Р.Эмүжин: Манай шүүгчид 300 мянгад арслан бар, 300 тэрбумд алцан майга ханддаг юм биш үү?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-04-10 02:53:19

Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийн гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ талаар сэтгүүлч Р.Эмүжин өөрийн байр сууриа илэрхийлжээ.

За Мөнх-Эрдэнийнх гэдэг айл Хөх хотод консулаар очоод, улсаас өгсөн 70 гаруй мкв байранд нь суулгүй 300 орчим мкв байр сонгож суурьшсаны улмаас улсыг 82 сая төгрөгөөр хохироосон гэнэ. 

Хүүхдүүдийн сургалтын төлбөрт 15 сая, эхнэртээ шилжүүлсэн мөнгөний зөрүү 500 мянга, /мянга шүү/, ажилтандаа цалингийн зөрүү 300 мянга гэхчлэн явсаар энэ тоо 100 сая давсан юм байх. 

Өө тэгээд дээр нь байгал орчны байцаагчид авлига өгсөн, хэн хэний ч гэнэ үү нэр алдар гутаасан гэхчлэн зүйл анги нэмсээр байгаад дөрвөн жил хорих ял өгчихлөө.

Нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр түдгэлзүүллээ.

Шүүгчийн ялын тогтоол уншиж байхыг хоёр чихээрээ 20 удаа сонслоо.

Мөнгөн хохирлыг бол нэгж бутархайтай нь нэлээн нарийн тооцоод гаргаад ирдэг юм байна.

Тэгсэн хэрнээ хэдэн арав, хэдэн зуун тэрбумын орон сууц, хаус, нийгмийн даатгал, ЖДҮ, нүүрс энэ тэр идсэн хулгайчуудынхаа улсад учруулсан хохирлын өмнө толгой гудайгаад, тоогоо бодож чадахаа болиод гөлөг цаашаа, гөлчгий бүүр цаашаа болтлоо гөлөлздөг гээд бод доо.

Миний ойлгосноор манай шүүх засаглал 300 мянгын хохиролд арслан барын бяр үзүүлж, 300 тэрбумын хохирлын өмнө алцан майга болоод амаа үдүүлээд, 10, 20 жилээр арагшаа цахдаад хэвтчихдэг юм биш үү? 

Тэгээд одоо энэ улсын тулгуур, төрийн багана байх учиртай Шүүх засаглалд чинь хэн цаашдаа итгэх юм бэээ? 

Хэн ч итгэхгүй, хэн ч хандаж хэргээ шүүлгэхгүй. 

Шүүлгэсэн байлаа гэхэд хэлмэгдчихлээ гэж хэдэн үеэрээ харуусна. 

Үүнийг чинь л Шүүх засаглалын дампуурал гээд байгаа юм шүү дээ!

Дампуурсан Шүүх засаглал барагтай бол илчлэгддэггүй.

Хуулиа ярихаар яах аргагүй өгөх ёстой ялыг нь өгчихсөн байдаг, хуудуугаа ярихаар яах аргагүй хэлмэгдүүлчихсэн байдаг. 

Шүүх засаглал нь дампуурчихсан оронд сайн дурын хэрэг шүүгчид, ял оноогчид сүүдэр даган хөгждөг. 

Шүүхээр ороод ял авахгүй нь тодорхой юм чинь шүүгээнд нь нуугдаж байгаад хэрэгтнийг нухчихъя гэсэн сонголтыг ард түмэндээ үлдээдэг гэсэн үг. 

Ямар байна даа? 

Шүүх засаглал өнөөдөр дампуурлаа зарлачихлаа. 

Мөнх-Эрдэнэ гэм буруутай байж болно оо.

За тэгвэл улсад 100 сая болон түүнээс дээш хохирол учруулсан, 20 саяын авлигын хэрэгт орооцолдсон бүх хүний нэрсийн жагсаалтыг гаргаад, шахаад шүүгээд, оногдох ялыг нь өгүүлэх ажлыг энэ Мөнх-Эрдэнийг дэмжигчид босгоод ир, дэмжээд өгье.


Холбоотой мэдээ