Хью Парсонс: Хараагаа алдахад хүргэдэг чихрийн шижин өвчин Монголд хурдацтай нэмэгдэж байна
ДэлхийАнх 2014 онд жуулчны хувиар Монголд ирсэн нүдний эмч, профессор Хью Парсонс манай улсад орон нутгийн нүдний эмч мэргэжилтнүүдийн чадвар, хүртээмж хангалттай сайн биш байгааг анзаарчээ. Тиймээс түүнээс хойш нийт 14 удаа Монголд ирж манай эмч нар, тэр дундаа орон нутгийн нүдний эмч нарыг чадавхжуулж байна. Канад Улсын Лаурэл Мэс заслын Сангийн Төслийн удирдагч, Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор Хью Парсонстой Монголд хэрэгжүүлж буй ажил, нүдний өвчлөл, урьдчилан сэргийлэлтийн талаар ярилцлаа.
"МОНГОЛД НИЙТ 14 УДАА ИРЖ ДУНДЖААР 1750 ӨВЧТӨНД МЭС ЗАСАЛ ХИЙСЭН"
- Юуны өмнө монголчуудад тохиолдож буй нүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхээр хийж буй ажилд тань талархаж байна. Та Монголтой анх хэрхэн холбогдсон бэ?
- 2014 онд жуулчны хувиар Монголд анх ирсэн. Монголоор аялж явахад хоёр зүйл миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Анх ирээд л хүмүүс, Монгол орны байгалийн сайхныг биширсэн. Канад хүний хувьд өргөн уудам нутаг надад яг л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Би тухайн үед хөдөө аялж байхдаа алслагдсан нутгийн монголчуудын эрүүл мэндийн үйлчилгээ, хэрэгцээг сонирхож байлаа. Хилийн чанадад анагаахын чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай болохоор манай эмнэлгийн багийн тусламж байна уу гэж бодсон хэрэг.
Бидний зорилго амжилттай хэрэгжвэл орон нутгийн нүдний эмч нар өвчтөнд шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх тул бид цаашид эмнэлгүүдэд хүрч очих шаардлагагүй болно
Тэгээд Канадад буцаж очоод Монголын анагаах ухааны тогтолцооны талаар судалж, сонирхож эхэлсэн. Манай Канад эмч нарын нэг нь Гэгээнтнүүдийн Сүмээр дамжуулан эрүүл мэндийн харилцаатай байсныг олж мэдсэн. Тиймээс би түүнтэй ярилцаж, Монголын эрүүл мэндийн салбарынхантай холбогдож, 2015 онд судалгаа хийхээр дахин ирсэн. Тус нутгийн эмч нар тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг тухайгаа ярихад нь Лаурел мэс заслын сан туслах боломжтойг анзаарсан. Бидний зорилго бол монгол нүдний эмч нарыг сурган, ур чадварыг нэмж, орон нутагтаа буцаж ирэн өвчтөнүүдийн гэрт ойрхон, эмчилгээг хүртээмжтэй болгох явдал юм.
-Та энэ хугацаанд хэдэн монгол хүнд үзлэг хийгээд байна вэ?
-Бид 14 удаа Монголд ирж эрүүл мэндийн үзлэг хийсэн. Алслагдсан байдал, газарзүйн байршил, хатуу ширүүн цаг агаар зэрэг нь орон нутгийн өвчтөнүүдийн хувьд Улаанбаатар руу явж, тусламж үйлчилгээ авахад бэрхшээл болдог гэдгийг би мэднэ. Мөн тэд хотыг зорьж, шаардлагатай нүдний тусламж үйлчилгээ авахын тулд зорчих мөнгөгүй цаашлаад, асаргаа сувилгаагүй байдаг.
Бид Монголд ихэвчлэн 10-20 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн багийн хамт ирдэг. Эхлээд нийслэлд үзлэг хийж, дараа нь алслагдсан аймгуудаар явж, өвчтөнүүдийг үзэж, эмчилнэ. Мөн бид нэг удаад 150 орчим мэс засал хийдэг. Бид Монголд 14 удаа ирж дунджаар 1750 өвчтөнд мэс засал хийсэн. Түүнээс гадна 20 мянга гаруй өвчтөнд үзлэг, эмчилгээ хийжээ. Биднийг ирэх бүрд үзүүлэх өвчтөний тоо нэмэгдэж байгаа ч бид тэднийг үзэж, эмчлэхдээ хэзээд бэлэн байх болно.
