"Хөгжлийн банканд ажилд орсондоо харамсаж байна, харьд аяга угаагаад явах минь яав даа"
Нийгэм"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн банканд ахлах хуульчаар ажиллаж байсан Б.Чинзориг мэдүүлэг өглөө.
Тэрбээр "Би хүний нутагт аяга, таваг угаахаас эхлээд олон л ажил хийж явлаа. Цалин ахиу, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах сан гэж бодоод 2012 онд буюу Хөгжлийн банк дөнгөж байгуулагдаж байх үед ажилд орсон. Тухайн үед ном, журмын дагуу Монгол, Солонгос хүмүүстэй англи, монголоор ажлын ярилцлагад ороод л тэнцсэн. Хуульч, ахлах хуульч, буцаад хуульч болсон, цалин нэмэгдсэн, хасагдсан. Ингээд 2022 онд ажлаасаа халагдсан.
Надад өнөөдөр мөнгө байхгүй. 2022 оныг хүртэл цалингаар амьдралаа залгуулаад явж ирлээ. Сүүлийн нэг жилийн дотор амьдралын нөхцөл маш дордсон. Энд, тэнд ажилд орох гэхээр Хөгжлийн банканд ажиллаж байсан гэхээр л больчихдог. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл "Хөгжлийн банканд яах гэж ажилд оров доо. Аяга, тавгаа угаагаад л харь оронд явж байхгүй яав даа" гэдэг. 2003 онд би хүний нутагт 1600 еврогийн цалин авдаг байлаа. Энэ ажлаа л хийгээд явж байх байж. Юун улс, орны хөгжил.
Би юу аваад өөртөө наачихсан юм бэ, би яаж ашиг сонирхлын зөрчил гаргасан юм бэ гэдэг асуудал сонин.
Нэгдүгээрт, "Бэрэн" групп компанийн эргэлтийн хөрөнгийн зээл, өмнө нь авсан зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулахад хуулийн шаардлага хангаагүй байхад хангасан гэж бичсэн гэж намайг буруутгаж байгаа юм.
Зээлийн бодлогын шаардлага хангаагүй байхад Хөгжлийн банкны тухай хуулийг хангасан гэж бичсэн гэнэ. Энэ юу гэсэн үг вэ. Би зээлийн бодлого хангаагүй байна гэдгийг бичсэн. Өөр бусад болохгүйг нь ч бичсэн байгаа. Хууль зүйн дүгнэлт 6 хуудастай. Төгсгөл хэсгийн хангасан байна гэж бичсэн хэсгийг нь тасалж аваад л буруутгаад байгаа юм. Болохгүй юмыг нь би маш их бичсэн байгаа.
Надад "Бэрэн" группт үйлчлэгчээс эхлээд дарга хүртэл нь таних хүн нэг ч байхгүй.
Энэ компани үйлдвэр ашиглалтад орчихлоо, одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэмээр байна гээд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүсэлт тавьсан. Үүнийг төсөл санхүүжүүлэх зээлтэй холбож буруутгажээ.
Хоёрдугаарт, энэ төсөл ТЭЗҮ-гүй байхад ТЭЗҮ-тэй гээд биччихсэн байна гээд байгаа. Төсөл ТЭЗҮ-тэй байсан. Прокурор, мөрдөгчдөд ингээд хэлэхээр "ТЭЗҮ чинь тодотголгүй байна" гэдэг. ТЭЗҮ-г тодотгох ямар шаардлага байгаа юм гэхээр "Уул уурхайн төсөл" гэдэг. Үгүй ээ, энэ бол үйлдвэрийн төсөл.
Хөгжлийн банкны тухай хуульд ТЭЗҮ-тэй байна гэснээс ТЭЗҮ тодотголтой байна гэсэн нэг ч үг, үндэслэл байхгүй. Ямар ТЭЗҮ-г тодотгодог юм бэ гэвэл уул, уурхайн салбарт. Энэ бол барилгын арматурын төсөл шүү дээ.
Гуравдугаарт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар. Үүнийг хийгээгүй байхад Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлага хангасан гээд бичжээ гээд буруутгаж байна. Ийм том төсөл ТЭЗҮ-гүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/-гүй байна гэж байхгүй. Мөн л үүнийг тодотгоогүй гэж буруутгасан.
Энэ бол том, эдийн засагт хэрэгтэй чухал төсөл мөн байсан. Надад "Бэрэн" группт үйлчлэгчээс эхлээд дарга хүртэл нь таних хүн нэг ч байхгүй. Удирдлагыг нь анх удаа л өнөөдөр энэ шүүхийн танхимд харлаа. Зээлээ төлөх ёстой, үүнийг зөвтгөхгүй. Хийсэн, бүтээсэн зүйл нь маш сайхан л байна. Энэ бидэнд л хэрэгтэй шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, би үе үеийн удирдлагуудтай хамтраад ажиллаж байлаа. Нэг нь ирээд "Чи ахлах бол" гэдэг, нөгөөх нь "Боль" гэдэг. Нэг нь цалин хасдаг, нөгөө нь нэмдэг. Энэ бүхэнд чимээгүйхэн эх орноо бодоод ажиллаж л байсан. Аль намаас үл шалтгаалан өмнөх ажлаа шоргоолж шиг л хийж байсан хүн. Том төслүүд улс, эх оронд хэрэгтэй, гэхдээ энгийн л ажлаа хийж явсан хүмүүс хэлмэгдчих вий дээ" гэлээ.
Шүүх хурал үргэлжилж байна.