Т.АЮУРСАЙХАН АРААСАА ОЛОН ГИШҮҮН ДАГУУЛНА ГЭЭД АРДЫН НАМЫНХНЫГ АЙЛГАЖ БАЙНА ГЭВ ҮҮ
Улс ТөрАрдын намынхан нүүрсний хулгайчдаа улаан цээжээрээ хамгаалаад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг халхавчаараа дахиад л хуулийн байгууллагаас хамгаалаад үлдэхээр болсон бололтой. Улсын ерөнхий прокуророос Их хуралд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал оруулахад бэлэн болсон хэргүүдийг жижиг сажиг асуудлаар хаацайлж, түр хойшлуулж байгаа гэнэ.
Өмнө нь иргэдийн боломжийг хулгайлсан, төрийн эрхийг наймаалсан бүх хэргээ ингэж л нүүрсний хулгайн хэрэг шиг дуулиан шуугиантай зарлаж байсан. Гэвч өнөөдөр ЖДҮ-гийн хэрэг, 60 тэрбум төгрөгөөр төрийн эрхийг наймаалцсан хэргээс хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй. Хөгжлийн банкны хэргээр шалгуулсан дөрвөн гишүүнээ ч улаан цайм хамгаалаад үлдсэн нь саяхан. Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ яг л тогтсон заншлаараа хамгаалаад үлдэх нь тохироондоо хүрч, яриагаа дуусгасан гэх. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Сайдын суудлаа хүлээлгэж өгч болох ч гишүүний бүрэн эрхээсээ татгалзахгүй шүү” гээд гэдийгээд хэвтчихсэн сурагтай. Уг нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ чөлөөлж, Үндсэн хуульд ирэх зургадугаар сараас өмнө гар хүрч, сонгуулиа ирэх намар хийхээр товлоод байсан МАН төлөвлөгөө ийн бүтэлгүйтсэн гэнэ.
Өөрөөр хэлбэл, МАН-ын одоогийн гишүүд хугацаандаа бүрэн эрхээ дуусгахаар улайрч, парламентыг тараах саналыг дэмжихгүй гэснээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд тас гүрийхээр шийдэж, “Хуучин ямар технологиор аргалдаг яг түүн шигээ биднийг хамгаал” гээд эхнээсээ дарга нараа “дарамтлаад” эхэлсэн гэх цуу яриа Саарал ордноор түгэх болов.
Тэр дундаа МАН-ын хамгийн эмзэг цэг нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болсон гэнэ. Намрын чуулган хаахтай зэрэгцэж, намынхаа дарга нартай тохироонд хүрсэн тэрбээр сайдын суудлаа, УИХ-ын гишүүний суудалтайгаа хамт хүлээлгэж өгөхөө мэдэгдэж байлаа. Ухаандаа намын ах нар нь хуулийн байгууллагаас түрүүлж хөдөлж, нэр цэвэр үлдэж чадвал ирэх намар сонгууль хийж, туг тахих гишүүдээ явуулаад Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарыг дахин сойно гэх төлөвлөгөөтэй байсан гэх. Харамсалтай нь, хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд төлөвлөгөө эсрэгээрээ эргэж, МАН-ын гишүүдийн олонх хугацаанаасаа өмнө Их хурлаа тараахгүй гэдэг дээр санал нэгдэж эхэлжээ. Ингээд л асуудал ундарч, яарч өргөдлөө өгсөн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын тохироо талаар нэг болох нь тэр.
Ж.Мөнхбатын хувьд нэгэнт өргөдлөө өгөөд улсаасаа явчихсан учир эргэж буцах боломжгүй болж, Т.Аюурсайхан арга сийлж эхэлсэн сурагтай. Ухаандаа Т.Аюурсайхан сайдын суудлаа хүлээлгэж өгснөөрөө өгч, харин гишүүний эрхээ хамгаалж үлдэхээр гүрийж эхэлсэн гэх. Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан хүмүүсийн хамгийн гол холбогдогч нь яах аргагүй Т.Аюурсайхан болоод буй. Гэвч УИХ-ын гишүүдээс нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүн ганц нэгээр тогтохгүй, сүлжээ болтлоо өргөжсөн гэдэг. Т.Аюурсайханы гарт нүүрсний хулгайн хэрэгт ямар гишүүн ямар сэжмээр холбогдсон, яаж ард нь үлдсэн бэ, гэдэг баримт тэр чигтэй байгаа гэдэг яриа МАН-ын гишүүд дунд гарч эхэлжээ. Тиймээс гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүн нь “Би биш” хэмэн дарга нараа айлгасан сурагтай. Угтаа бол МАН-ын гишүүдийн олонх нь нэр холбогдож, тэр чигтээ нэрс задарчихвал МАН улс төрд дахин орж ирэх боломжгүй болтлоо хол явчихсан гэсэн үг. Дараагийн сонгуульд амьд гарахын тулд эрх баригч намынхан аль чадахаараа хуйвалдаж, гишүүддээ тал засахгүй бол хэн хэн нь эвгүйдэж мэдэхээр амаргүй байдал үүссэн гэнэ. Ёстой л тугалыг нь турааж, эхийг нь эцээчихгүйхэн шиг дундыг баримтлан шийдвэр гаргаж байгаа аж.
Үүнийг батлах хамгийн наад захын асуудал бол Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн, хүргүүлээгүй гэх маргаан байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн сарын 6-нд нүүрсний хулгайн хэрэгт "Улсын Их Хурлын гишүүнээс болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргалаа хэмээгээд уг хүсэлтдээ “ Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.
Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ" хэмээн албан ёсоор мэдэгдэж байв. Гэвч хаврын чуулган эхэлсэн эхний долоо хоногоос МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Т.Аюурсайхан Засгийн газрын сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүлээлгэж өгсөн ч Их хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөөгүй юм билээ” хэмээн хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэж харагдсан.
Ийн Т.Аюурсайхан сайдын суудлаа өгч, гишүүний суудалдаа үлдэх гэж улайрч эхэлсэн нь тодорхой болов.
Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр ард түмэнд өгсөн амлалтдаа хүрч чадахгүй, гишүүдийнхээ барьцаанд орчихоод хөдөлж чадахгүй яваа бололтой.
Аюурсайхан намын нөхөдөө шантаажлаад шоронд орохгүй үлдэх үү эсвэл бүгдийн илчлээд эх орноо аврах уу гэдэг салаа замын уулзвар дээр ирлээ...
Аль зам сонгохыг нь Монголын ард түмэн нүд цавчилгүй харж байна.
Хараат бус шүүх маань их мөнгөний өмнө сөгдчихгүй гэдэгт найднам.
Үнэн худлыг шалгаж шоронд хийх л хэрэгтэй юм байна даа!
Худал бол
Түүнд дахиад нэг хэрэг нэмэгдлээ, томоохон гэмт хэргүүдийг нуун дарагдуулсан!
Аливаа сайн муу зүйл дээр арьс байтугай хуулардаг.
Хэний ч төрөлх араншин ил гарна.
Т.Аюурсайханы минь арьс аюулын сайхан хууларч дээ.
Шударга л гэж харагддаг байсын, төрийн нэр барьсан шантаажчин байсым бус уу.
Үг, үйлдлийг нь л харчих гэм.
Угаасаа ч улс төрийн төрийн угшил нь ч "Угжуулж" энэ хүрсэн сургааль нь ч титэм үг-шантааж" -ын сургууль шүү дээ.