- Орон нутагт ажиллахдаа та бүхэн мөн нүдний мэс засал хийдэг гэсэн үг үү?
- Тийм ээ, төлөвлөгөөт үзлэг 50 хувь, хагалгаа 50 орчим хувийг эзэлдэг. Ирэхээс өмнө монгол эмч нар өвчтөний тоог урьдчилан гаргасан байдаг. Мэс заслын үед орон нутгийн дадлагажигч эмч бидэнтэй хамт байж, давхар суралцдаг. Өөрөөр хэлбэл бид аль болох олон өвчтөнийг эмчлэхийн зэрэгцээ нүдний эмч нарыг чадавхжуулахыг зорьдог.
Канад, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүний хувьд сэтгэгдлээ хуваалцана уу.
- Тийм ээ. Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоффтой уулзах үед энэ онд хоёр орны 50 жилийн ой тохиож буйг хэлсэн. Монгол Канад хоёр оронд ижил төстэй зүйл их бий. Юуны өмнө уур амьсгал төстэй. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл байдаг бол манай нийслэл Отава хоёрдугаарт бичигдэх байх. Бас цас их ордог ч манайх илүү их цасан бүрхүүл тогтдог цаг уурын нөхцөлтэй. Мөн манайд маш алслагдсан бүс нутаг бий. Тэгэхээр Канадын ихэнх нь буюу 90 гаруй хувь нь Монголынх шиг өргөн уудам газар нутагтай юм.
Одоогоос 25 жилийн өмнө монголчуудын дөрөвхөн хувь нь чихрийн шижин өвчтэй байсан бол одоо 14 хувь болсон судалгаа бий.
Манай хойд хэсэгт Артикт ой мод, том тал бий. Монголчууд ч мөн бидэн шиг аялж зугаалах дуртай юм билээ. Бидэнд маш их нийтлэг зүйл бий. Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод 50 жил болсон урт хугацаанд их гайхсан ч ийм тогтвортой, ойр дотно харилцаатай байгаад гайхах зүйл байхгүй юм.
Би анх энд ирэхэд л найрсаг дотно холбоог мэдэрч байсан бөгөөд Элчин сайд нар болон Канадын Монголын төлөөлөгчид ч надтай санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна.
- Лаурел мэс заслын сангийн үйл ажиллагааны гол чиглэл юу вэ?
- Үйл ажиллагааны гол чиглэл боловсролтой холбоотой. Манай хамт олон туршлагатай багш нараас бүрддэг. Оюутнуудад, нутгийн хүмүүст заахад шаардлагатай ур чадвар бидэнд бий. Багшлах нь тодорхой ур чадвар шаарддаг, тэр дундаа мэс засал заахад хагалгааг хэрхэн хийх талаар сургана гэдэг ярвигтай. Учир нь багш маш чадварлаг, өөртэй итгэлтэй, тайван байх ёстой байдаг. Бид эдгээр ур чадвараа багш нартай хуваалцаж, дараа нь оюутнуудад нүдний эмч нарт заадаг.
Лаурел мэс заслын сангийн багийн гишүүд нүдний эмч нарт зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулахад туслах туршлагатай. Тэд сургалтын хөтөлбөр (сургалт хийх гарын авлага), мөн мэс засал хийх сургалтыг зохион байгуулдаг. Мөн мэс засал хийх лаборатори байгуулсан ба катаракт мэс засал хийх, нүдний бусад олон өвчнийг эмчлэх боломжтой болсноор ихэнх өвчтөн Улаанбаатарыг зорьж, асаргаа сувилгаа хийлгэх шаардлагагүй болно. Монголчуудад туслах нэг арга хэрэгсэл бол боловсрол, сургалтын замаар хүртээмжтэй байдлыг бий болгох явдал юм.
- Ингэхэд та Монгол орны хэдэн аймгаар явсан бэ?
-Манай баг нийт долоон аймагт очсон. Бид тухайн аймагт очоод олон өвчтөнд үзлэг, хагалгаа хийдэг ч жил болгон явах шаардлагагүй байдаг л даа. Жишээ нь Говь Алтай аймагт очсон бол дараа жил нь Архангай эсвэл бусад өөр аймаг гэх байдлаар ээлжилдэг.
