92 настай тэрбумтан хоёр долоо хоногийн өмнө тавьсан сүйгээ цуцалжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-04-05 02:29:20

Дэлхийн хэвлэл мэдээллийн магнат, 92 настай Руперт Мердок хоёр долоо хоногийн өмнө амьдралдаа тав дахь удаагаа гэрлэхээр сүй тавьснаа зарлаж байлаа.

Тэрбээр Сан-Франциско хотын цагдаагийн газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 66 настай Энн Лэсли Смиттэй сүй тавьж байсан юм.


Харин өчигдөр Мердокын ойрын эх сурвалж тэднийг сүйгээ цуцалсан тухай ярьсныг Vanity Fair сэтгүүл мэдээлжээ.

Сүйт бүсгүйнх нь хэт шашинлаг хандлага тэрбумтанд таалагдаагүй тул ингэх болсныг эх сурвалж тайлбарласан байна.

Мердок, Смит нар өнгөрсөн оны есдүгээр сард Калифорни мужийн Бэл Эйр дахь дарсны эдлэнд болсон арга хэмжээний үеэр танилцаж байжээ.

Смит нь кантри дуучин, радио, телевизийн гүйцэтгэх захирал агсан Честер Смитийн бэлбэсэн эхнэр юм.

Мердок амьдралынхаа турш дөрвөн удаа гэрлэж, зургаан хүүхдийн эцэг болж байжээ. Хамгийн сүүлд тэр модель асан Жэрри Холлтой зургаан жил хамт амьдарсны эцэст өнгөрсөн оны зун салж байв.

The Wall Street Journal, Fox News зэрэг нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшдэг Руперт Мердокын хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүлд $20 тэрбум гэж тооцоолсон байдаг.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