний хэргээр шалгагдах үндэслэл надад байхгүй.

Намайг гүтгэж байна" гэж чуулганы танхимд өөрийгөө өмөөрсөн.

Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг шалгаж, Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр хүртэл гарчихсан.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь орон нутгийн жижиг Тавантолгойн нүүрсийг олборлосон, зөөсөн хэрэгтэй холбоотойгоор хардагдаж ирсэн байдаг.


Холбоотой мэдээ