Мэдээж аймаг бүрд хүрч очин эмчилгээ хийж чадахгүй ч тэдгээр үлдсэн аймгуудад хүрч ажиллах монгол мэргэжилтнүүд бий. Бидний зорилго бол сургалтад хамруулсан орон нутгийн эмч нар аймагтаа буцаж очин ард иргэдэд нүдний эмчилгээ, мэс засал хийх явдал юм. Өөрөөр хэлбэл бидний зорилго амжилттай хэрэгжвэл орон нутгийн нүдний эмч нар өвчтөнд шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх тул бид цаашид эмнэлгүүдэд хүрч очих шаардлагагүй болно гэсэн үг юм. Бид ирэх 8-10 жилийн дараа энэхүү зорилгодоо хүрнэ гэж бодож байна.
Та Монголд анх ирж байсан үетэй харьцуулахад одоо манай эмч нарын ур чадвар, үзлэгийн төхөөрөмж, техник технологи хэр зэрэг сайжирч байна вэ?
- Маш их сайжирсан. Биднийг анх ирэхэд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний тасгийн нүдний эмчилгээний суурь чадвар угаас маш сайн байсан. Энэ тэнхим нь 60 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа учраас сайн эмч нар бэлтгэдэг, нэр хүндтэй. Харамсалтай нь сургасан эмч нарын ихэнх нь сургалтаа дуусгаад мэс засал хийдэггүй. Өөрөөр хэлбэл маш чадварлаг хүмүүс төгссөн ч том мэс засал хийхгүй байгаа учраас аймгууд чадварыг нь ашиглаж чадахгүй байна гэсэн үг.
Чихрийн шижингийн үүдэлтэй нүдний өвчинг эрт оношилж эмчилснээр хараагаа бүрэн алдахаас сэргийлж болдог.
Монгол эмч нарын тухайд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гарамгай мэс заслын эмч нарын нэг болох С.Энхтуул эмч Канад улсад хоёр жилийн нарийн мэргэжлийн сургалтад хамрагдсан. Тэр эх орондоо буцаж ирээд Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмчээр ажиллаж, чихрийн шижин өвчтэй болон нүдний арын хэсэгт үүсдэг бусад олон өвчнийг эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Сургалтын хөтөлбөрт тоног төхөөрөмж дутагдаж байгаа тул бид үүнийг сайжруулах төлөвлөгөө гаргасан. Тиймээс эхний чиглэл нь эмч нарын мэс заслын сургалтын орчныг сайжруулах явдал бөгөөд тэднийг сургахад чухал ач холбогдолтой микроскопыг хандивласан. Дараагийн алхам нь чихрийн шижин зэрэг өвчтөнүүдийг хэрхэн үнэлж, эмчлэх талаар сайжруулалт хийж байна. Одоогоор бид хоёр тоног төхөөрөмж худалдаж авсан бөгөөд гурав дахийг нь авч ирж байгаа. Тоног төхөөрөмжтэй байна гэдэг маш том давуу талтай. Нэгдүгээрт, өвчтөн өмнө нь тусламж авахын тулд хувийн оношилгооны төвд ханддаг байсан бол одоо үүнийг улсын эмнэлэгт үнэ төлбөргүй хийлгэж болох юм.
Хоёрдугаарт, эмч нар эдгээр сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сурахаас гадна чихрийн шижин өвчний талаар ч суралцаж байна. Жишээ нь, чихрийн шижин нь нүдийг гэмтээж байгаа тохиолдолд тэд хэрхэн эмчлэх эмчилгээний аргыг сурч байна. Сохроход хүргэдэг чихрийн шижин нь Монголд хурдацтай нэмэгдэж байна. Чихрийн шижингийн үүдэлтэй нүдний өвчинг эрт оношилж эмчилснээр хараагаа бүрэн алдахаас сэргийлж болдог. Эмч нар аймагтаа буцаж очин чихрийн шижингээс үүдэлтэй нүдний өвчнийг оношилж, өвчтөнийг орон нутагт нь эмчлэх эсвэл нийслэл рүү илгээх боломжтой юм.
- Монголчуудад, ялангуяа хүүхдүүдийн дунд ямар төрлийн нүдний өвчлөл байна вэ?
- Монголчуудын дунд чихрийн шижин, цусны даралт ихсэх хандлагатай байна. Одоогоос 25 жилийн өмнө монголчуудын дөрөвхөн хувь нь чихрийн шижин өвчтэй байсан бол одоо 14 хувь болсон судалгаа бий. Харьцуулбал, Хойд Америкт 8-10 хувь нь чихрийн шижинтэй байдаг.
