Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын замаар Лу Гантөмөр чи замнахгүй гэв үү?

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-03-30 05:08:50

Ардын намтай нийлж Ардчилсан намынхнаа шалгуулж, заримыг нь барьж хорьж байсан ардчилсан “Нэгдүгээр” хүмүүсийн үед Ардчилсан нам МАН-ын өмнө хүчин мөхөсдсөн тухай гишүүд дэмжигчид нь халаглан тэднийг МАН-ын тоглолтод орсон хэмээн ярьцгаадаг. Тэр үед харин ч Ардчилсан намынхан олуулаа, олз гарз даах тэнхээтэйгээ байж. Одоо бол хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг, Ардчилсан Монголтойгоо ав адилхан цөөхүүлээ болсон болохоор Лу Гантөмөр намынхаа, бүлгийнхээ хэдэд харам ч байж болох юм.

      Ардын намыг аялдан дагалдсан гэх, ах нарынхаа зодооны хохирогч болж туйлдсан нь ардчилсан намын 70, 80-аад оныхон яах аргагүй мөн. Тэдний лидерүүдийн нэг нь намынхаа “Нэгдүгээр” хүн болж эв эеэ хичээн тэнтэр тунтар алхаж эхлэх үед нь хүний өөрийнгүй зодож эхэлж байгаа нь хүний нийгмийнхээ хувьд, улс төрийнхөө ёс зүйн хувьд хир зөв юм болдоо. Гуя дагуулж хүзүү гэдэг шиг эрх баригчид элдэв асуудалд хутгалдахаараа гурвыг дагуулаад нэг нэгээр нь тонгороод байвал бүлэг ч үгүй болж, “бөлдөгдүүлээд” дуусна гэдгийг улс төрд ултай суурьтай алхдаг Лу Гантөмөр сайн мэдэж байгаа. Бас тэрээр эрх баригч МАН тай эх аван сөргөлдөөд байдаггүй юмаа гэхэд ам мэхэнд уначихаар аргаа барсан улс төрч ч биш. Хирээс хэтрээд байвал ямар хариу барихаа мэдэх, хүлээцтэй ч, хүнд цохилттой байж мэдэх хэрсүү стратегич.         

       "УИХ-ын даргын нэр дээр Ерөнхий прокуророос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай гэсэн санал ирж, шат шатандаа дэмжсэн шийдвэр гаргаад явж байгаа. Харин АН-ын бүлгийн гишүүд Д.Бат-Эрдэнэ гишүүнээ гэмт хэрэгт холбогдоогүй гэдэгт нь эргэлзэхгүй байгаа юм. Өөрөөр хэлвэл ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй түүнийг мөнөөх л гуя дагуулж хүзүү, гурвыг түдгэлзүүлэхэд Ардчилсан намаас нэг байх ёстой шүү гэсэн эрх баригчидын схемээр явж байна хэмээн тэд үзэж байна.

         Харамсалтай нь ажлаа авсан даруйдаа аймаг орон нутгаар тойроод эхэлсэн Лууг “Ардчиллын хөх луу” болгочихгүй юмсан гэж гадна дотны троллууд гайхалтайгаар команд авсан юм шиг нэгэн зэрэг балбадаг нь юуны тохиол байв? Эсвэл иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллаад буцаад хориулаад байгаа шигээ, эрх баригчидийн зүгээс сонгуулийн өмнөх тролл армийнхаа тест хийгээд ч байгаа юмуу. 

      “Яагаад гэвэл би ядуу улсын Ерөнхий сайд болмооргүй байна. Тиймээс бид хувийн өмч рүү дайрдагийг зогсооно. Өмчийн эрхийг баталгаажуулна. Монгол улсад хэн ч хөрөнгө оруулсан, ямар ч өмчтэй байсан, тэр өмч рүү төр халдаж дайрахыг бүрэн зогсоох ёстой” гэж тэрээр бүр өмнө нь хэлж байсан удаатай. Харин тэр ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ гишүүний асуудал дээр байр сууриа илэрхийлээгүй байгаа.

      Магадгүй Лу.Гантөмөр ардчилсан Монгол улсад хувийн өмч хуулиар хамгаалагдсан байх дээрх зарчимыг барьж, парламентийн дархлаа болсон дэндүү цөөнх сөрөг хүчний элэг бүтэн байдалд санаа зовинож,  эрх баригчидийн гуя дагуулж хүзүү гэх схемийг дүр эсгэсэн, дур тавьсан хариуцлагын буруу загвар гэж бодож байж ч болох юм. Аль ч утгаараа ардчилсан чиг баримжаатай улс төрийн таван намаас бүрдэж байсан Ардчилсан нам “таван цул” байж, элэг бөөрлүүгээ бага л өшиглүүлээсэй билээ.


С.Эрхэм

Холбоотой мэдээ