Украины үр тарианы хоригийг цуцлав

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-04-22 12:35:35

Европын холбоо Украины үр тарианы татваргүй импортын хугацааг сунгаснаар улс орнуудын эсэргүүцэлтэй тулгараад буй. Учир нь уг шийдвэрээс болж үр тарианы үнэ буурч, тариаланчид хүнд байдалд оржээ. Польш, Унгар, Словени, Румын, Болгар улсууд Европын холбооноос дорвитой арга хэмжээ автал Украины үр тариаг импортлохгүй гэдгээ өнгөрч буй долоо хоногт мэдэгдсэн. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс болж дотоодын үнэ буурсан тул үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд уг шийдвэрийг гаргасан гэж дээрх улсууд мэдэгджээ.

Румын, Польш улсууд Европын холбооны шийдвэр гарах хүртэл Украины хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн нутаг дэвсгэрээр нэвтрүүлэхийг зөвшөөрлөө.

Украин улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн аюулгүй байдалд чиглэсэн нэмэлт арга хэмжээ авна гэж амалсан. Тийм учраас бусад улс орныг ч бас хоригоо цуцлахыг Румыны эрх баригчид уриалав.

Румыны Хөдөө аж ахуйн сайд Петре Дайа "Бид бол Украины үр тарианы гол коридор. Тиймээс Украины ард түмнийг хүндэтгэж буйн үндсэн дээр үүнийгээ хадгалж үлдэхээр шийдээд байна. Бид Украины тариаланчидтай эв санааны нэгдэлтэй байгаа ч аливаа дүрэм журмыг хамтдаа гаргах ёстой" гэж хэлэв.

Хориг цуцалсан тул эрдэнэшиш, өндөг гэх мэт хүнсний бүтээгдэхүүн ачсан эхний машинууд Баасан гаригт Польшоор дамжин Нидерландыг зорьжээ.

Европын комисс ирэх долоо хоногт Украины хөрш зэргэлдээ орнуудтай энэ асуудлыг дахин хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