Хүмүүс чихрийн шижин өвчний улмаас хараагаа алдах эрсдэл бүхий тулгамдсан асуудал байна гэсэн үг. Тиймээс энэ нь маш ноцтой асуудал юм. Хүүхдүүдийн тухайд манай хөтөлбөр саяхнаас хүүхдийн эмнэлгүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Орон нутгийн хүүхдүүд ихэвчлэн нүд нь өвддөг ба энэ нь тэднийг нас ахих тусам амьдралынхаа эрт үед хараа муудах шалтгаан болдог. Энэ нь хүрээлэн буй орчин, агаарын бохирдлоос үүдэлтэй байж болох ч эрт үедээ элс шороо, нарны туяанаас байж болно.
Бид хөдөө орон нутагт нарны шилийг олноор тараадаг. Ингэснээр малчид машин жолоодох, морь, мотоцикль унахдаа зүүж, нүдээ хамгаалах боломжтой болно.
Өөр нэг асуудал бол зарим хүүхдүүд бидний хэлдгээр залхуу нүдтэй, нүд нь огтлолцсон эсвэл шулуун биш байдаг. Үүнийг засаж болохуйц юм. Хүүхдийн эмнэлгийн эмч нар үүнийг эмчилж чаддаг аль хэдийн чадварлаг мэргэжилтнүүд болсон. Гэхдээ энэ түгээмэл биш байж болох ч маш ноцтой юм. Зарим тохиолдолд дутуу, хугацаанаасаа эрт төрсөн хүүхдийн нүд нь гэмтдэг. Мөн эмч нар түүнийг нь илрүүлж, эрт эмчлэхдээ маш чадварлаг болсон.
-Тэгэхээр хугацаанаасаа өмнө төрсөн хүүхдийн нүдийг үзүүлэх хэрэгтэй байх нь ээ?
- Тийм ээ. Хэрэв хүүхэд 36 долоо хоногтойд төрсөн бол нүд нь зүгээр байх магадлал өндөр. Харин 36 долоо хоногоос өмнө төрсөн хүүхдүүд бүрэн хөгжөөгүй нүдтэй байж болно. Эдгээр хүүхдүүдийг хүүхдийн эмчийн үзлэгт хамруулдаг. Хэрэв дутуу төрсөн нярайн нүд гэмтэлтэй бол хүүхдийн эмч эрт илрүүлж, эмчилгээ хийх боломжтой байдаг.
- Та Монгол ажилладаг шиг өөр улсуудад ажилладаг уу?
- Үгүй ээ. Гэхдээ би Азийн олон оронд ажиллаж байсан. Лаурел Мэс заслын сан нь 2015 онд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус баг зөвхөн Монголд л анхаарлаа хандуулж, боловсролоор дамжуулан нүдний сургалтын хөтөлбөрөө хөгжүүлж, хэрэгжүүлж байна.
Бусад улс орнуудад ажиллах боломж гардаг ч татгалздаг. Бид тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд Монгол хамт олонтойгоо хамтран ажиллахад 100 хувь зүтгэж байна.
"БИ МОНГОЛ ГЭРТ АМЬДАРЧ, МОНГОЛ ХООЛ ИДЭЖ, МОНГОЛ АХУЙГ МЭДРЭХ БОЛОМЖ ОЛДСОН НЬ ГАЙХАЛТАЙ"
- Нүдний эмч хүний хувьд хүмүүст, тэр дундаа хүүхдийн нүдний өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар эцэг эхчүүдэд энгийн зөвлөгөө өгөөч.
-Хүүхдийнх нь нүдний харц шулуун эсвэл хялар байна уу, уншихдаа эсвэл холыг харахдаа бэрхшээлтэй байна уу гэдгийг эцэг эх сайн мэддэг, анзаарч чаддаг. Хэрэв таны хүүхэд жаахандаа нүдний харц шулуун, хэвийн байгаа бол эрүүл байх магадлал өндөр, 4-5 нас хүрч бага зэрэг томрох хүртэл үзлэг хийлгэх шаардлагагүй. Гэхдээ мэдээж, хэрэв ямар нэгэн бэрхшээл, хэвийн бус зүйл ажиглавал нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөе.
Насанд хүрэгчдийн хувьд тэд ч бас тогтмол үзлэгт хамрагдах ёстой. Тэр дундаа насанд хүрэгчдийн ихэнх нь салхи, наранд маш их өртдөг тул бид тэднийг нүдний хамгаалалт буюу нүдний шил зүүхийг зөвлөдөг. Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан шил (UV) катаракт, нүдний эвэрлэгийг гэмтэхээс сэргийлдэг. Бид хөдөө орон нутаг руу явахдаа нарны шилийг олноор тараадаг. Ингэснээр тэд машин жолоодох, морь, мотоцикль унахдаа зүүж, нүдээ хамгаалах боломжтой болно.
Би олон монгол хүнтэй уулзсан учраас дуртай орон минь Монгол болсон байх гэж боддог.
Мөн цусны даралт ихсэх өвчтэй эсвэл чихрийн шижинтэй хүн нүдээ жил бүр үзүүлж байх шаардлагатай. Хэрэв та бөөр, элэгний өвчин гэх мэт эрүүл мэндийн бусад асуудалтай бол нүдээ тогтмол шалгуулж байх хэрэгтэй. Мөн өөрийгөө эрүүл гэж бодсон ч жилдээ ядаж нэг удаа ерөнхий үзлэгт хамрагдаж болно. Гэхдээ цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчтэй хүн нүдний асуудал үүсэхийг мэддэггүй тул хараагаа алдаж эхлэхээс өмнө үзлэгт хамрагдах зайлшгүй шаардлагатай.
- Монголд байх хугацаанд тань мартагдашгүй үлдсэн дурсамж, туршлага, хүн бий юу?
- Намайг анх ирж байх үеийн Улаанбаатараас бусад газар нутаг огт өөрчлөгдөөгүй. Би өмнө зүгийн говийн нутгаар аялж, Сэлэнгэ аймаг, Оросын хил хүртэл явсан. Явсан газар бүр минь үзэсгэлэнтэй. Би монгол гэрт амьдарч, монгол хоол идэж, монгол ахуйг мэдрэх боломж олдсон нь гайхалтай. Малчин айл, монгол идээ ундаанд дуртай. Монголчууд хүчирхэг, бахархмаар ард түмэн. Монгол орон ард түмэн шигээ агуу гэж боддог. Олон монголчуудтай уулзсан учраас Монгол миний дуртай орны нэг болсон гэж боддог.
Аялалд гарахаас өмнө гэрийн эзэн хонь барьж, төхөөрөн зуухан дээр хоол болгож аяллын бараг бүх хүнсийг минь бэлдэж өгч билээ. Тэр үед би монголчууд их сайхан сэтгэлтэй улс юм гэдгийг мэдэж авсан.
Аялал надад бат бөх нөхөрлөлийг бий болгодог. Хэдийгээр хамт аялагч маань англиар, би монголоор ярьж чадахгүй ч сайхан нөхөрлөлийг бий болгож чаддаг юм. Цээгий бол миний анх уулзсан монголчуудын нэг. Бид сайхан найзууд болсон. Тэр надад Монгол орныг харуулахаар бид хамтдаа олон сонирхолтой адал явдлыг туулахад бидэнд орчуулагч ч хэрэггүй байсан. Бидний нэг адал явдал бол Монголын хойд нутагт хийсэн урт хугацааны явган аялал байлаа. Явахаас өмнө гэрийн эзэн хонь барьж, төхөөрөн зуухан дээр хоол болгож аяллын бараг бүх хүнсийг минь бэлдэж өгч билээ. Тэр үед би монголчууд их сайхан сэтгэлтэй улс юм гэдгийг мэдэж авсан. Хатуу ширүүн цаг агаар ч хүчтэй монголчуудыг бөхөөж чадахгүй мэт санагддаг. Монгол найзуудтайгаа хийсэн адал явдалт аялал мөнхөд үлдэх дурсамжийг бий болгосон.
- Ярилцлагын төгсгөлд, миний асуугаагүй бидэнд хэлэхийг хүссэн зүйл байна уу?
- Бид Монголын хамт олонтой маш урт хугацааны сайхан харилцаатайг онцолмоор байна. Яг л нэг хүн шиг ажилладаг ба ажил маань 100 хувь Монголын төлөө зориулагдсан. Боловсролоор дамжуулан хүргэж буй нүдний эмчилгээний тогтвортой хөтөлбөр маань яваандаа монгол хүн бүрд хүрэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад оршино.
Бидний үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв маш их дэмждэг ба хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд тэдний дэмжлэг маш чухал. Бид бүгд хамтран монголчуудын нүдний тусламж үйлчилгээг сайжруулахад хамтран ажиллаж байна.
- Баярлалаа, танд болон танай баг хамт олонд ажлын амжилт хүсье.